ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал, Дүрмийн хорооны дарга Ш.Батсүрэн нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Тус хороо нь энэ сарын 22-нд хуралдаж, уг намаас жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон Р.Батболдод хариуцлага тооцож, ИЗНН-аас хасах шийдвэр гаргажээ. Генсек Ч.Мөнхжаргал энэ талаар “ИЗНН 2025 оны зургаадугаар сараас Засгийн газарт хамтран ажиллаж эхэлсэн. Энэ үеэс УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗННын нийслэлийн намын хорооны дарга асан М.Амартунгалаг, гишүүн Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар тэргүүтэй хэдэн хүн хамтран дүрмийн бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Албан тушаал нэхсэн, өгөхгүй болохоор намыг талцуулах, муухай харагдуулах ажил өрнүүлсэн. Мессеж, баримт нь бий. Энэ бүхнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, зохион байгуулалттай арга хэмжээ гэж үзэж байгаа” гэлээ.
Дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоохыг тэднээс удаа дараа шаардсан ч үл тоосон тул өнгөрсөн арваннэгдүгээр сард М.Амартунгалаг, Т.Бат-Эрдэнэ нарыг намаас хасаж, Р.Батболд гишүүнд сануулга өгсөн аж. Гэвч тэд өнгөрсөн гуравдугаар сард Онц их хурал хийж, Р.Батболдыг намын даргаар сонгосон. Эл хуралдаа оролцоогүй хүмүүсийн гарын үсгийг ашигласан, мөн ИЗНН-ын дүрэмд Онц их хурал гэдэг нэгж байхгүй тул дүрмийн бус, хүчингүй гэдгийг ч тогтоосон байна.
Р.Батболдыг ийнхүү тус намаас хөөсөн тул эгүүлэн татаж, жагсаалт дахь дараагийн хүнийг оруулах асуудлыг УИХын Тамгын газарт хүргүүлэх шаардлагыг тэд намын дарга Б.Батбаатарт тавьжээ. Р.Батболд нь 2023 оны арванхоёрдугаар сард ИЗНН-д элсэж, ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон нэгэн юм. Харин Р.Батболд гишүүн эл шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.