Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Хаана, хэзээ, хэрхэн сурч, эрдмийн зэрэг горилсон нь тодорхойгүй атлаа ийм тийм салбарын доктор гэсэн “намтрын чимэг” төдий хуурамч эрдэмтэн-гишүүн УИХ-д олон. Диплом хамгаалсан судалгааны бүтээлийг нь үзье гэвэл үнс болчхож ч мэдэх тэдгээр “эрдэмтэн” гишүүнийг бодоход Дуламын БумОчир бол хэл бичгийн ухааны болон антропологийн доктор хүн. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Мон - голын түүх, хэл, соёлын шилдэг эрдэмтдийн нэг Сэндэнжавын Дулам хэмээх сайн эцгийн шийрийг хатааж яваа хүү. Монгол хэл, соёлын чиглэлээр магистр, докторын зэргээ МУИС, ШУА-д хамгаалсан бол хоёр дахийг нь антропологийн чиглэлээр Кэмбрижийн их сургуульд, улмаар Лондоны их сургуульд докторын дараах судалгааны ажлаа хийж, Англид номоо хэвлүүлсэн, Оксфорд, Кэмбрижид гарын авлага болсон бүтээлтэй эрдэмтнийг 2024 онд Монгол Улс парламентдаа жагсаалтаар ч болтугай оруулж ирсэн нь сайн хэрэг.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 28, тэр дундаа МУИС-д 26 жил ажиллах хугацаандаа тус сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн эрхлэгчийн албыг цөөнгүй жил хашсан антропологич Д.Бум-Очирыг УИХ-ын гишүүн болоход “Парламентад салхи оруулж магадгүй” хэмээн найдлага горь, өндөр хүлээлт тавьсан нь бишгүй. Учир нь Кэмбрижийн их сургуульд түүний эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв болох нийгэм соёлын антропологи нь гэр бүл, ураг төрөл, улс төр, эдийн засаг, урлаг, шашин шүтлэг гэх мэт хүний амьдралын бүхий л талыг хоорондын уялдаа холбоонд нь судалдаг өргөн хүрээг хамрах ухаан гэдэг. Өөр өөр нийгэм, соёл, сэтгэлгээ, зан заншлыг ойлгож, хүндэтгэхээс эхлээд зүй тогтол, уламжлал-шинэчлэлийн уялдаа, заагийг харилцан хамааралтай нь авч үздэг тул судлаачаас өргөн далайцтай бөгөөд гүн гүнзгий мэдлэг шаардаж таарна. Хүний, өөрийн нийгэм, соёлын талаар олон жилийн турш хэдэн талаас нь судалсан антропологийн ганц докторынхоо тархийг сайтар ашиглах байтал манай УИХ даанч Нийгмийн бодлогын байнгын хороондоо ч оруулаагүй юм.
Ашиг сонирхлын бүлгүүдийн “гар, хөл” болсон, хууль, эрх зүйн тухай нарийн ширийн ойлголтгүй “шинэков”-уудыг Хууль зүйн байнгын хороонд оруулчихдаг, дэлхий дахины түүх, соёл, нийгэм, төрийн байгууламжийн онол, засаглалын хэлбэр, зүй тогтлын талаар “а”-гүй нэгнийг Төрийн байгуулалтын, эсвэл, Нийгмийн бодлогын байнгын хороонд шургуулчихдаг, эдийн засгийн үндсэн ойлголтуудаа ч гадарлахгүй нөхдүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилдаг явдал манайд түгээмэл. Д.Бум-Очирын хувьд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хааяа нэг “Эрчим хүчний салбараа аврахын тулд Засгийн газар нь УИХ-тайгаа нийлж байгаад ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ачаа үүрүүллээ” гэсэн дунджийг баримталсан, бөөрөнхий юм ярьж байгаа харагддаг.
Хачирхалтай нь, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээрээ ч тэрбээр чуулганы танхимд тоймтой шийдэлтэй санал, шүүмж хэлж, бодлогын асуудал хөндөж, тодорхой хуулийн төсөл санаачилсан юм одоогоор алга. “Дотооддоо дэлхийн хэмжээний дээд боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байна” хэмээн мэдээжийн зүйлд попрох, эсвэл, “Судалгааны их сургуулийн тухай хууль 2026 онд орж ирэх үү” гэх мэтээр нэлээд аядуу зөөлөн асуулт тавих маягаар парламентын дөрвөн жилээс нэгийг нь өнгөрүүлэв. 2025 оны төсөв хэлэлцэх үеэр Д.Бум-Очир гишүүн “Кино урлагийг дэмжих сангийн 2024 онд зарцуулаагүй үлдсэн төсвийг 2025 онд зарцуулъя” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад спикерээс хатуухан анхааруулга авч, өнөөхөө буцаан татсан түүхтэй.
Түүнийг 2022-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Чингис хааны эш хөргийг залах, Хархорум хотыг сэргээн байгуулах, Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай зэрэг зарлиг гаргуулсан, 25 эрдэмтэн судлаачийг удирдан ажиллаж “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг монгол, англи хэлээр уншигчдын хүртээл болгосон гэх зэрэг соён гэгээрлийн ажлуудыг нь үгүйсгэх аргагүй. Гагцхүү одоо төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буйнх, эрдэмтэй хүний мэдлэг, зангараг, зориг, харизм, үйлдэл, үлгэр дуурайлыг харуулмаар сан. Үгүй бол “Мундашгүй эрдэм сурахад нас даанч богино, мунхгуудын дунд амьдрахад нас даанч урт” хэмээн Бямбын Ринчен гуайн хэлсэн шиг Ардын намын “кнопны гол” болж өнгөрүүлэхэд нас болоод эрдэм тань даанч хайран байна даа, Бумаа минь.
Л.Ганчимэг