“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд холбогдох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан П.Товуудоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө. Түүнд өнгөрсөн нэгдүгээр сард авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж буйтай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас хоёрдугаар сарын 27-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд сунгах санал хүргүүлсэн аж. Үүнийг нь шүүх хэлэлцээд НПГ-ын хяналтын прокурорыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” гэж дүгнэн шүүгч Ч.Алдар саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна. Ингэснээр түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллалаа.
Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөх нь асан, өдгөө Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны зохицуулагч гэх албан тушаал хашдаг П.Товуудоржийн хамаарал бүхий компани 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төслийн мөнгөнөөс завшсан хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хооронд “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг БНСУ-ын “Эксим банк”ны 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн 148.7 сая ам.долларын хөрөнгөөр барих гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар ЭХЯ-наас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр П.Товуудоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгарч, есөн сая гаруй ам.долларын гэрээ хийсэн. Гэвч ажлын гүйцэтгэл хангалтгүй, хугацаа дууссан байхад ЭХЯ-ныхан холбогдох хууль тогтоомж зөрчин, албан тушаалаа урвуулж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгаад тогтохгүй, төсвийг нь үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмж олгосон байдаг.