Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос хэвлэлийн бага хурал хийв. Тус холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж буй ард түмэн. Энэ заагт нүүдэлчин ахуйгаа алдчихгүй байх хэрэгтэй. Төр засгаас гаргаж буй тушаал, шийдвэр зөвхөн өнөөдрийг л харж байна, түүнээс тав, арван жилийн цаадахыг, Монголын өв соёлын залгамж халаа, хэрхэн үргэлжлүүлэх талаар ярьдаггүй. Бид өнөөдөр алтаа ухаад, нүүрсээ зөөгөөд амьдраад болоод байна. Нөөц шавхагдахаар үндэсний өв соёлоороо л хоолоо олж иднэ шүү дээ. Гадаадын жуул чид үнэндээ Монголын байгаль, соёлыг үзэхээс илүү үндэсний зан заншил, ахуй, аж байдлыг сонирхдог. Таван ханатай гэртээ амьдраад, таван хошуу малаа маллаж буй ахуйг үзэх гэж ирдэг. Гэтэл бид энэ өв соёлоосоо улам л алсарч байна. Монголын морин спорт уяачдын холбоо 1995 онд улсын хэмжээнд 70 гаруй мянган уяач, 30 гаруй мянган хүүхэд морь унаж байна гэсэн судалгаа гаргасан. Үүнээс хойш нэгдсэн тоо гараагүй бөгөөд би 2008 онд судалж үзэхэд 30 гаруй мянган уяач, 10 гаруй мянган уралдаанч хүүхэд байсан. Уяачид, уралдаанч хүүхэд улам л цөөрсөөр. Хаврын морин уралдаанд яагаад хүүхэд оролцуулах гээд байгаа юм гэхээр монгол хүн 3-5 насандаа морь унаж сурдаг. Ийм насандаа сурсан хүүхэд мориноос айж, эмээдэггүй. Харин долоо, түүнээс дээш насанд морь унаж сурсан хүүхэд айх айдастай, нэг эрэг гараад ирэхээр сандардаг. Хүүхэд багаасаа мал ахуйгаасаа хөндийрөхөөр морио унахаа байж, бүгд л мотоцикл гэх болсон. Засгийн газраас өвөл, хаврын морины уралдаанд 18 нас хүрээгүй хүн унуулахгүй гэлээ. Монголчууд өвөл хэзээ ч морь уралдуулдаггүй. Өвөл морины ажлаа хийж, хаврын уралдаандаа бэлддэг. Тавдугаар сараас морь уралдуулахаар үе мөч нь суларчихдаг. Морин спортын холбоод болон мэддэг хүнээс нь асуухгүйгээр эрх баригчид шийдвэр гаргадаг нь үндэсний өв соёлд гай болж байна. Эрлийз, монгол гэж хэрэлдсээр байтал хөдөөг эзэнтэй байлгадаг залуус “дүрвэчихлээ”. Аливаа юмыг хааж боож, нуугдмал байдалд оруулахаар эрсдэл гардаг. Харин нээлттэйгээр хууль дүрэм, журамд хатуу зааж өгөх хэрэгтэй. Иймд морь уралдааны иж бүрэн хууль батлуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байна” гэв. Харин хэд хоногийн өмнө ХЭҮК-оос хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулсны улмаас гэмтэж бэртэж, цаашлаад амиа алдсан тохиолдол гарсаар байгаа талаар мэдээлсэн билээ. 2025 оны Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын уралдаанд 18 насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглосон юм. Тус комиссын мэдээлснээр сүүлийн 10 жилд 44 хүүхэд хурдан мориноос унаж нас барж, 52 хүүхэд гэмтэж, бэртжээ. Үүнээс хориглосон хугацаанд хурдан морь унаж, 22 хүүхэд амиа алдсан байна.