Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Мөнхбаатар, татварын байцаагч Г.Мөнхбаяр, Б.Батнуур нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож байж. Ижил загварын, нэг онд Японд үйлдвэрлэж, Монголд импортолсон огноо нь ч ижил тээврийн хэрэгслүүдийн татвар цахим системд өөр өөр байх тохиолдол бий. Үүнээс үүдэн хууль хяналтын байгууллага шалгалт хийгээд дээрх хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж байсан үйлдлийг тогтоосон аж. Тэд цөөнгүй тээврийн хэрэгслийн татварын хэмжээг бууруулан улсын орлогод орох ёстой мөнгийг төвлөрүүлээгүй аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний явуулсан шалгалтын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Мөнх баатар, татварын байцаагч Г.Мөнхбаяр, Б.Батнуур нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-ын хяналтын прокурорт гаргасан юм байна. Прокурорын байгууллагаас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлд жээ. Уг хэргийг Дүүргийн эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэхээр болоод буй юм.