УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг олны хүртээл болгож буй билээ. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд мартагдаж буй хүн чанар, гэр бүлийн нандин харилцааг сануулах эл жүжгийн Базарын дүрийг УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн бүтээсэн юм. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх талаар ярилцсанаа хүргэе.
-Та СУИС-д Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатарын шавь болж, жүжиглэх ур чадварт суралцсан. Түүний шавь нарыг, тэр дундаа таныг багшийгаа дагаад их чөлөөтэй жүжиглэдэг гэх хүн цөөнгүй юм билээ.
-Багш минь өдийд амьд сэрүүн байсан бол 60 нас хүрэх байлаа. Энэ хүн бол миний амьдралд тохиосон маш ховор хувь заяа гэж боддог юм. Тэрбээр хүнд хожим ойлгогдох хайрыг бүтээж чаддаг, ухаарал хайрлах урт замыг нь олж хардаг жинхэнэ багш байсан. Миний багш хэзээ ч хүнийг араар нь гоочилж, далдын далд, чанадын чанадад нь элдэв муу замын түүдгэр сэдэхээр хүн байсангүй. Тиймдээ ч бусдыг ямагт сайн сайхнаар дурсаж явахыг шавь нартаа үлгэрлэж, бидэнд амьдралын зөв замыг тунгаах зориг, тэвчээр хайрласан. Сайхан сэтгэлтэй хүнд гэнэн чанар гэж бий. Минийхээр бол гэнэн байх нь хүн чанарын хамгийн нандин хэлбэр. Гэнэн хүнээс саваагүй, томоогүй, заримдаа ойлгомжгүй мэт боловч маш үнэн хариу үйлдлүүд гардаг. Багш минь тийм л гэгээн, цайлган хүн байсан учраас шавь нартаа урлагийн ертөнцийн хар бараан өрсөлдөөнөөс илүүтэй амьдралыг гэрэл гэгээтэйгээр харах, сайн сайхныг сэдэж явахын ухааныг зааж өгсөн. Тэр утгаараа Л.Дэмидбаатар багшийн шавь нар бүгд л их сайхан сэтгэлтэй, өргөн дэлгэр хөдөлгөөнтэй, олны дунд цовоо цойлгон, гэнэн цагаан, хар буруу зүйл төдийлөн бодож санадаггүй хүмүүс болж төлөвшицгөөсөн.
-Таныг урлагийн ертөнцөд анхлан таниулсан “To be or not to be” наадмын тухай ярилгүй өнгөрч болохгүй байх. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэр үеийн Сэргэлэн, өнөөдрийн Сэргэлэнгийн хооронд мэргэжлийн болон хувь хүний төлөвшилд хэр их өөрчлөлт гарав?
-“To be or not to be” наадмыг UBS телевизээс театрын урлагийн мэргэжлийн оюутнуудын дунд 2012 онд зохион байгуулсан юм. Шүүгчээр нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Д.Сосорбарам, найруулагч Ч.Найдандорж, Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан нарын эрхэм уран бүтээлч ажилласан. Тухайн үед намайг хоёрдугаар курсийн оюутан байхад Л.Дэмидбаатар багш минь эл наадамд оролцох санал тавьсан. Би эцсийн шатандаа Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт тоглон, дэд байрт шалгарсан. Ингээд шагнал гардуулах өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу захирлын гарын үсэгтэй, УДЭТ-т ажиллах эрх бүхий батламж гардан авч байлаа. Ингэж л би “Улаан байшин”-гийн босгыг 2014 онд албан ёсоор давж, өнөөдрийг хүртэл 11-12 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд би зөвхөн өсөж дэвжихээс илүүтэй, багш нарынхаа зааж сургасан, чиглүүлсэн болгоныг хийж гүйцэтгэдэг болохыг зорьсон. Хүнийг хүн л дүгнэдэг. Манай мэргэжил бол бусдын хэлсэн үг, хийсэн дүгнэлтээр оршин тогтнодгоороо онцлогтой. Хүмүүсийн ам дамжсан яриа, үзэгчдийн сэтгэгдлээр л бидний үнэлэмж тодорхойлогддог учраас бусдын шүүмж, бартаа саадад хэт тээглэлгүйхэн шиг явсаар 12 жилийн нүүр үзжээ. Өнгөрснөө эргээд харахад, гавьсан гэхээс илүүтэй хэн нэгэнд гай болохгүй явсан л гэж боддог доо.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн Арваадайгаас эхлээд тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөллөө. Энэ хугацаанд магадгүй таныг хамгийн их туйлдуулсан тэр хүнд тайз, эсвэл дүр аль нь байсан бол?
-Хүн анхлан юм хийхдээ юу ч мэдэхгүй тул ихэд зоригтой байдаг юм билээ. Гэвч явах тусам тэрхүү “зам” нь нарийсдаг жамтай. Чамайг олж харах нүд, бодож тунгаах үзэл өөрчлөгдөхийн хэрээр дүрүүд хүндэрч, хийсэн болгоныг чинь шүүх хүмүүсийн үг илүү хурц, үзүүр нь нарийн, сүвэгч нь бага болдог юм байна. Тиймээс сүүлийн үед хийж буй болон төлөвлөсөн ажил бүр минь аз жаргалаас илүү төвөг чирэгдэл, зовлон шаналал, эргэлзээ, шүүмжлэл, уйтгар гуниг, гутрал, доромжлол, цөхрөлийг мэдрүүлэх болжээ. Ерөөс энэ бол явах тусам хэцүү мэргэжил гэдгийг би одоо л ойлгож байна.
-Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн дотоод зөрчил ихтэй, ширүүн төрхтэй байдаг. “Үгүйлэгдсэн хайр”-ын Базар ч гэсэн үзэгчдэд олон асуулт үлдээсэн дүр шүү дээ.
-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Базарын дүр бол гаднаа боловсролтой хүний арьс нөмөрсөн ч мөн чанартаа зусардагч, зулгуйдагч нэгэн. Ялихгүй зусар явдлын садаа гэдэгтэй адил Базар бол амьдрахын тулд эрдэм номтой харагдах гэж хичээдэг хүмүүсийн л нэг. Уг нь номт хүний явдал зөөлөн гэдэг дээ. Гэтэл тэр өнгөн дээрээ зөвхөн өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг дээрээ гаргах дургүй. Тэгсэн атлаа эргэн тойрныхоо өөрийг нь гэсэн хүмүүсийг үл тоон үзэн ядаж, тэднээр бах таваа хангадаг. Барин тавин байр суурин дээрээ булзаж нялздаг, байж болох хамгийн үнэн үгийг хэлдэг ээжийгээ хүртэл хүн чинээ боддоггүй, амраг ханьдаа халгаатай, амнаас нь гарсан үг бүр нь хатсан үдээр мэт тийм л дүр. Ийм зан төлөв, аж төрөх хэв маягтай хүмүүс бидний дунд амьдарсаар л байдаг. Тэдний зан байдлаас би өөрийн бүтээж буй дүрдээ чадах чинээгээрээ тусгахыг хичээсэн. Үндсэндээ хүн бүр амьдралын төлөө тэмцэх эрхтэй. Гагцхүү бусдыг сүйтгэж үгүйсгэх, эсвэл өөр нэгнийг хэн ч биш болгох замаар өөрийгөө өндөрт тавих нь амьдралын зорилго биш шүү дээ.
-Бодит амьдрал дээрх Сэргэлэн болон Базарын хооронд төстэй тал бий юү?
-Сайн, муу гэж шууд туйлшрахаас илүү аливаа зүйл ямагт хоёр талтай байдаг гэж боддог. Чамайг зүгээр байхад хэн нэгэн хатгаад байвал чи дуугүй сууж чадах уу гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Үүнтэй адил юм бүхэн өөрийн гэсэн хариу үйлдэл, эсрэгцэлтэй. Гэхдээ намайг Базартай ижилхэн үү гэвэл би хувьдаа тийм хүн биш гэж хэлнэ.
-Муу хүнийг ч гэсэн хайрлах шалтгаан бий гэдэг биз дээ.
-Муу хүнийг хайрлах шалтгааныг зөвхөн ухаантай нэгэн л олж нээж чадах байх. Түүнээс биш муу хүн муугаараа л үлддэг. Хүний муу тийм амар арилахгүй. Учир нь тэр хүний бодож сэтгэх, биеэ өмөөрч аливааг өөрөөсөө түлхэж буй байдал нь ерөөс түүний мөн чанар. Бас муу муухайгийнх нь илэрхийлэл. Миний хувьд өөрийнхөө мөн чанарыг би дүгнэж, хэн бэ гэдгээ бүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь мань мэт шиг кириллээр ном уншдаг, өдөр хоногоо аргацаасан цалингийн ажил хийж яваа хүмүүс бол энэ нийгмийн өчүүхэн төдий хэсэг шүү дээ. Яах вэ, хийж буй ажлаа урлаг соёл, өөрийгөө жүжигчин хэмээн итгэж л явна. Тэгэхээр магадгүй би ч бас л тэр муу муухайгийн нэгэн хэсэг, илэрхийлэл байх боломжтой л юм.
ХАМГИЙН ХҮНД ЗОВЛОН БОЛ ҮГҮЙЛЭН САНАХ, ХАГАЦАН ОДОХЫН ШАНАЛАЛ ЮМ БИЛЭЭ
-“Үгүйлэгдсэн хайр” жүжиг үзэгчдэд, ялангуяа залууст ямар мессеж өгч байгаа вэ?
-Уран бүтээлийг “босгох” явцад бид хүргэх санаагаа хэдэнтээ хэлэлцдэг. Буруу, зөвөө шүүж тунгаасны эцэст нэг л гол зангилаан дээр тогтсон нь үгүйлэгдсэн хайр юм. Аливаа зүйлс үгүйлэгдэхийн эрхэнд хайр болдог байх нь. Үүнийг л манай жүжиг үзүүлж байгаа. Уг жүжигт эцэг охины, амраг хосын, эх үрийн нандин холбоо болоод хань ижлээ үгүйлэн санахын зовлонг олон талаас нь харуулдаг. Энэ бүхнээс хүн зовлон, хагацал хоёроос бусдыг нь даваад гарч чаддаг юм байна гэдгийг олж харна. Хамгийн хүнд зовлон бол үгүйлэн санах, хагацан одохын шаналал юм билээ. Үүнийг үзэж тунгааснаар үзэгчид “Би хайрыг хэр өргөн цар хүрээтэй олж харж байна вэ”, “Би хэнийгээ үгүйлж байна вэ” гэх мэтээр дотоод ертөнцөө нээх болов уу. Хайрыг яаж ч үгүйсгэж, эвдэж болно. Гэхдээ хайр бол чиний зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг. Тиймээс хайрын тухай бодож, уужим амьсгаа авч, сэтгэлээ тэнүүн байлгаж тайтгаръя гэвэл манай жүжгийг үзэх хэрэгтэй. Ер нь театрт ирж таны өмнө амьд хүн уйлж, дуулж, бүжиглэж байгааг бодитоор нь үзнэ гэдэг нэг төрлийн тансаглал. Бүхэл бүтэн хүнээр тансаглаж буй хэлбэр шүү дээ. Магад энэ миний л бодол байх, надаас илүү ухаанаар шүүх нэгэнд би тэнэг санагдаж болох юм. Гэхдээ энэхүү тансаглал дотор нэг нандин зүйл бий. Тэр нь сав шимийн ертөнцөд өөрийгөө яаж ухаарч буйгаа олж харах тэр агшин.
-Базарын монологоос таны сэтгэлээс гардаггүй, хадаатай хэсэг гэж бий юү?
-Монолог бүр өөрийн гэсэн өнгө аяс, өрнөлтэй. Энэ удаад Базарын хэлдэг ганцхан өгүүлбэрийг онцолъё. Тэр бол “Чамайг төрөх гээд төрөхийн орон дээр хэвтэж байхад ээж чинь өвдөлтийг чинь хуваалцаж өвддөг юм” гэх хэсэг. Энэ бол эх, үр хоёрын нандин холбоог эр хүн ухаарч чадсан тэнхээгээрээ хариулж буй хэлбэр. Бас Базар охиндоо “Чи сая ээжийгээ төрөхдөө үхсэн ч дуудахгүй гэж хэллээ” гэх хэсгээс охины сэтгэл зүй, дотоод зөрчлийг харж болно. Театр бол үгийн, үйлдлийн урлаг учраас зарим зүйлийг ухаж ойлгох ухаан хэрэгтэй. Харин ухаж байна гээд мэргэн нь ихэдвэл тэнэг болно. Юм бүхэнд хэт мэргэших шиг утгагүй зүйл үгүй. Хэн хэн нь аль аль талдаа ойлголцох нь чухал. Базар тэрхүү хурц үгийг хэлж байж л охин нь “Би ээждээ юу хэлчих вэ” гээд гэмшиж байгаа биз. Мөн энэ бол залуучууд, идэр насныхны заавал үзэх ёстой жүжиг. Хүн өсөж торниод, эцэг, эхийнхээ өврөөс дөнгөж салаад нийгэмдээ хэрэгтэй иргэн болж төлөвших, эргээд гэр бүлдээ тус нэмэр болох нь бидний үүрэг. Айл бүр өөрийн гэсэн зовлонтой гэдэг шиг янз бүрийн орчинд өсөж торнисон хүмүүсийн нийтлэг эрх ашиг, ижил тогтолцоо нь ердөө л бие биеэ хайрлан хүндэтгэж, нэгнийхээ төлөө амьдрах юм. Залуус төлөвших явцдаа гэр бүлийнхээ хүмүүжлээс шалтгаалж хайрлах, хайрлагдах ёс зүйг өөрийнхөөрөө ойлгож ухаардаг. Тиймээс өөрийгөө хэдийн болчихлоо гэж боддог, омголон явах үедээ энэ жүжгийг үзээсэй. Тэрхүү тэнгэрлэг, омголон үед нь жаахан ч гэсэн ухаарал өгөх болов уу.
КИНО БОЛ ЖҮЖИГЧИН ХҮНИЙ ДИВААЖИН
-Та сүүлийн үед дэлгэцийн бүтээлд, тэр дундаа гэмт хэргийн сэдэвтэй кинонд хүч үзэх боллоо. Кино болон театрын ялгааг та хэрхэн мэдэрч байна вэ?
-Дэлгэцийн бүтээлд оролцох санал их ирдэг ч цаг заваасаа шалтгаалаад тэр бүр амждаггүй. Ер нь кино бол жүжигчин хүний жаргал, диваажин юм. Тэнд л уран бүтээлч эрх чөлөөгөө мэдэрч, олон хүнд зэрэг танигдахаас гадна олон үйл явдлын гэрч болох боломжтой. Би дөнгөж сая “Хүлэгү пикчерс”-ийн шүүх шинжилгээний газрын тухай олон ангит кинонд ажиллалаа. Энэхүү кино нийгмийн далд орших аймшигт аллага, хүчирхийлэл, санхүүгийн луйвар, хар тамхины асуудал зэрэг олон зангилааг тайлсан чанартай бүтээл болсон. Шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийг ямар ч нөхцөлд илрүүлдэг юм байна. Гэмт хэрэгтэнд зугтах газар үгүйг, мөн хүний амьдралдаа үйлдсэн санаандгүй алдаа ямар харамсалтай үр дагаварт хүргэдгийг тэндээс харж болно. Бид мэргэжлийн үүднээс тэрхүү гэмт хэрэгтний сэтгэл зүйг судалж, хаанаас гогцоо сэжүүр олж, ямар зорилго өвөрлөснийг нь олж харахад үнэхээр эмгэнэлтэй байлаа. Гэмт хэрэгтний сэтгэл зүй судлаачидтай хамтран ажилласны эцэст энэ бүхний ард асар их хууралт, өс хонзон, гомдол гуниг нуугдаж байдгийг ойлгосон. Нэгэнт л сэтгэцийн өөрчлөлттэй цуврал алуурчин гэдгийг нь тогтоож чадаж буй бол тэрхүү гажуудал хаанаас эхтэйг олж, гарын авлага болгон ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол таны алган дээрээ бөөцийлж өсгөсөн цэцэг шиг үрийг хэн нэгэн гарч ирээд үгүй хийчихнэ гэдэг дэндүү харамсалтай.
-Найруулагчийн оноосон дүрээс татгалзах тохиолдол гардаг уу. Ер нь та дүр сонгохдоо өөртөө ямар шүүлтүүр тавьдаг бол?
-Миний хувьд ямарваа нэгэн дүрээс татгалзах шаардлагагүй гэж боддог. Цаг зав л байвал аливаа бүтээлд ажиллах бүрдээ суралцаж байдаг. Чадна, чадахгүй гэж хойш суухын оронд хийж байж л тэндээс шинэ зүйл олж авна шүү дээ. Мэдээж учиргүй эротик кинонд тоглоод байх нь хаашаа юм. Гэхдээ хийх ёстой зүйлээ торолгүй гүйцэтгэх нь миний амьдралын нэг хэсэг. Мөнгөгүй ч гэлээ хоёргүй сэтгэлтэй, шинэлэг санаа өвөрлөсөн залуус ирээд тусламж хүсвэл би татгалзаж чадахгүй. Бид заавал тэрбумын төсөвтэй, масст зориулсан кинонд тоглох гэж уран бүтээлч болоогүй. Ялангуяа театрын түвшинд дүрээ голж шилэх боломжгүй. Учир нь чиний ороод гарах дүр болгонд зориулж чамайг энэ газар хэдэн арван жил бэлтгэж, гэр бүлийнхээ гишүүн мэт өдөр бүр хүмүүжүүлж байгаа. Тиймээс чи үүний төлөө зүтгэх ёстой. УДЭТ бол хэн нэгэн дураараа дургиж, чөлөөтэй оршдог газар биш. Энд дүрэм бий. Тайз чамайг хэн бэ гэдгийг үсний чинь ширхгээр задлаад харуулчихдаг. Тиймээс ийм газар багтаж шингэж яваадаа баярлаж, олон сайхан уран бүтээлд уригдаж байгаадаа талархдаг.
-Тухайн дүрийнхээ зан араншинг амьдрал дээр тээж үлдэх тохиолдол гардаг уу?
-Нэг уран бүтээлд удаан ажиллахаар тухайн дүрээс авсан мэдрэмжүүд салахгүй дагаад байх талтай. Аль болох тэр бүхнээс ангижрахыг хичээдэг ч хэт их ачаалал авсан үед наалдчихсан мэт мэдрэмж төрөх нь бий. Бүр харамсал, гуниг, хүнд дарамт мэдэрдэг. Хүний санаандгүй хийсэн ганц үйлдэл хэн нэгний амьдралыг орвонгоор нь эргүүлж болдог учраас зүгээр л зөв бай бурхан минь гэж хэлмээр байна.
У.Цэцэг