Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Уг шинэчилсэн найруулгад малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар тав хүртэлх га газрыг давуу эрхээр, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлхийг нь үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжихээр тусгана хэмээн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Малчид тэжээлийн урга мал тариалснаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг буу руулж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлж, өвс тэжээ лийн хомсдолоос сэргийлэх, улмаар мал аж ахуйн үйлдвэрлэлд бодит дэмжлэг болно хэмээн тооцжээ. Тэгвэл дээрх шийдвэр хэр оновчтой байх, малчдыг “тариачид болгон бойжуулж”, “бэлчээрийг хуваах” нь ямар үр дагаварт хүргэх талаар иргэд, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
Монголд малчин гэж албан ёсоор бүртгэгдсэн 241 900 орчим өрх байгаа аж. Хэрвээ айл бүр таван га-д тэжээл таривал 1.2 сая орчим га талбай шаардлагатай гэсэн үг. Гэтэл манай орны газар тариалангийн салбар 1958 оноос хойш өдий хүртэл 1.2 сая га талбайг эргэлтэд оруулж, өдгөө 560-640 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж буйг Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны (МТГҮХ) мэдээлэлд дурджээ. Ийнхүү дунджаар 500 000 га-д газар тариалан эрхлэхэд 30-40 мянган механикжуулагч, техникч, агрономич, мэргэжлийн боловсон хүчин ажилладаг аж. Ойролцоогоор эл салбарт 7-8 их наяд төгрөгөөр үнэлэхүйц трактор, комбайн, хөрс боловсруулах, тариалах техник болон агуулах, үтрэмийг ашигладаг юм байна. Мөн үр, шатахуун, ажилчдын цалин болон бусад зардалд жил бүр их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тэгэхээр малчдын тэжээл тарих газар нь улсын хэмжээний эргэлтийн талбайгаас хоёр дахин их байх учраас дээр дурдсан хэмжээг хоёр дахин өсгөсөн хөрөнгө, техник, хангамж суурь шаардлагатай болно. Ийм хөрөнгө малчдад бий юү. Ийм хөрөнгө техникийг бүрдүүлэх боломж, цаг хугацаа бүрдэх үү гэдэг нь анхаарууштай.
Ш.ШИНЭБАЯР (МТГҮХ-ны дэд ерөнхийлөгч): -Манай улсын 242 000 орчим малчин өрхийн 50 000 орчим нь 0-51, 83 300 нь 51-200 малтай бөгөөд эдгээр нь нийт малчин айлын 50 хувийг эзэлж байна. Хоёр малчин өрх бүрийн нэг нь 200 хүртэлх л тооны малтай, хөрөнгө багатай гэхэд болно. Гэтэл тэр айлууд тэжээлийн зориулалттай таван га газрыг эзэмшин, ашиглах хөрөнгө мөнгөний бололцоотой юу. Мөн уламжлалт мал аж ахуйгаар мэргэшсэн хүмүүс хавар, намрын ид ажлынхаа үеэр агрономын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тариалан эрхэлж чадах уу. Чадлаа гэхэд жил бүр 1.2 сая га талбайд агротехникийн хамгийн муу түвшинд тариалалт хийж таарна. Ингэснээр нэгжийн ургац, чанар муудаж, уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлөх бус, цөлжилт улам нэмэгдэж, хөрсний үржил шим буурч, элэгдэл эвдрэлд орно. Нөгөөтээгүүр олон малтай, санхүүгийн чадвартай өрхүүд газар тариалан эрхлэх боломжтой хэмээн тооцож болно. Гэхдээ бүх техникийг өөрсдөө нийлүүлж бэлтгэх, бааз сууриа бүрдүүлэх хэцүү. Техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээ түрээслэх ч боломжгүй. Учир нь хаврын нэг өдөр намрын 10 хоногтой тэнцэнэ гэдэгчлэн тариаланчид цаг хугацаатай уралдан, өөрсдийн ажлаа эхлээд хийнэ. Ерөөсөө газар олгоод л тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлчихнэ гэвэл ташаарсан хэрэг. Харин газар тариалан эрхлэгчид, малчид хоорондын уялдааг сайжруулж, тариаланчдын бүтээгдэхүүнийг малчид худалдан авдаг, тээвэр логистик үүсгэдэг, улмаар хоорондоо хоршин ажилладаг байвал зохино.
П.АЛТАНГЭРЭЛ (УИХ-ын гишүүн асан, малчин): -Монголчууд хэзээ ч, ямар ч нөхцөлд бэл чээрээ хагалахгүй. Учир нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуй бол монгол хүн амьдарч, улс нь бусдаас ондоошин оршин тогтнох үндэс гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас таван га газар авсан малчин газраа хашна, чанартай бат бөх хашаатай болохын тулд багадаа 15 сая төгрөг хэрэгтэй. Техник түрээслээд газраа хагалуулж, боловсруулж, бордуулахад ч мөнгө төлнө. Бүх төлбөрөө төлөөд асуудлаа шийдье гэтэл талбайгаа услах шаардлагатай болно. Бороо хур элбэг байгаасай гэж л найдна уу гэхээс ус бол хамгийн том асуудал. Аз болж бороо хуртай байлаа гэхэд талбайгаа арчлах, тасралтгүй ажиллах шаардлага гарна. Гэтэл малчин хүний ажил барагддаггүй. Хавар ямаа самнах, мал төллүүлэх, ноосоо хяргах, тарилга туулга, угаалга гээд өрнөнө. Намар нь малаа хужирлах, саалиа авах, цагаан идээгээ бэлтгэх гээд явчихна. Өөрөөр хэлбэл, малчид аж ахуйнхаа хажуугаар тариалан эрхлэх боломжгүй. Тиймээс тариалангийн зориулалтаар малч дад газар эзэмшүүлнэ гэдэг нь судалгаа, үндэслэлгүй, үр дүнгүй ажил болно.
Ц.МӨНГӨНСҮХ (Чингэлтэй дүүргийн өндөр настан, Гавьяат эдийн засагч): -Орчин үеийн малчдын олонх нь ажлаа дийлэхгүй байна уу, залхуурдаг ч юм уу хөдөлмөрлөхөө больсон шүү дээ. Ямаа, хонь зэрэг богоо саах битгий хэл, үхрийнхээ саалийг ч бүрэн авдаггүй, цагаан идээ хийдэггүй. Байгалийн өвс, хадлан бэлтгэх талаар ч ойлголт тааруу. Ерөөсөө л ноолуур, мах гэсэн хоёр бэлэн түүхий эдийнхээ орлогоор амьдарч, янз бүрийн урамшуулал, нийгмийн даатгалын хөнгөлөлт хүртэж, хүү багатай зээл авдаг л хү мүүс. Бас бүтээгдэхүүнээ борлуулахдаа татвар төлдөггүй. Тийм хүмүүст таван га газар эзэмшүүлээд ямар нэмэртэй вэ. Энд тэндгүй хашаалсан газар л үүснэ, улмаар урд хөршийнхөнд, тариалан эрхлэх туршлагатай хү мүүст тэрийгээ хөлслүүлж орхино. Яваандаа хятад эзэдтэй, хэрмэн хашаанууд л хөдөө үлдэх вий. Ашигт малтмалын лицензийг хятдууд голдуу эзэмшиж, ашиглаж ирлээ. Түүн шиг бэлчээрийн талбайг малчдаар дамжуулж гадныхан авах нэг хэлбэр үүсэх вий.
Харин Төв аймгийн Батсүмбэр сумын мал чин Д.Баттунгалаг “Манайх адуу ихтэй, адуу чин айл. Адуугаа маллах зүчээ сумын төв болон хөдөө байдаг, эцэг өвгөдөөсөө нутаглаж ирсэн бэлчээр газартай. Хурдны морьдыг тэжээхэд тэжээл болон янз бүрийн өвс, ургамал шаардлагатай байдаг. Хэрэв улсаас таван га газар эзэмшүүлэхээр өгвөл татгалзахгүй. Бид тэжээлийн ургамал тариалаад, газраа арчлаад явчихаж чадна. Адууны бэлчээрийн асуудлаас болж хөршүүдтэйгээ ч муудалцахгүй, өөрсдийн газартаа адгуулаад байна гэсэн үг. Тариа руу адуу чинь орчихлоо, манай бэлчээрийг талхалчихлаа гээд асуудал их гардаг юм л даа” гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн болон Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бэлчээр эзэмшүүлэх нь бодлогын хувьд зөв, буруу, эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин тус яамны төлөөлөл “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлын хүрээнд бэлчээрээс эзэмшүүлэх тухай яригдсан. Одоогоор шийдээгүй учраас үр дүн, хор хохирлын талаар хэлэхэд эрт байна. Гэхдээ бэлчээрийн даацыг сайжруулж, тэжээлийн ургамлын тариалалтыг өсгөснөөр малын ашиг шим дээшилж, байгалийн эрхшээл, ган, зудаас сэргийлэх боломж бүрдэнэ. Ашиг шим өндөртэй, эрчимжсэн сүрэгтэй болоход юуны түрүүнд тэжээлийн нийлүүлэлтийг өсгөх хэрэгтэй” гэлээ.
Эдгээрээс харахад санал, сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс болон сошиал орчинд ч олон нийт малчдад таван га газрыг давуу эрхтэйгээр эзэмшүүлэх нь буруу, үр дүнгүй гэсэн байр суурьтай байна. Харин бэлчээрийн зориулалтаар нэг га талбай эзэмшүүлж, газрын сэлгээ бүрдүүлж, тухайн талбайгаа арчилж тордохыг малчдад даалгавал зохино. Нэг га буюу 10 000 шоо метр хэмжээтэй газрыг сэлгээ бэлчээрээр ашиглах бүрэн боломжтой, өвс хадлан бэлтгэсэн ч 8-12 тонн өвс хурааж болдог гэнэ. Га-гаас 20-40 тонн ногоон тэжээл ч бэлтгэж болдог юм байна. Тиймээс малчдад давуу эрхтэй тав биш, эзэмших боломжтой нэг га газар “зүслэн” өгөх нь зөв байх нь. Нөгөө талаас хөдөөд бэлчээрийн газар дутаагүй. Харин мал маллах хүн, малаа адгуулж ашиг шимийг нь бүрэн авах хүч хөдөлмөр, хүсэл сонирхол дутагдаж буй.
С.Дулам