Энэ хаврын загварын чиг хандлагыг томоохон фэйшн брэндүүд хэрхэн тодорхойлсныг хамтдаа тольдоцгооё. Тодруулбал, 2026 оны хавар, зуны коллекциуддаа томоохон брэндүүд ихэвчлэн улаан, шар, хөх зэрэг хурц өнгийг зоригтойгоор сонгож, хольж өмсөж болохыг зөвлөлөө. Энэ оны улирлын фэйшн шоунуудын тод сэдэв нь максималист буюу төгс төгөлдөрт тэмүүлэгч гэж загварынхан дүгнэж байна. Нүсэр хийцтэй даашинз, банзал, тансаг даавуу, овортой акссесуарууд, сугсалзсан цацагтай цүнх энэ онд онцгой сонголт хэвээр байх нь. Loewe, Dior, Fendi зэрэг томоохон загварын орднуудын тайз солонго шиг шар, улаан, ногоон өнгийн хувцаснуудыг санал болгож, зарим өнгийг хольж, хослуулж байна. Бельгийн загвар зохион бүтээгч Мерилл Роггегийн шоунд мөн тод цэнхэр өнгийн хувцас тайзыг бүрхэж байна. Түүнчлэн Saint Laurent-ийн загвар өмсөгчид толгойноосоо хөл хүртэл хар савхин хувцас өмссөн бол Миссонигийн загвар өмсөгчид шеврон хэвлэмэл загвар өмсөж, хүзүүний том зүүлтээр гоёсон байв. Баленсиага, Шанель брэнд гайхалтай өнгө, бүтэцтэй, хэний ч сонирхлыг татахуйц өдөн чимэглэл дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Өмнөх онд загварт хүчтэй байсан шоколадан бор өнгө энэ онд ч хэвээр гэж салбарынхан нь үзэж буй. Мөн амьтны арьс мэт хээтэй хувцас, доор суудалтай өргөн болон хажуудаа оруулгатай бэлтгэлийн өмднүүд энэ оны трэндэд багтсаар байх нь.
П.Дайриймаа