Итали улсад “МиланКортина-2026” өвлийн XIV паралимпийн наадам маргааш эхэлнэ. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх уг наадамд 50 орны 665 тамирчин өрсөлдөх юм. Монголоос цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нарын удирдлагад гурван тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг хурд сорих нь. Энэ удаа улсынхаа багийн тугчаар Ц.Дашдорж сонгогджээ. Тэрбээр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан цагаасаа Швед болон Норвег улсад зохион байгуулсан гүйлтийн цанын олон улсын тэмцээнд оролцохдоо туршлага багагүй хуримтлуулсан. Үүнээс гадна “Дэлхийн цом”- ын 12.5 км-ийн зайд V, спринт уралдаанд 13 дугаар байр эзлэн “Бээжин-2022” өвлийн паралимпид өрсөлдсөн юм. Б.Ганболдын хувьд дөрөв дэх паралимпдаа оролцох гэж буй.” Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль гардсан тэрбээр АНУ-ын Солт Лейк хотод 2013 онд болсон тэмцээн болон хойд хөршид зохион байгуулсан “Сочи-2014” өвлийн паралимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт төрөлд (1.5 км) мөнгөн медаль хүртэж, олон улсын тэмцээний эрхийг эх орондоо анх авчирсан нэгэн. Мөн Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18-д бичигдсэн амжилтаар Сочиг зорин 20 км-т уралдан 14 дүгээр байрт жагсаж байв. Тухайн үед гүйлтийн цанаар нэг жил зургаан сар хичээллээд паралимпад өрсөлдсөн гэдэг. Түүнээс хойш “Пёнчан-2018”, “Бээжин-2022”-д оролцсон. Б.Цэрэнпунцаг нь уулын цанын төрөлд анх удаа өрсөлдөнө. Тэрбээр Словак улсын “Кубинска Хола” цанын баазад болсон “Милан-Кортина 2026” паралимпийн эрх олгох слалом ангиллын тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж, оролцох эрхээ өвөртөлжээ. Тэднээс өмнө манай улсаас Н.Сүхбаатар “Турин-2006”-д ур чадвараа сорьсон түүхтэй.