“Улстөржиж болохгүй ганц салбар бол эрүүл мэнд. Энэ салбарыг улс төртэй битгий хутгаач” хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат таван жилийн өмнө буюу тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа ийн ярьж байв. Ингэж цэцэрхэж сууснаа тэрбээр мартсан байж болох ч олон нийтийн ой санамжид бий байх.
2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эмч нар эсэргүүцэн, “улстөржсөн хууль боллоо” хэмээн бүр жагсаал, цуглаан хийхдээ тулж байв. Тодруулбал, тус хуульд эрүүл мэндийн байгууллагыг “удирдах зөвлөл”тэй болгоно гэсэн үг, өгүүлбэр оруулж ирснээс үүдэлтэй. Харин энэ талаар тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Очирбат “Удирдах зөвлөлтэй болно гэдэг хамтын шийдвэр гаргана гэсэн үг. Түүнээс улстөржсөн асуудал биш. Нэг үгээр хэлбэл, сайдын эрх мэдлийг удирдах зөвлөлд шилжүүлж буй хэрэг” хэмээн ярьсан нь ч одоо цахим хуудсанд байна.
Г этэл тэрбээр эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) жинхэнэ утгаараа улстөрждөгийн бодит жишээг харуулав. Сар шинийн баярын өмнөхөн эрүүл мэндийн салбарыг самарч, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн захирлыг ирц нь бүрдээгүй ТУЗ-ийн хурлаар чөлөөлсөн. Тодруулбал, урьд орой нь 20.00 цагийн үед хурал зарлан, ирц нь бүрдээгүй байхад буюу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, хууль бус шийдвэр гаргасан талаар зарим эх сурвалж мэдээлээд байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17.7-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдөх зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурав, тухайн эмнэлгийн хамт олны төлөөлөл гурав, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байхаар заасан. Тэгвэл УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга нь Эрүүл мэндийн яамны ТНБД Д.Очирбат аж. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ЭМДЕГ-ын тус бүр нэг төлөөлөл, мөн ТББ-ын гурван гишүүнээс гадна тухайн эмнэлгийн гурван ажилтан багтдаг гэнэ.
Улсын ууган эмнэлэгт одоогоор 840 гаруй хүн ажилладаг бөгөөд тэднийг ердөө гурван хүн л төлөөлж байна гэдэг хангалтгүй юм. Тухайлбал, нэг эмч, сувилагч, бусад гэсэн гурван төлөөлөл байдаг аж. Энэ талаар ч эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ярьж хэлсээр ирсэн ч үр дүнд хүрээгүй. Тэдний нэг нь тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан М.Адилсайхан. Тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, УНТЭ-ийн удирдлага удаа дараа солигдсоноос өдөр тутмын эмчилгээний эм тариа, багаж хэрэгсэл тасалдаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Гэтэл маргааш нь тус эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяагийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Энэ зуур юу болж өнгөрөв.
УЛСТӨРЖСӨНИЙ ТӨЛӨӨСИЙГ ӨВЧТӨНҮҮД ТӨЛЖ БАЙНА
Шүгэл үлээсэн хүмүүсээ энэ мэтээр дарамталж, ажил, амьдралгүй болгодог жишиг эрүүл мэндийн салбарт нүүрлээд удсан. Салбарын сайд нь солигдох бүрд улсын томоохон эмнэлгийн дарга нар ёс юм шиг өөрчлөгддөг. Шинэ сайд багаа бүрдүүлэх нэрийн дор өмнөх сайдын үйл хэргийг үргэлжлүүлэх нь бүү хэл, үгүйсгэж, улсын нүүр царай болсон хэдэн эмнэлгийн удирдлагыг өөрийн шавь, найз нөхөд, танил тал харж, томилдог явдал байсаар л байна. Аль нэг нам гарч ирэхэд эмнэлгийн даргыг дагаад сольдог, үүнийг улс төрөөс ангид байлгаж, эмнэлэг бүр ТУЗ-тэй болж, гүйцэтгэх захирлаа томилдог болно гэж арваад жилийн өмнөөс л эрх баригчид, салбарын үе үеийн сайд нар ярьж ирсэн. Гэвч өдгөө байдал бахь байдгаараа. Эмнэлэг бүрд удирдах зөвлөл алга, байгаа хэд нь улстөржсөн байдалтай. Үүний тод жишээ нь, УНТЭ-ийн даргыг арваад хоногт гурван удаа сольсон явдал. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 30-нд тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг томилсон. Хаа байсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байхад нь дуудаж авчраад өнөөх нь УНТЭ-ийн даргын дүрд хэдхэн хоног “тоглочхоод” хөдөөд ажиллах хүсэлтэйгээ илэрхийлээд орхиод яв чихсан гэх.
Ингээд УНТЭ-ийн захирлын суудал эзэнгүй хоцров. Эл сиймхийг хүлээж байсан мэт УНТЭийн ТУЗ-ийг ирц дутуу хуралдуулж, Л.Бямбасүрэнг суудлаас нь буулгасан гэх Д.Очирбат дарга сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тус эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Анхтуяаг томилсон мэдээлэл байна. Мөн П.Анхтуяа нь яамны ТНБД-ын найз хэмээн цахим орчинд шуугьж буй. Энэ мэт мянгуужингийн үлгэрийн цаана нэг зүйл тодорхой байгаа нь эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж, эмнэлгийн дарга нарыг сайдын тааллаар томилсоор.
Эрүүл мэндийн салбарт эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх “дайн” ширүүхэн өрнөдөг нь улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахгүй, байсхийгээд л дарга нарыг нь “авч хаяж” буйгаас харагдана. Үүний төлөөсийг өвдөж, шаналсан иргэд төлж байна. Дарга нь тогтворгүй байснаас эмнэлгийн үйл ажиллагаа доголдох, эм, тариа тасалдах, цаашлаад тендер, бүтээн байгуулалтын ажил удаашрах гэх мэт олон асуудал үүсдэг. Ингэж улстөржсөний балгийг дарга нар биш, жирийн эмч, ажилтнууд, өвчтөнүүд үүрдэг нь харамсалтай.
УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД ТУЗ БАЙХ ЁСТОЙ
Дээр дурдсанчлан Эрүүл мэндийн тухай хуульд улсын эмнэлгүүд ТУЗ-тэй байх ёстой. Гэвч одоогоор УНТЭ, УГТЭ, Арьсны өвчин судлалын үндэсний төвд ТУЗ ажиллаж байна. Иргэдийн хөлд дарагдаастай байдаг ХСҮТ, ХӨСҮТ-д удирдах зөвлөл байдаггүй. Угтаа бол Эрүүл мэнд, Сангийн яам, төрийн бус байгууллага, тухайн эмнэлгийн ажилтнууд зэрэг олон төлөөллөөс бүрдсэн ТУЗ байгуулж, хууль, журмын хүрээнд шударгаар ажилладаг бол эмнэлэгт нүүрлэсэн улстөржилтийн бараан сүүдрийг арилгах боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь, УНТЭ-ийн ТУЗ шиг есөн гишүүн нь бүрддэггүй, салбар төлөөлж, шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд шургалчихвал ямар олиг байх вэ. Тэд ТУЗ-өөр халхавчилж, сайдын санаархлыг гүйцэлдүүлж, хүссэн томилгоог нь сэм хийдэг гэхэд буруудахгүй.
Одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Би эмнэлгийн сайд биш, эрүүл мэндийн сайд” гэж хэлж байсныг нь эргэн сануулахад илүүдэхгүйбиз.Гэвчтэрбээр сайдынсуудалд залраад хэлснийхээ эсрэг ажилласан. Өмнөх сайдын үйл хэргийг үргэлжлүүлэх нь бүү хэл, үгүйсгэж, хэдэн эмнэлгийн дарга нарыг хольж, сольж, холион бантан хутгасан. Тухайлбал, ХСҮТ, УХТЭ, УНТЭ, СЭМҮТ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гээд бүх л томоохон эмнэлгийн даргыг сольж, өөрийн таалалд нийцүүлсэн билээ. Хамгийн тод жишээ нь, Эрүүл мэндийн сайдын ажлаа авсан дурайдаа өмнөх сайд Т.Мөнхсайханы тушаалаар ХСҮТийн даргаар ажиллаж байсан М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр “М.Адилсайхан миний шавь. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” хэмээсэн ч шавь нь өөр зүйл ярьдаг юм билээ. Үүний дараа М.Адилсайхан УНТЭ-ийн дэд захирлын сонгон шалгаруулалтад орох гэтэл “Энэ ажлаа зогсоо” гэж Ж.Чинбүрэн сайдын албан бичиг, тамгатай ирсэн талаар хэвлэлд ам нээжээ. Тэрбээр “Нэг эмнэлгийн захирал дэд захирлаа сонгон шалгаруулах гээр зар тавихад салбарын сайд нь “боль” гэж болох уу” хэмээн ярьжээ.
Ихэнх улс оронд улсын томоохон эмнэлгийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог. Ингэхдээ мэргэжлийн ур чадварыг нь харгалздаг байна. Манай улс хэдийгээр сонгон шалгаруулалт зарладаг нэртэй ч “дээрээс” шидсэн байх нь түгээмэл. Богино хугацаанд даргын суудлаа алдсан хүмүүс мэдээж шүүхэд ханддаг. Ихэнхдээ шүүхээс “ажлаас нь чөлөөлсөн шийдвэр хууль бус” гэж гарах нь бий. Жишээ нь, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн сайдын тушаал хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн. Гэвч Н.Эрдэнэхүү ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэдгээ мэдэгдээд буй. Мөн УНТЭ-ийн захирал асан Н.Лхажийг мөн адил даргын ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэж шүүх үзжээ.
Энэ мэт эмнэлгийн дарга нарыг салбарын сайд нар утсан хүүхэлдэй мэт удирдаж, эмнэлгийн үйл ажиллагааны тогтвортой, тусламж, үйлчилгээгээ аюулгүй, хүртээмжтэй байдлыг алдагдуулсаар байна. Ганц УНТЭ-ийн жишээн дээр авч үзэхэд л “Удирдлага олон удаа солигдсоноос үйл ажиллагаа нь доголдож, компьютер томограф нь ажиллахгүй болж “Сонгдо” эмнэлэг рүү өвчтөнөө явуулан, шинжилгээнд хамруулж, яаралтайгаар онош тодруулж байсан, дурангийн хагалгааны багаж төхөөрөмж нь байхгүйгээс мэс заслыг нээлттэй хийх зэрэг асуудал үүссэнийг М.Адилсайхан эмч ярьсныг дахин сануулъя. Үүнийг нотлох баримт бий бөгөөд ажлаас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандахаа ч тэрбээр дуулгав. Эрдэнэт хүний амь, эрүүл мэндийг аврахын төлөө цаг, минут, хором бүртэй уралдан ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг сэтгэл тайван, нуруу тэнэгэр ажлаа хийх боломжоор Засгийн газар хангаж өгнө үү. Хэн гэдэг сайдын “хүн” ирж, хэрхэн “самрах” бол гэдгээс айж түгшиж, яс хавталзан суудгаа эмч нар нуудаггүй. Улстөржиж болохгүй ганц салбар нь даргаасаа эхлээд үйлчлэгч хүртлээ улс төрөөс хараат болчхоод байна. Эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үүрэгтэй улсын чухал объектын дотоод үйл ажиллагаанд гүнзгий орсон улс төрчдийн гар, хөлийг “тайрах” цаг болжээ.