Увс аймгийн иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болжээ. Тэр дундаа ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж буй аж. Тус аймагт 85 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд жилд хавдрын 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй хүн эмчийн хяналтад байдаг гэнэ. Үүний дийлэнх хувийг хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны хавдар эзэлж буйг аймгийн эмнэлгийн эмч нар тодотгов. Иймд ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эхэн үед нь өртөг багатай эмчлэх цогц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн даалгав.
Ходоод, улаан хоолойн хавдрыг дурангийн нэг шинжилгээгээр илрүүлэх бүрэн боломжтой тул эрт илрүүлгийг нэмэгдүүлснээр богино хугацаанд үр дүн гарч, хүн амын нас баралтыг бууруулах боломжтой юм. Үүний тулд аймгийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг идэвхтэй хамруулах, хеликобактерийн халдварыг илрүүлэх тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болжээ. Цаашид Увс аймаг бүс нутагтаа ходоод, улаан хоолойн хавдрын илрүүлэг, эмчилгээний төв болж ажиллах зорилт тавьжээ. Ташрамд тус аймагт Азийн хөгжлийн банкны таван сая ам.долларын хөрөнгөөр Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулжээ.
Ч.Туяа