Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Ханын материал орчимд Хүүхэд, залуучуудын театр байгуулагдаад, тэнд нь ертөнцийн “сонгодгуудын сонгодог” гэгдэх Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” жүжгийг тоглоод, нийслэлийн тал талаас өдөрт 300 гаруй хүүхэд, залуу үеийнхэн цуглаад үздэг гэхээр энэ дүнсгэр саарал хотоос сонсож болох хамгийн гэгээтэй мэдээний нэг биш гэж үү. Энэ тухай “Өнөөдөр” сониныхон бид “Дугаарын онцлох сэдэв” буландаа онцолж байна.
16 дугаар зуунд Английн театруудыг хөл гишгэх зайгүй болтол дүүргэж байсан энэхүү сонгодог жүжгийг XX зууны Монголд, 1966 онд С.Гэндэн найруулагч тухайн үеийн “Хүүхдийн төв театр” буюу одоогийн нэрээр Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа анх амилуулж байв. Тэр үед Хүүхэд, залуучуудын театрын байр нь хотын төвийн ААА зэрэглэлийн бүсэд байлаа. Харин одоо Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо буюу гэр хороолол руу “цөлөгдсөн”. Тэнд ч болов Хүүхэд, залуучуудын театрын гал голомтыг дахин бадрааж, үйл ажиллагааг нь тогтмол явуулснаар зөвхөн урлагийн салбар төдийгүй нийгмийн хөгжлийн олон түвшинд урт хугацааны эерэг нөлөө, үр өгөөж авчирна гээд хөрөнгө хүч, газрын асуудлыг шийдэж, араас нь уйгагүй хөөцөлдсөн хүмүүст талархана.
“Ромео, Жульетта” жүжигт гардаг Монтекки болон Капулетти овгийн эвлэршгүй хоёр гэр бүлийнхэн шиг манай Улаанбаатар хотынхон ч бас “Зайсангийнхан” болон “эгэл борчууд” гэсэн албан бус нийгмийн ангилалд хуваагддаг билээ. Ямар сайндаа л Зайсан хавиар байрладаг, асар өндөр төлбөртэй хувийн сургуулийн удирдлагууд Улаанбаатарт ганцхан байгаа Хүүхэд, залуучуудын театрын маань үзвэрийн урилга, саналд татгалзсан хариу өгөхдөө “Манай сургуулийн эцэг, эхчүүд ийм гэр хорооллын бүс рүү хүүхдүүдээ явуулахыг зөвшөөрөхгүй” гэдэг тайлбар зүүдэг байна. Ийм ялгаварлан гадуурхалтын “вакциныг” хүүхдүүдэд хар багаас нь шахахын оронд хүн төрөлхтний сонгодог бүтээлүүдээр дамжуулан сурагчдынхаа нүдийг нээх, хүрээллээсээ гарч сэтгэх, нийгмийн олон талт байдлыг ойлгон, хүндэтгэлтэй хандах соёлд сургадаг болоосой. үүхдүүд адилхан нэг л нийгэмд хөл тавина гэж харамсалтай нь тэд боддоггүй бололтой.
2024 онд байгуулагдсан Хүүхэд, залуучуудын театрт өдгөө давхардсан тоогоор 170-180 мянган хүүхэд, залуус, том хүн жүжиг үзээд буй гэнэ. Хажуугаар нь номын санд сууж, тохилог кофе шопоор үйлчлүүлж, театрын музейтэй танилцана. Энд зөвхөн Сонгинохайрханы хүүхдүүд л ирдэггүй, дүүрэг дүүргийн сургуулиас сурагчид автобусаар ирж үйлчлүүлдэг гэхээр нийслэлд соёл, гоо зүйн боловсролын үрийг тарьж, ирээдүйн хүмүүнлэг, зөв хандлагатай, нийгмийн идэвх оролцоотой иргэнийг төлөвшүүлэн бэлтгэж буй “ариун сүм” хэдийн болжээ гэмээр.
Олон судалгаагаар театрын жүжиг үзсэн хүүхдүүдийн ёс суртахуун, харилцааны чадвар, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээ эрс нэмэгддэг нь тогтоогдсон байдаг. Тухайлбал, сэтгэлгээний хөгжил буюу хүүхэд бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар болох эмпатиг театр хөгжүүлдэг аж. Түүнчлэн хэл яриа, уран илтгэлийн чадварт нь нөлөөлөхөөс гадна эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. өлөөт цагаа соёл урлагийн орчинд зөв өнгөрүүлсэн хүүхэд гэмт хэрэг, цахим донтолт, мансууруулах бодис зэрэг эрсдэлтэй зан үйлд өртөх магадлал 30-40 хувиар буурдаг байна.
Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод “соёлын дархлаа” гэдэг ойлголт чухал байр суурь эзэлдэг тул Хүүхэд, залуучуудын театр нь үндэсний өв соёлыг залуу үед шинэлэг, сонирхолтой хэлбэрээр түгээн, түүх, уламжлал, үндэсний бахархал, дархлааг сэргээх “амьд музей” болох бүрэн боломжтой. Иймэрхүү театр байгуулснаар зөвхөн урлагийн салбарт биш, нийгмийн уур амьсгал, сэтгэл зүйд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс эхлээд хотын эдийн засагт ч бодит үр өгөөж авчирдаг. Жишээ нь, Хүүхэд, залуучуудын театр л гэхэд өдгөө жүжигчид, найруулагч, зохиолч, уран бүтээлийн багийнхан, хөгжмийнхөн, гэрэлтүүлэг, дууны техникч, маркетинг, менежментийнхэн, үйлчилгээний ажилтнууд гэхчлэн алслагдсан дүүрэг, хороонд 60 гаруй ажлын байр бий болгоод байна. Хотын захын хороололд үйл ажиллагаа явуулж буй театр хэмээн “адлалгүй” дэмжиж, ойлгож, зорьж хөрөнгө оруулсан нэг төгрөг болгон ирээдүйд илүү соёлтой, зөв төлөвшилтэй, эв нэгдлийг эрхэмлэдэг, энэрэнгүй иргэнтэй Монгол лсыг цогцлоох эхлэл юм. Тиймээс энэ тал дээр бол өнөөгийн нийслэлийнхэнд алга ташиж болмоор.

Хүүхдүүд шуугьж, уран бүтээл оргилсон ордон
“...Үүлэн охиныг хөвгүүд гомдооход, бас ангийн багш нь нас барахад их уйлсан. Багш тайз руу хараад уйлаад л, би багшийгаа дагж уйлаад л...” хэмээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Э.Сүххуяг хэлэв. Жүжигчдийг ингэж ойроос харж, урьд нь театрт хөл тавьж байгаагүй хэмээн ярих Э.Сүххуяг шиг олон зуун хүүхдийн нүдэнд оч бадрааж, сэтгэлд нь гэгээ татуулсан нь Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг Баянхошуунд байрлах Хүүхэд, залуучуудын театр юм.
“Тайзны хөшиг нээгдэж, гэрэл асахад үнэхээр гоё байсан. Би жүжигчин болох мөрөөдөлтэй. Тайзан дээрээс хүүхдүүдэд ийм сайхан мэдрэмж өгөх юм сан гэж бодсон. Жүжгийн дунд хэсэгт их уйлсан. Багш хүн хамаг цагаа сурагчдадаа зарцуулж, амьдралаа зориулдаг юм билээ. Ангийнхаа багшийг хүндэлж, туслах хэрэгтэйг ойлгосон” хэмээн өнгөрсөн хавар үзсэн жүжгээрээ одоо ч “амьсгалж” яваа Э.Сүххуяг ярина лээ. Хүүг уйлуулж, сэтгэлийн утсыг нь хөндсөн жүжиг бол“18 дахь хаврын хайр” юм. Ахлах ангийн сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрыг мэдрүүлэх, өсвөр үеийнхний амьдралд ойр уг жүжгийг Хүүхэд, залуучуудын театрын Утга зохиолын ажилтан, урын сангийн эрхлэгч Н.Уранзаяа бичжээ. Энэхүү жүжиг нь тус театрынхны гурав дахь уран бүтээл.
Хотын төвөөс 10 гаруй км-т орших тус театрын үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт сурвалжиллаа. Нэвсийсэн гэр хороолол дунд өнгө нэмэнсүндэрлэх уг театрынтоглоомын талбай, автомашины зогсоол гээд гадна талбай нь цэлгэр. Үүдээр нь оронгуут шил толь болсон орчин угтах бөгөөд гэрэл зураг, чулуун бүтээл, үндэсний хувцас, эсгий урлал, сүлжмэлийн үзэсгэлэн дэлгэж, багш, сурагчид шуугилдахын ацуу шинэхэн кофены үнэр хамар цоргив.
Тэртээ 1951 онд “Хүүхдийн төвтеатр” нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа нь доголдох хүртлээ хүнд бэрхийг туулсан Хүүхэд, залуучуудын театр одоо л жинхэнээсээ “амь орж” байх шиг. Энэхүү хотын захын гэр хороололд хүүхдүүд дэлхийн сонгодог жүжиг үзэж, залуу уран бүтээлчид хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн ажиллаж байна. Хэдийгээр театр 27 жилийн дараа өөр газарт шинэ хөшгөө нээсэн ч уран бүтээлчид нь урын сангийнхаа хуучин бүтээлийг сэргээж тоглохыг илүүд үзжээ. Төрийн шагналт Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын, драмын жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн юм. Тун удахгүй Англиас франчайз эрхтэйгээр нь шинэ бүтээл толилуулахаар бэлтгэл ажлаа хангасан талаар Н.Уранзаяа эрхлэгч хэлсэн.
Шинэхэн театрт 100 орчим хүн ажиллаж буйн олонх нь 40-өөс доош насныхан. Шижигнэсэн 35 залуу энд жүжигчнээр ажилладаг. Хамгийн холоос буюу Налайхаас ирж ажилладаг уран бүтээлчтэй уулзсан юм. Түүнийг Э.Болорцэцэг гэдэг. Тэрбээр “Би 2022 онд СУИС-ийг тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгссөн. Тэр үед Хүүхэд, залуучдын театрын барилга баригдаж байгаа, шинэ жүжигчин шалгаруулж авна гэж сонссон юм. Багаасаа л театрын жүжигчин болох мөрөөдөлтэй байсан учраас зориглоод шалгалт өгч тэнцсэн. Налайхаас театр хүртэл нэг талдаа 65 орчим км буюу өдөрт 4-5 цагийг зам дээр өнгөрүүлдэг. Цагаа зохицуулаад, ажилдаа хоцрохгүй ирдэг. Анх ой гаруйтай хүүхдээ орхиод ажилдаа ирэхэд маш их санадаг, уйлдаг байлаа. Гэхдээ үзэгчдийн алга ташилт, халуун дулаан уур амьсгал, хамт олны минь сэтгэл намайг энд байлгадаг” хэмээн ярив.
Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг учир театртаа буфет, зоогийн газар ажиллуулдаг юм байна. Ундаа авах гэж гүйж гараад эрсдэлд оруулбал яана хэмээн тэндхийн ажилчид санаа зовнингүй хэлсэн. Номын сангийн сандал, ширээ нь хүртэл дугуй булантай, хүүхэд унасан ч бэртэхээргүй харагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цахилгаан шаттай. Тэргэнцэртэйгээ зааланд орж үзэх тусгай талбайтай юм билээ. Тайзны сандлыг хүүхдийн биед тохируулан налуу байрлуулж, дуугаралтыг тайзны бүх талаас оломжтойгоор зохицуулсан байна. Зүгээр ор нэр төдий биш, бүхнийг хүүхэд, залуусын онцлогт тохируулан тохижуулсан нь бэлхнээ харагдана. Үүний нэг жишээ нь театрын номын сан, хүүхэд тоглох өрөө байв. Аав, ээжийгээ жүжиг үзэх зуур хүүхдүүд нь тоглоод хүлээжболох нь. Угтагч нар хүүхдийг нь тэврээд залуу хосуудыг тухтай жүжиг үзүүлж байсан тохиолдол нэг бус удаа гэнэ лээ. Энэ “хүндхэн” үүрэг хүлээдэг хүмүүс бол театрын үйлчилгээний . Тэдний нэг С.Эрдэнэчимэг гэр ойрхон, хоёрхон буудлын цаана, хотын түгжрэлд орохгүй, стресс бухимдалгүй сайхан газарт ажиллаж буйдаа бахархдаг хэмээн ярив.

Театрын нэг онцлог нь хүүхдүүдэд зориулсан номын сантай. Тэрхүү номын санд шинжлэх ухаан, уран зохиол, танин мэдэхүй, хувь хүний, комик, намтар, дурсамжийн зэрэг 2000 гаруй бүтээл бий. Хүүхдүүд тэр бүр худалдаж аваад унших боломж хомс, шилдэг, бестселлер номуудыг сонгож, архиваа баяжуулжээ. 400-гаад хүүхэд номын сангийн карт нээлгэсэн байна. Энэ тухайд номын санч Т.Оюунжаргал “Хүүхдүүд 5000 төгрөгөөр карт нээлгээд бүтэн жил ном унших боломжтой. Сурагчид хичээлээ тараад өдрийн цагаар олон ирдэг. Номын сан маань 25 хүүхдийн суудалтай. Хүссэн номоо авч яваад унших боломжтой” гэв. Ихэвчлэн төгсөх ангийнхан ирж, хичээлээ хийдэг, зарим нь ядраад ширээгээ дэрлээд унтчихдаг, сэрээдэггүй юм хэмээн тэрбээр ярьсан.
Гэр хороолол дунд гэрэл нэмсэн уг театрыг тойроод нүүрс зөөгөөд, тэрэгтэй ус түрээд, дүүгээ хөтлөөд яваа багачууд амьдарч байна. Театрын захирлын хэлснээр хүүхдүүд хэдхэн цаг ч болов жүжиг үзээд аз жаргалтай, инээд хөөртэй байгаасай.
Ч.Болортуяа
Манай дүүрэгт өмнө нь соёл урлагийн нэг ч байгууллага байгаагүй

Д.ХОСБАЯР (Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч)
Хүүхэд, залуучуудын театрыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулсныүр өгөөжийн талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Юуны түрүүнд энэхүү театрыг манай дүүрэгт барих санаачилгыг гаргасан хүмүүсийг дурдах нь зүйтэй байх. Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 33 жилийн ой энэ онд тохиож байна. Гэвч энэ хугацаанд дүүргийн хэмжээнд олон хүний багтаамжтай, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах ордон байтугай танхим ч үгүй байсан. Тиймээс Сонгинохайрхан дүүрэгт оёлын ордон барих ажлыг манай тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон, одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар анх санаачилсан юм. Тэрбээр сонгогдсон тойрогтоо бүтээн байгуулалт хийхээр улсын төсөвт хөрөнгө суулгуулсан. Мөн энэ үед Монгол Улс Соёлын яамтай болж, манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Номин сайдаар нь томилогдсон юм. Ингээд соёлын ордон барихаар төлөвлөж, хоёр га талбайг чөлөөлсөн ч цар тахлын улмаас барилгын ажил нэлээд удааширч, 2023 оны сүүлчээр дууссан. Дүүргийн соёлын ордон гэхээргүй томоохон барилга байгууламжтайболлоо.
-Та бүхэн эл театрынхантайхэрхэн хамтран ажилладаг вэ?
-Сонгинохайрхан бол нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг бөгөөд 340 мянган хүн амтай. Үүнээс 140 мянга нь хүүхэд, багачууд. 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Үлдсэн 30 хувь нь орон сууцын хорооллынх.
Бид тус театрт бүхий л арга хэмжээ, хурал зөвлөгөөн тэнд зохион байгуулж, тодорхой түрээс төлдөг. Ингэснээр театрынхан маань үйл ажиллагаагаа таслахгүй хүүхдүүдэд хүргэх боломж бүрдэх юм. Мөн гаднаа тоглоомын талбайтай учраас манай дүүргийн хүүхэд, хөгшдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болсон. Бас нийслэл болон дүүргээс гадна талбайн тохижилт зэрэгт хамтран ажилладаг. Түүнчлэн энэхүү театрыг ашиглалтад оруулснаас хойш “18 дахь хаврын хайр” жүжгийн санхүүжилтийг дүүргээс шийдэж, ахлах ангийнханд хөнгөлөлттэй үнээр үзүүллээ. Ингэснээр театраар анх удаа үйлчлүүлж буй хүүхэд, багачуудад гоо зүй, урлагийн боловсрол олгоно гэж үзсэн. Зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн бид ч тэр бүр УДЭТ-т очиж жүжиг үзэх боломж гардаггүй. Авто замын түгжрэл ихтэй энэ үед хотын захын хүүхдүүд дэргэдээ ийм сайхан театртай болсонд их баяртай байгаа. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн III хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбортой болсон. лон хүүхэд, залуус бужигнасан их хөлийн газар болсон шүү.
Хотын захад амьдардаг хүүхдүүд урлаг, уран сайхнаар амьсгалах эрхтэй

Н.АРИУНБОЛД (Хүүхэд, залуучуудын театрын захирал)
2021 оны дөрөвдүгээр сард би захирлын ажлаа хүлээж авсан. Театрын үйл ажиллагааг шуурхай эхлүүлж хүүхдүүдэд урлагаар дамжуулан театрын боловсрол олгох хүсэл тэмүүлэл уран бүтээлчдэд дүүрэн байв. Эндхийн хүүхэд, залуучуудын шахалт шаардлага ч байсан. Хэзээ нээх юм бэ гээд хүүхэд, залуус, настангууд их асууна.
Хотын захад Улсын хүүхэд, залуусын театраа барьдаг нь яадаг юм бэ гэж зарим хүн шүүмжилдэг. Хүүхэд хаана байна, тэнд соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарынхан бүгд очиж үйлчлэх ёстой. Хүүхдүүд өөрсдөө очих биш. Цаашдаа кинотеатр, усан бассейн барихаар энэ хавь хүүхэд, залуучуудын томоохон цогцолбор төв болох байх. Театр үзэгчидтэй байж оршин тогтноно, тэрнээс сайхан барилга, техникийг хэлэхгүй шүү дээ. Манайх бол үзэгчидтэй театр. Нэг л жүжгийг гэхэд 20-40 мянган хүүхэд үзсэн байна. Бид Хүүхэд, залуучуудын театр учраас зорилтот бүлэгтээ зориулсан бүтээл туурвидаг. Энэ нь цаашид сонгодог, драмын урлагийг үздэг үзэгчдийг бэлдэж буй хэрэг юм. Ингэхийн тулд хүүхдүүдийг багаас нь үлгэрийн орноор, орчин цагийн жүжгээр аялуулж, амьд урлагийн мөн чанарыг таниулах хэрэгтэй. Цэцэрлэгээс эхлээд ахлах анги, оюутан залуус, хосууд, насанд хүрэгчид бүх хүнд хүрч ажиллахыг хичээж байна.
Манайх улсын хэмжээний театр учир бусад дүүргийн хүүхэд, залууст уран бүтээлээ хүргэхийн тулд хүүхдүүдийг автобусаар зөөж байна. Сургуулиас нь авчраад буцаагаад хүргэж өгдөг. Тасалбарын үнэдээ тээврийн хөлсийг нь шингээсэн. Бид бүх сургуулийн захиралд хамтран ажиллах албан хүсэлт илгээсэн. Хүүхдүүдээ жүжиг үзүүлээч, өөр орчинд аваачаач гэж хүсдэг. Эцэг, эх, багшаас илүү тайзны урлагаар дамжуулан хэлсэн үгийг хүүхдүүд маш сайн хүлээж авдаг. Зарим сургуулийн захирал “Танай орчин нөхцөл эрсдэлтэй юм байна” гээд сурагчдадаа жүжиг үзүүлэхээс татгалзаж байсан. Энэ газар хүн амьдардаг, хүүхдүүд сурч хөгжиж байдаг юм шүү. Нэг удаа жүжиг үзсэн хүүхэд дахиад үзэх хүсэлтэй байдаг. Жилдээ хоёр удаа танай театрт жүжиг үзье гэж ярьсан багш нар ч бий. Бид урлагийн тайзнаас үндэсний, орчин цагийн, дэлхийн сонгодог жүжгүүдийг хүргэж байгаа.
Театрын газраас эхлээд барилга барихад нийслэлээс дэмжлэг их үзүүлсэн. Цаашид энэ “хөлөг онгоц”-оо дүүрэн үзэгчидтэй байлгах нь бидний үүрэг. Бүх юм хотын төвд төвлөрч, бүх театр тэнд байх албагүй. Харин ч Сонгинохайрхан дүүрэгт барьсан нь төрийн зөв шийдвэр гэж боддог. Хотын захад амьдардаг хүүхдүүд соёлын боловсрол авч, урлаг, уран сайхнаар амьсгалах эрхтэй.
Энэ театрын эзэд нь залуус өөрсдөө

Н.УРАНЗАЯА (Утга зохиолын ажилтан, урын сангийн эрхлэгч)
-Манай театрын урын сангийн бодлого бол хүүхэд, залуусын нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон бүтээл туурвих, соёлын боловсрол олгох, дуртай зүйлд нь чиглүүлж бүтээлээ туурвих юм. Тухайлбал, театрын урлагт 15-16 насныханд зориулсан бүтээл голд огт байгаагүй. Жүжиг үзэж байгаа хүмүүстэй ярилцахад 20 нас хүртлээ театрт орж үзээгүй хүн олон байсан. Энэ нь юунаас улбаатай вэ гэхээр тэдний нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон бүтээл байгаагүйтэй холбоотой. Тиймээс өсвөр насныханд зориулж “18 дахь хаврын хайр” бүтээлээ туурвисан. Одоогоор нийслэлийн 50 гаруй сургууль, Өвөрхангай, Архангай аймагт энэ жүжгээ амжилттай хүргээдбайна. Ирэх долоо хоногт дахин толилуулна. Аав, ээж, багшийгаа хайрлах тухай хамгийн гол нь өсвөр насны онцлогийг харуулсан энэхүү жүжгийг 12-оос дээш насныхан үзэхэд тохиромжтой.
Баянхошууны 65 дугаар сургуулийн 700 гаруй хүүхэд жүжгээ үзэх гээд баруун уулын энгэрээр цуваагаар жагсаад ирэхийг хараад нулимс бүрхээд л ирсэн. Энэ театрын эзэд нь хүүхэд, . Ажилчид нь биш. Эзэд нь ирж байна гэж бид ярьдаг. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийнхан галт тэргээр зорьж ирсэн бол, Төв аймгийн цэцэрлэгийн багачууд “Арслан хүлэгт баатар” жүжиг үзсэн. Холоос хүүхдүүд зорьж ирэхээр их баярладаг юм билээ. Мөн театрыг барьснаар эндхийн оршин суугчдын ажлын байр нэмэгдлээ. Ажилчдын маань 60-70 хувь нь энэ дүүргийнх.
Дэлхийн сонгодог жүжиг Сонгинохайрханы тайзнаа
Хагас мянганы туршид хүн төрөлхтний аугаа их хайрын бэлгэдэл болон мөнхөрсөн Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжиг Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа 59 жилийн дараа шинэ зууны үзэгчдийн сэтгэл, оюуныг мялаахаар эргэн иржээ. Хөшгөө нээгээд нэг жил гаруйн хугацааг үдсэн энэхүү театрт “Ромео, Жульетта” жүжгийг үзэхээр өнгөрсөн баасан гарагт л гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 10в ангийнхан тэргүүтэй 300 гаруй хүн зорин м. Эл жүжгийг голчлон өсвөр насныхан үзэж буйгаараа онцлогтой бөгөөд сэтгэл нь догдолсон залуусын нижигнэсэн алга ташилт тасарсангүй. Театрын улаан хөшиг нээгдэх төдийд жүжигчдийн тансаг хувцаслалт болон өвөрмөц тайз засалт, сүрлэг хөгжмийн эгшигтэй нэгдэн үзэгчдийг тэр даруй Ромео, Жульеттагийн хайрын түүх өрнөсөн Италийн Верона хотноо аваачих аж.
Амиа золиод ч хамаагүй хамтдаа байх замыг сонгох Ромео, Жульеттагийн хайрын түүхээр аялсан хүүхдүүд завсарлагааны 10 минутад постерын урд дурсгалын зураг татуулахын зэрэгцээ Меркуциогийн талаар багахан мэтгэлцээн ч өрнүүлээд амжив. Нэг нь түүнийг “Хөөрүү, сагсуу” гэх бол нөгөө талд “Үзэл бодолдоо үнэнч, шударга, юунаас ч айдаггүй нэгэн” хэмээнэ. Мөн үзэгчдийн дунд театрын босгоор анх удаа алхаж үзсэн нэгнээс эхлээд Ромео, Жульеттаг дэргэдээс нь тольдохоор Зүүн салааны эцсээс зорин ирсэн сурагч ч байлаа. Дэлхийн сонгодгуудын сор болсон энэхүү бүтээлийг хотын захын хүүхдүүд хэрхэн шимтэж, шинээр мэдэрч буйг эндээс харж болно. Мөн тэдэнд гоо зүй, урлагийн боловсрол олгох нь ямар ач холбогдолтой болоод хүүхдүүдийн сэтгэлгээг хэрхэн тэлж, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг нь хөгжүүлж буйн илрэл юм.
Хайр дурлал, хагацал, шаналлын тухай яруу тансгаар өгүүлэх уг жүжгийг үзсэн нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Б.Батмөнх “Манай ангийнхан өмнө нь “18 дахь хаврын хайр” жүжгийг энд үзсэн. Энэ жүжиг яг л манай ангийнхны түүх юм шиг санагдсан. Найз маань бүр жүжгийн туршид уйлсан. Харин өнөөдөр бид “Ромео, Жульетта” жүжгийг анх удаа үзлээ. Хайрын хүч ямар агуу болохыг зах зухаас нь ойлгосон гэж бодож байна. Өмнө нь зөвхөн би ч биш, найзууд минь театрын талаар сайн мэддэггүй байсан бол өдгөө багахан ч гэсэн ойлголттой болсон” хэмээв.
Хуучнаар Хүүхэд, залуучуудын театр нь өнөөгийн “Хүүхдийн 100”-гийн ХААНбанкны байрандбайрладаг байсан бөгөөд эл жүжгийг Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар 1966 онд анхлан олны хүртээл болгож, Ромеод Гавьяат жүжигчин Ц.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглож байсан түүхтэй. Тухайн үед танхим дүүрэн үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байсныг уран бүтээлчид нь өнөө хэр дурсан ярьдаг. Тэгвэл Соёлын тэргүүний ажилтан Б.Энхээгийн найруулгаар 59 жилийн дараа хүүхэд, залуучуудад толилуулж буй нь энэ юм. Дурлалт залуу Ромеогийн дүрийг жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттаг М.Батгэрэл амилуулж буй бөгөөд Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар тэргүүтэй ахмад уран бүтээлчид ч эл жүжигт дүрээ мөнхөлж байна.
У.Цэцэгсүрэн
МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ, МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАХ, НИЙГМЭЭ ТАНИН МЭДЭХЭД ТЕАТР ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Д.УЯНГА (Нийгмийн сэтгэл зүйч)
-Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан хүүхэд, залуусын цогцолбор театр нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ. Үүнийг бид нийтийн орон зайн хөгжил талаас нь харах хэрэгтэй. Учир нь нийгмийн сэтгэл зүйн нэг хэсэг нь энэ юм. Угтаа сэтгэл зүй бол ойлголт, ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргахаас урьтаж түүнийг юу гэж ойлгох вэ гэдгээс эхэлнэ. Бид буруу гэж ойлговол уурладаг, зөв хэмээн үзвэл баярладаг шүү дээ. Эдгээр ойлголтыг нийгмээр дамжуулж өгдөг, түүн дээр нь дөрөөлж хүмүүсийн сэтгэл хөдлөл илэрдэг.
Ерөнхийдөө хүүхдийн парк, тоглоомын талбай зэрэг нь нийгэмд маш хэрэгтэй. Нэгт, хүүхдийн бие махбодын хөгжилд эергээр нөлөөлнө. Дээрээс нь тэнд хүүхдүүд хэн нэгний дундын оролцоогүйгээр нөхөрлөх боломж гардаг. Хоёрт, хүүхдүүд нийтийн орон зайд хоорондоо мэдээлэл дамжуулж, эрдэм мэдлэгээ тэлэх, баталгаажуулахаас гадна шинэ зүйлс хайж, соргог мэдээлэлтэй харилцаж, танилцаж байдаг. Үүнтэй адил гэр хороолол, алслагдсан дүүрэг, хороо театртай болсноор тэнд нийтийн бас нэгэн шинэ орон зай үүснэ. Хүүхдүүд театраар үйлчлүүлснээр, дугуйлан дамжаанд хамрагдсанаар мэдээж найз нөхдийнхөө хүрээг тэлнэ. Дугуйлангаа тараад, театрын гаднах эргэн тойрны талбайд ч хоорондоо үргэлжлүүлэн яриа өрнүүлэх зэргээр идэвхтэй харилцаанд оролцоно. Энэ нь олон талын эерэг нөлөөтэй. Ялангуяа хүүхдийн хөгжилд мэдээлэл дамжуулах, дундын ойлголтыг сайжруулах замаар нийгмийн хэм хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
Барилга, байгууламж талаас нь харсан ч Сонгинохайрханы үүхэд, залуучуудын театр чухал бүтээн байгуулалт мөн. Алслагдсан сум, хороонд ихэвчлэн цагдаагийн байгууллагууд байдгийг та, бид мэднэ.
Энэ нь биднийг цагдахгүй л бол болохгүй, “асуудалтай” гэдгийг нийгэмд илтгэдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүйд муухай мессеж өгдөг байх нь. Харин эсрэгээрээ хүүхэд, залууст зориулсан байгууламжийн тоо нэмэгдсэнээр хүн, хүүхэд төвтэй, ирээдүйгээ харж, хөгжиж байна гэсэн итгэл найдварыг нийгэмд төрүүлж буй юм. Театраар дамжуулж хүүхэд багачууд сурсан мэдсэнээ бусдадаа хуваалцах, амьдарч байгаа нийгмээ танин мэдэх, улс үндэстнийхээ талаарх ойлголтыг ч эндээс авах боломж бүрдэнэ.
УРЛАГААР ДАМЖУУЛАН ХҮҮХДИЙН ОЛОН ШАЛТГААНТ СТРЕССИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Б.НАРАНБУЛАГ (МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор, хүүхдийн мэргэшсэн сэтгэл зүйч)
-Урлаг бол хүүхдийн сэтгэн бодох, танин мэдэхүйн чадвар, мөн сэтгэл зүйн байдалд эергээр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь юм. Тиймээс урлагаар дамжуулж сэтгэл зүйн засал хийх аргууд сүүлийн жилүүдэд нэлээд түгэн дэлгэрч, судалгаа шинжилгээний ажил, сонирхолтой үр дүнгүүд ч гарсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын “Себиранс” эмнэлгийнхэн аутизмтай хүүхдүүдэд зориулан хөгжмийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүүхдийн тасагт нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд өөрийгөө нээх, дотоод ертөнцөө уудлах, анхаарал, сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх чадвар нь өмнөхөөсөө илүү сайжирсан байна. Үүнд үндэслэн Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн дуучин Suga-гийн санаачилгаар тус эмнэлэгт эмчлүүлэгч аутизмтай хүүхдүүдэд зориулж, хөгжмийн урлагаар сэтгэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулан, тусгай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Өөр нэг жишээ дурдахад, стрессийн түвшин өндөртэй хүүхдүүдэд тодорхой сэдвийн дагуу зураг зуруулахад 4-6 долоо хоногийн дараачаас сэтгэл санааны тогтворгүй байдал нь өмнөхөөсөө хэд дахин буурдаг болохыг судалж тогтоосон. Тиймээс хүүхдүүдэд дуу хөгжим, уран зураг болон театр, урлагийн бусад төрлөөр дамжуулан сэтгэл зүйд нь эергээр нөлөөлж, олон шалтгаант стрессийг бууруулах боломжтой. Сэтгэл мэдрэмжээ илэрхийлж сурах, өөрийн дотоод мэдрэмж, чадвараа хөгжүүлэх, хэл болон сэтгэхүйн хөгжилд нь ч мөн чухал нөлөөтэй.
Австралийн алс нутагт байгуулсан театр улсынхаа загвар болжээ

Австралийн Шинэ өмнөд Уэльс мужийн баруун бүс нутагт, хүн ам цөөнтэй, соёлын үйлчилгээ ховор Дениликуин хэмээх хотод 2006 онд нэгэн театр байгуулагджээ. Тэртээ 1989 оноос хөдөөний буйдхан хотын уран бүтээлчид “Пикап” загварын автомашины ард тавиур хийж, тосгон бүрээр аялж хүүхдүүдэд жүжиг үзүүлэн, тоглолт хийж ирсэн нь өнөөдрийн “Outback theatre for young people” (OTYP)-ын эхлэл болсон гэдэг. Уг санаачилга 1992 онд бүсийн урлагийн хөтөлбөрийн бүрэн хэмжээний төсөл болон өргөжиж, 2006 онд бие даасан байгууллага болжээ. Улмаар улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн театр болтлоо хөгжсөн байна.
OTYP нь өдгөө Австралийн өргөн уудам газар нутагт буюу Өмнөд Риверинагаас эхлээд Шинэ өмнөд Уэльс хүртэл 30 мянган ам км талбайг хамран үйл ажиллагаа явуулдаг. Эдүгээ тэд хөдөө тосгоны хүүхэд, залууст урлагийн боловсрол олгох хамгийн том суурь нь болсон төдийгүй улсынхаа соёлын бодлогын загвар байгууллагаар нэрлэгдэх болжээ. Том хотуудын нүсэр театрууд шиг олон давхар барилга, хэдэн зуун ажилтангүй. Тухайн жилд хэрэгжүүлэх төслөөсөө хамаарч зохиолч, найруулагч, жүжигчин, техникч зэрэг мэргэжлийн уран бүтээлчтэй түр хугацаагаар хамтран ажилладаг. Театрын нүсэр ажил, загвараас илүүтэйгээр уян хатан бүтэц, орон нутгийн онцлогт тулгуурласан арга барил нь OTYP-ыг 20 орчим жил тогтвортой ажиллуулсан амин сүнс нь гэнэ.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг өөрсдийн түүхийг жүжиг, богино хэмжээний кино, дуу, бүжиг, цирк болгон олон хэлбэрээр илэрхийлэх, бусдадаа хуваалцах боломж олгодгоороо давуу талтай. Тухайлбал, Сиднейн залуустай хамтран “Wide open road” нэртэй жүжиг дэглэсэн нь “Opera house”-ын тайзанд хүртэл тоглогджээ. Түүнчлэн өсвөр үеийнхний түүхийг өгүүлсэн “Eyes to the floor” жүжиг нь орон нутгийн музей, бүсийн театрт уригдсан байна. Тосгоны хүүхдүүдийн найруулсан, гэр бүлийн тухай “Ties that bind” жүжиг нь Сиднейн төв театрт тоглогдсон гэх мэт арвин намтартай.
Хүүхдүүд энэ мэт театрын үйл ажиллагаанд бие даан оролцож санаа сэдэв олж, хамтдаа зохиож, тоглож, найруулж байгаа нь эдгээр ур чадварыг OTYP-оос суулгасантай нь холбоотой. Театраас хүүхдүүдэд зохиол бичих, жүжгийн ур чадвар эзэмших, тайзны техник ашиглах, дуу, бүжиг, хөгжмийн зэрэг сургалт, дугуйланд тогтмол хамруулдаг. Ийнхүү OTYP нь соёл, боловсролын “үр” тарьж ирсний ачаар Австралийн урлагийн сангуудаас удаа дараагийн санхүүжилт авч, улмаар 2009 онд улсдаа үнэлэгдэж, байнгын төсөвтэй болжээ. Үүнээс гадна хувийн сан, орон нутгийн ивээн тэтгэгчид дэмжлэг үзүүлдэг байна.
О.Бат-Ундрах
Эх сурвалж: outbacktheatre.com, artshub.com.au, acys.info