Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Манай парламентад улс төрч аавыгаа залгамжилж орж ир¬сэн цөөн хэдэн гишүүн бий. Тэдний нэг нь Б.Жаргалан юм. Түүний аав Н.Батбаяр УИХ-д 2004 оноос хойш тасралтгүй гурван удаа сонгогдож, Барилга, хот байгуулалтын болон Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч билээ. 1990-1992 онд АИХ-ын төлөөлөгчөөр ч сонгогдож байв. Олон нийт “Фортуна” хэмээх “хоч”-оор нь түүнийг илүү мэддэг. ТиймээсБ.Жаргалан эцгийнхээ нэ¬рээрулс төрийн хүрээлэлд таниг¬дан орж ирсэн гэхэд болно.
Тэрбээр Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр 2005 онд дүүргэсэн юм билээ. Үүнээс хойш л аавынхаа нөмөрт залгамжлагч нь болон бэлтгэгдэж ирсэн аж. Н.Батбаярын санаачилсан алт, зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах шийдвэрийг улсын эдийн засгийг аврахаас илүү хямраасан, олон ч хөрөнгө оруулагчийг үргээсэн хэмээн шүүмжилдэг. Тэгвэл уг санаачилгад Б.Жаргалан санаа бодлоо нэмсэн гэдэг мэдээлэл бий. Ер нь Н.Батбаяр ажил хэрэгтээ охиноосоо нэлээд зөвлөгөө авдаг байсан бололтой. Учир нь аавыгаа Эдийн засгийн хөгжлийн сайд байхад Б.Жаргалан орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
2020 оноос эл бүсгүй улс төрд хөл тавих оролдлогоо хийж эхэлжээ. Түүнийг аавынхаа сонгогдож явсан Архангай аймагт хүч үзэх нь гэсэн мэдээлэл тухайн үедээ гарч байв. 2024 онд ч мөн л тэндээс сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаглал байсан. Гэхдээ АН-ын жагсаалтын 14 дүгээрт бичигдэн УИХ-ын гишүүн болов. “Фортуна Батбаярын охин” гэдгээс өөрөөр тэр хэн бэ.
Тэрбээр МУИС-ийг 2020 онд эрх зүй мэргэжлээр төгссөн юм байна. Улс төрд хөл тавих гэж буй хүмүүс хуульч, эрх зүйчээр сурч төгсөх нь түгээмэл байдаг билээ. Мөн “Бодрол” нэрээр блог хөтөлж, нийгэм, улс төрийн чиглэлээр нийтлэл бичдэг байсан гэнэ. Энэ сонирхол нь магад “Ес далан зургаа” хэмээх сэтгүүл эрхлэн гаргахад хүргэсэн биз. 2009-2011 онд тус сэтгүүлийн ерөнхийэрхлэгчээр ажиллаж байсан тухай намтарт нь бичжээ. Мөн “Занаду арт” галерейг үүсгэн байгуулагч. “Элүдэй”, “Монгол түлхүүр” зэрэг компанитай, бизнес эрхлэгч.
2012-2013 онд сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласнаас өөрөөр төрийн албаны туршлага Б.Жаргаланд үгүй юм. Дүүрэг, сум, аймаг, нийслэлийн ИТХ-аас улс төрийн замналаа эхэлж, шат дараатай өгссөөр УИХ-ын гишүүн болсон хүмүүст олон нийт таатай ханддаг. Тэгвэл тэрбээр улс төрч эцгийнхээ нэр нөлөөгөөр танигдаж, тэр хэрээрээ намдаа “дээш татагджээ”. УИХ-ын гишүүний суудалд хүрэх гэж нэг их зовоогүймэт харагдана. Гэхдээ АН дотроо талцаж, дараа нь эв нийлэх үедээ 15 дэд дарга сонгосны нэг нь Б.Жаргалан юм. Тэгэхээр жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэхэд түүнд аавынх нь нөлөөнөөс гадна намын дэд даргынх нь албан тушаал ч тодорхой хэмжээнд тус болсон биз ээ. Учир нь 2023 оноос тэрбээр уг албан тушаалыг хашиж буй. Эдүгээ УИХ дахь АН-ын бүлэгтээ ч дэд даргаар ажилладаг.
Тэрбээр аавтайгаа ижил зан чанартай хэмээн ярьдаг юм билээ. Н.Батбаяр улс төрчийн замналынхаа сүүл үе рүү нэлээд “шашинлаг”, бэлгэдлийн тоо ярих дуртай болсон. Төрийн ордонд галын тахилга хүртэл хийж үзсэн юм даг. Гэхдээ одоогоор Б.Жаргалангаас иймэрхүү “хийсвэр” үг, санаачилга гараагүй байна. Анх удаа сонгогдсон хэдий ч энэ эмэгтэй аавыгаа дагаж олон жил улс төрийн эчнээ хичээл заалгасан, мөн 2020 оноос АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, 2023 оноос тэргүүнээр нь ажиллаж буй учраас харьцангуй буурьтай улс төрч болсон. Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ч, нийгмийн сүлжээнд ч тэрбээр нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. МАН-ынхан дотроо талцаж, хоёр талд гарын үсэг цуглуулж байхад Б.Жаргалан гишүүн аль алийг нь огцруулахыг дэмжсэн байна.
Түүнчлэн тэрбээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэмдэглэлт баяруудын жагсаалтад ардчилсан хувьсгалын ойг багтаах төсөл санаачлан батлуулсан юм. Ардчилсан хувьсгал бол Монгол Улсын шинэ үеийн түүх, чухал үйл явдал учраас хуульдаа тусгаж, тэмдэглэх ёстой гэсэн эл санаачилга нь олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн. Бусад гишүүнтэй хамтран өргөн барьсан хэд хэдэн ч хуулийн төсөл бий аж. Мөн АЭХ-ны тэргүүнийхээ хувиар нэлээд идэвхтэй ажилладаг юм байна. Тус холбооноос “Төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжүүлж, орон даяар эмэгтэй улс төрчдөө дэмжих сургалт, арга хэмжээ өрнүүлж буй.
Ийнхүү удам залгасан улс төрч УИХ-д нэгээр нэмэгджээ. Аавынхаа зарим алдаа, хийсвэрлэлийг л давтчихгүй бол ирэх гурван жилд өөрийгөө харуулах боломж түүнд бий.
С.Уул