Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн О.Урангарав сар бүрийн 15-нд цалингаа авдаг. Энэ сарынх нь цалин 17-ны өдөр бууснаар хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг худалдан авахаар явлаа. Гурван ам бүлтэй айл хагас сарын бүх хэрэглээндээ 400 000 төгрөг зарцуулах учиртай. О.Урангарав арай үнэ хямдыг нь бодож “Барс” захаар үйлчлүүлдэг. “Барс”-д уржигдрын байдлаар нэг кг будаа 3600-5000, сахар 3500, үхрийн ястай мах 19 000-20 000, ясгүй нь 22 000-23 000, хонины мах 16 000-17 000 төгрөгийн үнэтэй байв. Дотоодод үйлдвэрлэсэн 25 кг-ын савлагаатай гурил 56 000-58 000, төмс кг нь 2500, байцай болон сонгиныг 3000 төгрөгөөр үнэлжээ. О.Урангарав хонины мах, 10 кг-ын савлагаатай гурил, таван кг будаа, төмс, сонгино, байцай, элсэн чихэр, гоймон, шампунь, ариун цэврийн цаас, гар нүүрийн саван, аяга угаагч шингэн зэргийг худалдан авахад 296 000 орчим төгрөг зарцуулав. Ер нь хамгийн хямд бөгөөд хэрэглэж дассан зүйлсээ авсан нь энэ. Тэрбээр “Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам л өсөж байна. 25 кг-ын савлагаатай гурил саяхан л 25 000-30 000 төгрөг байсан. Будаа, элсэн чихэр 2500-3000, төмс ургац хураалтын дараа буюу өдийд 500-1000 төгрөгийн л үнэтэй байлаа шүү дээ. Гэтэл төмс кг нь 2500 төгрөг гэхээр хүнсний үнэ үнэхээр өндөр байна. Мах, гурил, төмс, будаа, элсэн чихэр зэрэг үндсэн хүнс авахад л хагас сарын цалингаа бүхэлд нь зарцуулдаг. Сүү, цагаан идээ, жимс, амттан бүр тансаг хэрэглээ болсон. Монгол цөцгий 200 грамм нь 5000, чихэртэй ааруул 500 грамм нь 25 000 төгрөг гэж байна. Бас ганц кг алим 10 000-аар авснаас хоёр кг будаа авсан нь дээр. Би өсвөр насны хүү, бага ангид сурдаг охинтой. Хүүхдүүдээ “тансаглуулах”, халаасны мөнгө өгөх, кино үзүүлэх, сургалт дугуйланд хамруулах нь бараг боломжгүй болжээ. Одоо түлээ, нүүрсээ авна. Цалин хаанаа ч хүрэхгүй юм” гэлээ. О.Урангаравынх хашаа, байшинтай. Зуухандаа өдөрт нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд сард 180 000 төгрөг одоогоор зарцуулж байна. Сайжруулсан түлшийг түлэхэд тун асуудалтай гэсэн. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад цогон дээр нь түлшээ хийж болдог байсан бол сайжруулсан түлш түлэх бүрд заавал их модоор ноцоох хэрэг гарна. Тиймээс нэг шуудай модыг 10 000 төгрөгөөр худалдан авна гэсэн үг. Ингээд түлшний зардал өвөлд, нэг сард бараг 400 000 төгрөгт хүрнэ. О.Урангарав хорооныхоо тохижилт, үйлчилгээний газарт ажилладаг. Энэ нь “Хот, тохижилтын газар”-ынхаас арай өөр, хорооноос зааж өгсөн зам, талбайг цэвэрлэдэг ажил юм. Сарын цалин, татварын дараах дүнгээр 800 000 төгрөг. Хүнс, түлшээ аваад, цахилгаан, зурагтынхаа мөнгийг төлөөд, хүүхдүүдийнхээ ангийн фондод сард нийт 30 000 төгрөг хураалгаад гар дээрээ хоосон үлддэг гэнэ. Бүр аппликэйшны зээлтэй. Гал түлэхгүй орчинд, тухтай амьдрах амьдрах нь түүний мөрөөдөл.
АЛИМ, ЖИМС ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БОЛЖЭЭ
Баянгол дүүргийн иргэн П.Билгүүнийх дөрвөн ам бүлтэй. Өрхийн тэргүүн П.Билгүүн банканд, гэргий нь сувилагчийн ажилтай. Сарын нийт орлого О.Урангаравынхаас гурав дахин өндөр буюу гурван сая гаруй төгрөг. Гэтэл хоёр өрөө байрных нь түрээс 1.6 сая төгрөг. Түрээсний байранд амьдраад таван жил болж буй. П.Билгүүн “Байрныхаа түрээсэнд орлогынхоо талаас илүү хувийг өгч байна. Жилд 15-20 сая төгрөгөөр байр түрээслээд удлаа. Зөвхөн түрээсэнд 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Орон сууцын түрээсний үнэ ч тогтмол өсөх юм. Гар утас, кабель, хүнс, ахуйн хэрэглээгээ тооцож үзвэл сард хоёр сая төгрөг элбэг зарцуулдаг. Бүх зүйлийн үнэ тасралтгүй өсөж байгаа учраас мөнгө хадгалж, байрны урьдчилгаа бэлтгэж чадахгүй байна” хэмээн ярив. Иргэд авч буй Хэрэглээгээ танасаар хэдий болтол тэсэх вэ цалин, орлого нь амьжиргаандаа хүрэлцдэггүй талаар ярьсаар л байна. Тэгвэл худалдаачид ч үүнтэй санал нэг байгаа юм. Баянгол дүүргийн “Орхон” худалдааны төвийн худалдагч Г.Сарнай “Манайх жимс, нарийн ногоо зардаг. Хүмүүсийн худалдан авах чадвар 4-5 жилийн өмнөхөөс харьцангуй муудлаа. Алим, усан үзэм, мөөг зэрэг нь тансаг хэрэглээ болчихлоо. Иргэд 1-2 кг алим, усан үзэм, нэмээд ганц нэг өөр жимс авахад л 100 000 төгрөг болчихдог. Тор хүрэхтэй, үгүйтэй жимсийг ийм мөнгөөр авах хүн олон биш. Манай ургацын хэмжээ бага байна уу дотоодын өргөст хэмх, улаан лооль, зэрлэг мөөг, жимсний үнэ ч өнгөрсөн жилийнхээс өндөр байна. Жилийн хугацаанд үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй” гэлээ.
Зах, дэлгүүр болон энд, тэнд таарсан, таних, танихгүй ямар ч хүнээс бараа, үйлчилгээний үнийн өсөлт, хэрэглээний зардал, цалин орлогыг нь асуухад дээрх хоёр хүнтэй адилхан хариулах болов уу. Авч буй цалин нь ялгаатай ч бид бүгд л инфляцад нухлагдан, түрээсний төлбөр болон бусад зардалдаа цалин, орлогоо зарцуулаад дуусдаг. Зүй нь цаг хугацаа өнгөрч, сар жил явах тусам хүний, айл өрхийн амьдрал сайжирч, илүү тохь тухтай орчин бүрдүүлж, хуримтлал үүсгэж, аялж зугаалж, спортоор хичээллэн, урлагийн байгууллагаар үйлчлүүлж, “хүний дайтай” амьдрах учиртай биш гэж үү. Гэтэл Монголчуудад тийм боломж, тэр боломжийг бүрдүүлэх мөнгө нь алга. Олсон орлого нь хэрэглээгээ дөнгөн данган хангаад дуусдаг, огт хүрэлцдэггүй хэвээр. Үүнийг хэрхэн засаж залруулж, бид илүү хангалуун амьдарч болох бол. Энэ талаар эдийн засагчид, мэргэжилтнүүдийн төлөөлөл ийн ярив.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ СЭН
Эдийн засагч, судлаач, доктор Л.Оюун “Улс орны хөгжил үйлдвэрлэлээс хамаардаг. Бид хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх учиртай. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд, дэмжээд өгвөл түүнийг дагаад ажлын байр олширно. Бүтээмж сайтай, сайн үйлдвэрүүд олон бол цалин хөлс ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Цалин өсвөл иргэдийн амьдрал ахуй аяндаа сайжирна. Түүнээс юмны үнэ, бараа, үйлчилгээний хөлстэй “хөөцөлдөөд” ямар ч амжилт гарахгүй. Үнэ бол зах зээлийн зарчмаар тогтдог, барих боломжгүй зүйл. Харин импортын хамаарлыг бууруулж, хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болж байж бидний амьдрал сайжирна. Түүнчлэн бүх хүнийг ямар ч ажил, бизнес хийх нөхцөл боломжоор хангаж, татвар болон шимтгэлийн дарамтгүй байлгавал зохино. Одоо жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ажиллах, томрох боломж бага байна. Бүгд татварын болон нийгмийн даатгалын өртэй, хөрөнгө оруулалтын зээлтэй учраас төдийлөн томорч, ажилчдадаа боломжийн цалин өгч чадахгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд эргэлдээд байгаа хэрэг. Иргэдийн орлого бага учраас худалдан авалт муу, худалдан авалт муу байдаг нь үйлдвэрлэлийг бууруулдаг. Үйлдвэрлэлийн борлуулалт, ашиг бага байх нь эргээд цалин орлого өсөх боломжийг хааж, гачигдалд оруулдаг. Тиймээс хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрүүдийг олшруулж, бүтээмжийг нь сайжруулж, томруулан, илүү олон ажлын байр үүсгэх улмаар цалин хөлс нь өндөр байлгахад л анхаарах учиртай” хэмээв.
Манай улсын ядуурлын түвшин одоогоор 28 орчим хувьтай, 920 000 орчим хүн ядуу буюу сард 419 000 төгрөгөөс доогуур орлоготой амьдардаг гэсэн статистик бий. Ийнхүү ядуу, орлого багатай байх нь биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийг доройтуулж, сэтгэл гутралд хүргэдэг юм байна. Мөн архидалтыг гааруулж, мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүсийн тоог ч нэмдэг аж. Энэ тухай сэтгэл судлаач Г.Ариунтуяа “Гэр бүл салалт, архидалт зэрэг асуудал орлогын хэмжээтэй бараг л шууд хамааралтай гэж болно. Хэдий чинээ ядуу, нөхцөл боломж тааруу амьдарна төдий чинээ стрестэй, амьдралын буруу дадал зуршилтай байна гэсэн үг. Стрес, амьдралын буруу зуршил нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дундаж наслалтыг богиносгодог. Ерөөсөө хүний өнөөдөр олж буй орлого, маргааш ямар ааш гаргах, түүний дараа өдөр ямар өвчин тусахад нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс иргэдийн сэтгэл зүйг хэвийн байлгаж, эрүүл мэндийг дэмжье гэвэл орлогыг л сайжруулах учиртай. Эдийн засгийн чадамж бол бүх зүйлийн хөшүүрэг” гэсэн юм.
Хүн дээд боловсрол болон нарийн мэргэжил эзэмшээгүй байж болно. Боловсрол эзэмших нөхцөл, боломж хүн бүрд өөр учраас заавал өндөр цалин орлого олдог салбарт ажилладаг, ажиллахад шаардлагатай чадвар эзэмшсэн алба байхгүй. Бага цалин авдаг хүнийг илүү дээр орлоготой ажил хий, илүү хичээх хэрэгтэй гэх нь утгагүй. Улс орныхоо хаана ч, юу ч хийсэн хөдөлмөрөө зүй зохисоор үнэлүүлдэг, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцдэг, цаг хугацаа өнгөрөх тусам илүү тохь тухтай орчин бүрдүүлж чаддаг байхад л хангалттай. Улс орнууд асар хурдтай хөгжиж, иргэдийнх нь амьдрал өдрөөс өдөрт сайжирч буй. Манай урд хөрш БНХАУ гэхэд 2018-2023 онд бараг 70 сая хүнийг ядуурлаас гаргаснаа мэдээлсэн. Гэтэл бид улам л хэрэглээгээ танаж, “инфляц өслөө, худалдан авах чадвар муудлаа, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, эдийн засгаа солонгоруулъя, цалин, тэтгэврээ нэмье” гэсэн үгсийг хүн бүр цээжилтэл ярьсаар л сууна.
С.Дулам