Иргэн С.Нарантуяа “Би 1990 оноос Гандангийн дэнжид амьдарч байна. Гандан орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгохыг дэмжинэ. Жуулчид ч олноор ирдэг. Тиймээс гудамж талбайг нь засаж, сайжруулбал олон хүн сонирхох нь тодорхой. Гэхдээ улсаас “Ганданг хөгжүүлэх төлөвлөгөө” гэх мэт олон төсөл, хөтөлбөр танилцуулдаг ч одоо болтол бидний тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй л байна. Аялал жуулчлалын бүс болгоно гэж ч олон жил ярьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа оршин суугчдаас санал асуулга авсан. Санал асуулгаар иргэд төвлөрсөн шугам сүлжээг нь шийдвэл хувийн амины орон сууц барина гэдгээ илэрхийлсэн” гэв.
Нийслэлд ирсэн жуулчдын заавал зорин оч дог газрын нэг нь Гандантэгчинлэн хийд. Тиймээс Гандангийн дэнжийн уламжлалт дүр төрхийг хадгалж, аялал жуулчлалын бүс болгох төлөвлөгөө 1990 оноос өмнө буюу социалист нийгмийн үеэс эхлэлтэй. Гэвч олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болгон хэрэгжүүлсэн нь үгүй. Улмаар төв гудамжны хоёр тал эмх замбараагүй барилгуудаар дүүрч, айл бүр хашаандаа дур зоргоороо байшин, нийтийн байр сүндэрлүүлэх болсон. Угтаа Гандангийн дэнж нь улсын хэмжээнд түүхэн сүм хийдийг дагалдсан суурьшлын бүстэйгээ үлдсэн цор ганц түүхэн байгууламж юм. Гандангийн дэнжтэй Нийслэл хүрээ өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэр чигтээ улсын тусгай хамгаалалттай бүс гэсэн үг. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг улсын тусгай хамгаалалтад 1994 онд авсан байдаг. Гэвч 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш тусгай хамгаалалттай газрыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлснээс үүдэн Гандан өнөөгийн дүр төрхөө олжээ. Улмаар яаж ч тордож, сайжруулах гэсэн өмчийн эзэдтэй харилцах асуудал сүүлийн жилүүдэд тулгарах болсон аж.
ХОТ ДОТОРХ ЖОРЛОН
Гандан орчмын нэг айлын хашаа гурав ба түүнээс олон жорлонгийн нүхтэй. Улмаар эрүүл хөрсгүй, дахин нойл ухах ямар ч боломжгүй байдалд хүрсэн тухай судлаачид хэлж байна. Тухайлбал, 2025 оны зургаадугаар сард хийсэн хөрсний шинжилгээгээр Улаанбаатар хотын есөн дүүргийн 23 байршлын 60 гаруй хувьд нь хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байв. Эдгээр байршилд Гандангийн дэнж ч багтаж буй. Шинжилгээгээр хар тугалга, цайр, мөнгөн ус гэх зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис илрүүлсэн бөгөөд эдгээр нь мэдрэлийн тогтолцоог гэмтээж, үргүйдэл, хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Тус хорооны иргэн Г.Хандсүрэн “Манайх 20-иод жилийн хугацаанд хашаандаа 2-3 метрийн гүн жорлонгийн нүх хоёр удаа ухсан. 10 орчим жил болоход жорлон дүүрч ашиглах боломжгүй болдог. Зуны улиралд бороо их орохоор бас халина. Айлууд сүүлийн үед бохироо соруулдаг эко жорлон хийлгэдэг болсон. Харин манайх нүхэн жорлонтой болохоор бохирыг нь соруулах боломжгүй. Учир нь хөрс нураад бөглөрчихдөг” гэсэн юм.
Батцагаан дуганы алтан шаргал дээвэр, сүрлэг барилгын сүүдэрт орших, нийслэлийн хамгийн их жуулчин холхидог Гандангийн дэнж өдгөө хот доторх жорлон болчхоод байна. Далхын дэнж гэх газарт “Шар сүм” нэртэйгээр 1809 онд анх суурийг нь тавьж, V богдын зарлигаар 30 жилийн дараа Их хотын мандлын сүмийг байгуулсан нь бидний мэдэх Гандантэгчэнлин хийд юм. Харин Далхын дэнж бол гэр хорооллынхны угаадас, үнс, шороо бужигнаж, утаа суунагласан өнөөгийн Гандангийн дэнж билээ.
Богд хааны санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй Мэгжид Жанрайсиг бурхныг бү тээж, уг хийдэд залсан. Энэ утгаараа Гандан бол Монголын бурхан шашны түүх, дурсгал, нийслэлийн үүсэл хөгжлийг хадгалсан гол цэг. Гэтэл XXI зуунд, Улаанбаатар хэдийн метрополис хот болчхоод байхад Гандангийн дэнж шавар байшин, банзан хашаа, навсайсан гэр, модон жорлонгоосоо салаагүй л явна. Гандан орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, цэгцэлж, хотын төвөө угаадас, ялгадаснаас салгана гэж шийдвэр гаргагчид сүүлийн 30 жил амласан ч бодит байдалд төдийлөн өөрчлөгдсөнгүй. Тэд одоо болтол хотын төвд утаа “үйлдвэрлэж”, үнс бужигнуулж, угаадсаа урсгасаар л сууна.
“ЖИШИГ ГУДАМЖ” БОЛГОН ТОХИЖУУЛАХ ЭЭЛЖИТ МӨРӨӨДӨЛ
Гандангийн дэнжид 1300 орчим өрх оршин суудаг. Үүнээс инженерийн шугам сүлжээнд огт холбогдоогүй, галлагаатай 550 айл бий. Мөн 170 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий бөгөөд бүгд аялал жуулчлалын бүс болох боломжтой аж. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар сая л ухаан оров уу гэлтэй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна хэмээн мэдэгдсэн. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд одоогоор 35 айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Гандангийн дэнжийн гэр хорооллын болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж, айл өрхүүдийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь галлагаатай өрхүүдийн газрыг чөлөөлж, шинээр дахин төлөвлөх байдаг. Тиймээс төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айлуудын газрыг үнэ тохирон чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр, агаар, орчны бохирдолгүй болгоё гэвэл нийслэлээс дэвшүүлж буй газар чөлөөлөх ажилд нэгдэх хэрэгтэй. Бид чөлөөлсөн газарт барилга байгууламж барихгүй. Харин ногоон байгууламж бүхий зурвас үүсгэж, тохижуулна. Тохижилт хийснээр Урт цагаанаас Гандангийн зүүн хаалга хүртэл явган зорчигчид автомашины хөдөлгөөнтэй давхцалгүйгээр зорчих боломжтой болно” гэсэн юм. Ингэхдээ Гандангийн зүүн талын хаалганаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж болгох юм байх. Мөн байшин, гудамжнууд нь төв Гандангийнхаа архитектурын ерөнхий шийдлийг барьсан, орчин үеийн хэв загвартай, жигд байх ёстой гэж төлөвлөсөн байна. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүйгээр хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм байна.
Гандангийн дэнжийг дахин төлөвлөх асуудал нь нийслэлийн удирдлагуудын хувьд өдгөө мөнхийн амлалт нь болж хувираад байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үе үеийн нийслэлийн Засаг дарга нар энэ төслийг сонгогчдоос “оноо” авах хамгийн гол “зэвсэг” болгон ашигласаар ирсэн түүхтэй. Тус бүсийг жишиг гудамж болгон хөгжүүлэх тухай хар мянган төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, судалгаа хийж, зураг төсөл батлахад олон тэрбум төгрөг зарцуулсан ч харамсалтай нь амжилттай хэрэгжүүлсэн түүх ганц ч байхгүй. Үндсэндээ тэдний тасралтгүй үргэлжилсэн бүтэлгүйтэл, худал амлалт нь иргэдийн итгэх итгэлийг алдагдуулж, одоогийн шийдвэрийг ч өмнөх популист амлалтуудтай адилтган хүлээж авах шалтгаан болж байна.
“ГАЗРЫН ЭЗЭД ӨМЧӨӨ ХЭРХЭН АШИГЛАХ ТУХАЙ НАРИЙВЧЛАН ЗААСАН ДҮРЭМ, ЖУРАМ ХЭРЭГТЭЙ”
“Нью урбанизм” компанийн захирал, хот төлөвлөгч З.Туяа “Дахин төлөвлөлтийг газрын эзэдтэй нь хамтран хийх ёстой. Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай 2012 оноос улсын хэмжээнд эрчимтэй хэлэлцэж эхэлсэн. Тухайн үед Гандан орчмыг дахин төлөвлөнө гэхэд иргэд 1000 хүний гарын үсэг цуглуулж, эсэргүүцсэн. Харин хотын дарга Гандангийн дэнжийг ногоон байгууламж болгоно хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Миний хувьд үүнд эргэлзэж байна. Учир нь Богд уулын амыг зуслангийн бүсээс салгаж, чөлөөлсөн. Гэтэл дараа нь эл уулын ам болгон эзэнтэй болсон шүү дээ. Одоо Ганданг чөлөөлж байна. Дараа нь “Бид Гандангаа өндөр үнэтэй орон сууц болгоно” гэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бас Хотын дарга иргэдийг эх оронч бай, газраа чөлөөл гэнэ лээ. Уг нь газрын эзэд бол өөрсдийнхөө өмчийг л хамгаалж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь салбарын яамныхан яг юу хийгээд байна вэ. Хөндлөнгөөс харахад өөрсдийгөө их л сайн, сайхан ажил хийлээ гэж ярих юм. Уг нь газрыг хэдийн хүмүүст өмчлүүлчихсэн шүү дээ. Тэгэхээр газрын эзэд өмчөө хэрхэн ашиглах тухай үүрэг, хариуцлагыг нь нарийвчлан тусгасан дүрэм, журамтай байх хэрэгтэй. Бас ямар ч төлөвлөгөө, судалгаагүйгээр шууд л газар чөлөөлж, хөрөнгө босгоход улайрах юм.
Хот төлөвлөлт бол шинжлэх ухаанд суурилсан бие даасан салбар гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг болсон. Бид төлөвлөлтийн үйл явцыг удирдахад суралцмаар байна. Өөрөөр хэлбэл, хот байгуулах үйл ажиллагааны удирдлагыг сайжруулах хэрэгтэй. Хотжих үйл явцыг удирдаж чадаагүйн хор, хохирлоо өдгөө бид биеэрээ амсаж байна. Манай хотод дүрэм, журам л хэрэгтэй” гэсэн юм.
СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНД БОЛГОХ БОЛОМЖТОЙ
Олны хэлж заншсанаар “Модны-2”, “Нисдэг машин”, III, IV хорооллын бүсэд жил ирэх тусам худалдааны төв, авто засварын газар, ресторан, зочид буудал, оффисын барилгууд эгнэн сүндэрлэж байна. Гэхдээ энэ олон өндөр, шилэн барилгын ард жорлон нь хальж, бохир нь урсаж, үнс бужигнасан гэр хороолол оршдог гэдгийг гаднаас нь харахад төсөөлөхийн аргагүй. Бодит байдалд өндөр барилгын сүрд дарагдсан хашааны ард хөлдсөн угаадас, өгөршин муудсан банз л угтдаг. Энэ бол зөвхөн хотын гоо зүйн асуудал биш. Манай нийслэлд 4-5 давхар барилгыг буулгаж 15-20 давхар болгодог жишиг бүр тогтчихсон. Ингэхдээ тухайн байршлын дэд бүтэц, авто замын хүрэлцээг үл тоож, зөвхөн ашиг орлого олоход улайрсаар түгжрэлд үлэмж хувь нэмэр оруулдаг нь үнэн. Улмаар хүний эрхэд суурилсан хот төлөвлөлт алдагдаж, оршин суугчдын эрүүл, аюулгүй ор чинд амьдрах эрх зөрчигдөж байна.
Гандангийн дэнж бол Улаанбаатар хотын түүх, шашин, соёлын өвийг хадгалсан, үнэлж баршгүй бодит музей юм. Тухайлбал, Италийн алдарт жүжигчин Моника Беллуччигийн гол дүрд нь тоглосон “Stone сouncil” киноны зураг авалтыг тэнд хийсэн байдаг. Энэ нь Гандангийн дэнж зөвхөн бидэнд бус олон улсын хэмжээнд ч түүх, соёлын өндөр үнэ цэнтэй газар гэдгийг нотолж буй юм. Гандан бол зүгээр нэг хаана ч барьж болох ногоон байгууламж биш, харин хотын үүсэл, шашин, соёлыг хадгалсан өвөрмөц онцлогтой газар. Тиймээс үүнийг сүйтгэхгүйгээр, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах замаар соёлын аялал жуулчлалын гол брэнд болгож хөгжүүлэх нь Улаанбаатар хотын жинхэнэ бодлого байх ёстой. Үндсэндээ шийдвэр гаргах түвшний хүмүүс эхлээд консепцоо зөв тодорхойлох хэрэгтэй байна.
Э.Сүйлэн