“Аваргуудын лиг”-т “Интер” багтай тоглох “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд М.Салах багтаагүй нь сүүлийн үед тус багт үргэлжилж буй дуулианы оргил цэг боллоо. “Ливерпуль”-ийн лидер, амьд домог болсон египет тоглогчийн форм тааруу байгаа учраас Премьер лигийн сүүлийн гурван тойрогт сэлгээнд суусан бол энэ удаад тоглолтын мэдүүлэгт ч багтсангүй. Энэ нь хэд хоногийн өмнө М.Салахын өгсөн ярилцлагаас шалтгаалсан байх бүрэн магадлалтай юм.
ЮУ БОЛОВ
М.Салах болон ерөнхий дасгалжуулагч А.Слот нарын зөрчлийн талаар “Ливерпуль” албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Гэвч удирдах зөвлөл дасгалжуулагчийг дэмжиж буй учир ойрын хугацаанд египет тоглогчийн ирээдүйн талаар шийдвэр гаргана гэсэн мэдээлэл хэвлэлд түгэх болов. Эл мэдээллийг “The Athletic” баталсан бөгөөд тус эх сурвалжийн мэдээлснээр хэрэв нэгдүгээр сард М.Салах багаас явах хүсэлт гаргавал зөвшөөрөх аж. Харин Caught Offside вэбсайтад түүнийг “АльИттихад”, “Аль-Хилаль” баг сонирхож буй бөгөөд 80-100 сая еврогоор худалдаж авах санал тавих гэж байгаа тухай дурдсан. Гэхдээ Transfermarkt хэмээх нэр хүндтэй вэбсайтын шинжээчид М.Салахын үнэлгээг 45 сая гэж тооцжээ.
М.САЛАХ ЮУ ГЭЖ ЯРИВ
Премьер лигийн 15 дугаар тойрогт “Лидс” багтай тоглосны дараа египет тоглогчийн өгсөн ярилцлага дуулианы эхлэл болсон юм. “Маш их гайхаж байна. Сүүлийн жилүүдэд, ялангуяа өнгөрсөн улиралд би энэ багийн төлөө ихийг хийсэн. Итгэж ч чадахгүй нь... Дахиад л сэлгээнд 90 минут суулаа. Баг намайг буруутан болгож буй мэт санагдаж байна. Бүх бурууг надад тохохыг хэн нэг нь хүсэж байгаа бололтой. Өнгөрсөн зун надад ихийг амласан, гэтэл гурван тоглолт дараалж сэлгээнд суулаа. Би ийм байдалтай эвлэрэхгүй” хэмээн М.Салах ярьсан билээ.
Харин дасгалжуулагч А.Слотын талаар “Дасгалжуулагчтайгаа сайхан харилцаатай гэж би өмнө нь олонтоо ярьсан бол одоо бид хоёрын хооронд юу ч байхаа больсон. Тэр намайг энэ багт байлгахыг хүсэхгүй байна. Дахин хэлэхэд бид хоёрын хооронд ямар ч харилцаа байхаа больсон. Гэхдээ тэр миний байдлыг ойлгож байгаа” хэмээн өгүүлсэн. Мөн ярилцлагын төгсгөлд “Би энэ багийг үргэлж дэмжинэ, хүүхдүүд маань ч дэмжих болно. Би энэ багт хайртай. Энэ тойрогт үндсэн бүрэлдэхүүнд тоглохгүй гэдгээ мэдэж байсан учир дараагийнхад “Брайтон”-той хийх тоглолтыг үзээрэй гэж би ээждээ хэлсэн. Намайг талбайд гаргахгүй байсан ч тоглолт үзэж баясаг гэж бодсон. Цаашид юу болохыг мэдэхгүй. Уг тоглолт “Энфильд”-д болох учраас Африкийн цомд явахаас өмнө хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс хийж болох юм. Гэхдээ тэр тоглолтод талбайд гарах эсэхээ мэдэхгүй” гэжээ.
А.СЛОТЫН ТАЙЛБАР
М.Салахыг “Интер”-ийн эсрэг тоглолтод оролцуулахгүй байх шийдвэр нь спортын албаны дарга Х.Хьюз, А.Слот нарын хамтын шийдвэр бөгөөд энэ нь “шийтгэл” бус, харин болж буй үйл явдалд үзүүлж буй хариу үйлдэл хэмээн “The Athletic” бичсэн байна. Багийн зүгээс М.Салахт ямар нэг сахилгын арга хэмжээ авахгүй төдийгүй эл таагүй байдлыг засаж чадна гэдэгт “Ливерпуль” итгэж байгаа аж. “Интер”-ийн эсрэг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр А.Слот юу гэж ярьсныг сонирхуулъя.
-Та М.Салахын ярилцлагын талаар юу гэж бодож байна вэ?
-Хэн нэгэн бурууг өөрт нь тохохыг хичээж байна гэдгээрээ хэнийг хэлснийг нь сайн ойлгоогүй байна. Багтай хамт явахгүй гэдгийг бид түүнд ойлгуулсан. Үүнээс өөр зүйл түүнд хэлээгүй.
-Та хоёрын харилцаа нуран унасан уу?
-Тэгж бодохгүй байна. Түүнд тодорхой мэдрэмж төрөх, түүнийгээ илэрхийлэх бүрэн эрх бий. Могийн яриа надад гэнэтийн явдал болсон.
-Тэр “Брайтон”-ы эсрэг тоглох уу?
-Бид “Интер”-ийн эсрэг чухал тоглолттой. Түүний маргааш юу болох нь вэ харъя. Байдлыг өөрчлөх боломж тоглогчид үргэлж байдаг гэдэгт би итгэдэг.
-М.Салах “Ливерпуль”-ийн төлөө дахин тоглохгүй байх боломжтой юу?
-Бүү мэд. Одоо энэ асуултад хариулж чадахгүй нь. Эцэст өгүүлэхэд, энэ сарын 21-нээс 2026 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Африкийн цомын тэмцээн Марокко улсад болно. Египетийн шигшээ В хэсэгт ӨАБНУ, Ангол, Зимбабвегийн шигшээ багтай тоглох хуваарьтай. Ингэснээр М.Салах “Брайтон”-ы эсрэг тоглолтын дараа шигшээ багтаа нэгдэхээр “Ливерпуль”-ийг орхих юм. Магадгүй энэ нь египет тоглогчийн “улаанууд”-ын төлөөх сүүлчийн тоглолт байж болох билээ.
Э.Манлайбаатар