Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн ахлах багш, доктор Б.Эркигүлтэй ярилцлаа. Тэрбээр ШУТИС-ийг 2004 онд хүнс үйлдвэрлэлийн технологич, эрүүл ахуйч мэргэжлээр төгсөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар БНХАУ-д “Бэлчээрийн болон суурин маллагаатай хонины махны үнэр, амтын ялгаа, тосны хүчил, тостой хамааралтай гений илэрхийллийн түвшин” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Өдгөө судалгааны багийнхны хамтаар Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) “INFOODS” (International network of food data systems) хүнсний найрлагын мэдээллийн олон улсын санд монголчуудын уламжлалт хүнс, түүхий эд, хоолны найрлагын мэдээллийг нэгтгэн оруулахын зэрэгцээ Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн сан байгуулах багт Монголын талын удирдагчаар ажиллаж байна.
-Та судалгааны багийнхаа хэрэгжүүлж буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Бид Азийн 13 орныг хамруулсан хүнсний найрлагын мэдээллийн сан бүрдүүлэх төсөлд шалгаран оролцож байна. Төслийг БНСУ-д төвтэй Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын санаа чилга (Asian food and agriculture cooperation initiative-AFACI)-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсаас энэхүү төслийн гүйцэтгэгчээр нь ХААИС-ийн багш, судлаачид хамтран ажиллаж буй хэрэг.
Анх бид 2019 онд төслийн мэдээллийг авч, холбогдох бэлтгэл ажлыг хангаснаар төсөл хэрэгжүүлэх эрхээ авсан. Гол зорилго нь Азийн хүнсний соёл, биологийн олон янз байдлыг хадгалахуйц хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг баталгаажуулан, хүнсний найрлагын мэдээллийн санг бүрдүүлж нэгтгэн сурталчлах юм. Төслийн эхний үе шат буюу 2021-2024 онд Монгол Улсын 13 аймгаар явж, 15 аж ахуй нэгжтэй хамтран хөдөө аж ахуйн гаралтай 108 нэр, төрлийн хүнсний 14 бүлгийн дээжийг цуглуулж, 16 үзүүлэлтээр тодорхойлсон. Тухайлбал үр тариа, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, хүнсний ногоо ба түүний гаралтай бүтээгдэхүүнүүд гэх мэт. Төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж, цуглуулсан дээж болон найрлагын талаарх мэдээллийг олон улсад мөрддөг стандарт, шаардлагын дагуу бий болгон 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласны үр дүнд 2024-2027 онд хоёрдугаар үе шатыг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Үүүний хүрээнд ахиад 100 хүнс нэмээд монголчуудын уламжлалт 10 хоолны түүхий эд, найрлага, технологийн онцлогийг боловсруулж, мэдээллийг нь нэгтгэж байна. Дээж цуглуулахаас эхлүүлэн шинжлэх, баталгаажуулах бүх ажлыг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу хийдэг. Бидний ажлыг олон улсын экспертүүд дахин хянан баталгаажуулдаг юм. Эхний ээлжид бид хөдөө аж ахуйн гаралтай 108 төрлийн түүхий эдийн мэдээллийг санхүү жүүлэгч байгууллагад хүлээлгэж өгснөөс 99 бүтээгдэхүүний үр дүнг олон улсын шинжээчид эцэслэн баталгаажуулж, төсөлд хамрагдсан бусад улсынхтай нэгтгэн Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээлийн санд болон INFOODS-д нийтлэхэд бэлэн болсон.
-Найрлагын мэдээлэл гэхээр тухайн түүхий эд, хүнсэнд агуулагдаж буй аминдэм, уураг зэргийг тодорхойлдог гэсэн үг үү?
-Тийм. 16 үзүүлэлтээр буюу тухайн хүнсний түүхий бүтээгдэхүүн дэх уураг, тос, үнслэг, нүүрс ус бас Na, Fe, Ca, K, P зэрэг эрдэс бодис, полийн хүчил, A, B1, B2, C гэх мэт аминдэмийг олон улсад хүлээлэн зөвшөөрсөн стандарт арга, аргачлалаар тодорхойлж сан бүрдүүлсэн.
-Дээж болгон цуглуулсан хүнс, түүхий эдийг ямар шалгуураар сонгов?
-Төслийн удирдах хорооныхон жилд 1-2 удаа хуралдан шаардлагатай зөвлөмж, чиглүүлэг өгдөг. Ингэхдээ тухайн улс үндэстний уламжлалт болон өргөн хэрэглэдэг хүнс, онцлог түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох талаар зөвшилцөн, шалгуурыг гарган баталгаажуулдаг. Бид дээжээ сонгохдоо таван шалгуур үзүүлэлт баримталсан. Тодруулбал, монгол хүмүүсийн өргөн хэрэглээний хүнс буюу гурил, мах, сүү зэргийг сонгосон. Тухайн орны хоол, хүнсний соёл, онцлогийг таниулах учраас айраг, шимийн архи, бас нутгийн онцлог шингэсэн чацаргана, цаа бугын сүү, тарвас, хушны самрыг сонгосон. Түүнчлэн экспортод чиглэсэн зарим хүнсийг багтаасан. Ингээд эхний үе шатанд хүнсний 25 ногоо, үр тариа, түүгээр хийсэн 18 бүтээгдэхүүн, 22 төрлийн цагаан идээ болон бог, бодын 10 төрлийн мах, махан бүтээгдэхүүний найрлагыг шинжилсэн.

ХУШНЫ САМАР ТӨМӨР, ТОСООР ХАМГИЙН БАЯЛАГ
-Эдгээр хүнс, түүхий эд нь ямар шинж чанартай, юу агуулсан байна вэ?
-Судалгаанд хамруулсан бүтээгдэхүүнүүдээ Азийн 13 улсын түүхий эдтэй харьцуулан жишихэд монгол малын борц бол уургийн агууламжаар хамгийн өндөр нь юм байна лээ. Бас кальциар хамгийн баялаг нь цаа бугын сүү, бүхэл үрийн гурил, маалингын үр, яншуй. Харин хуш модны самрын чөмөг нь 100 граммдаа 675 ккал илчлэгтэй, 8.6 хувийн чийглэг, 15 хувийн уураглаг, 60 хувийн тостой, төмрийн агууламж харьцангуй өндөр буюу 28 мг гэж гарсан. Хэрэглэгчид энэхүү мэдээллээс хуш модны самрын чөмөг нь төмрийн агууламж өндөртэйг ойлгох боломжтой. Хүрэн манжин гэхэд калийн агууламж бусад ногооноос их.
-Хүнснээс хамгийн сайныг нь тодорхойлж болдог уу. Хүмүүс зөв хооллоё, шимтэй хүнс хэрэглэе, эсвэл хоолны дэглэм барьж туръя, гоолиг болцгооё гэх болсон.
-Шим тэжээлийн үзүүлэлтийг тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх нь олон талын ач холбогдолтой. Тухайн хүнсний найрлагаас хүн ямар хэмжээний уураг, тос, аминдэм авахаа мэдэх, тэнцвэртэй хооллолтын эх сурвалж болно. Нөгөөтээгүүр, хүнс, хоолыг хамгийн сайн, эсвэл муу гэж ангилах нь учир дутагдалтай. Түүхий эд, бүтээгдэхүүн бүрийн найрлага, агуулагдах шим тэжээлийн бодис харилцан адилгүй. Хүн уураглаг хүнс идье гэвэл бяслаг, ээзгий сонгох хэрэгтэй. Харин хоол боловсруулах эрхтнийхээ үйл ажиллагааг дэмжих бол эслэг өндөртэй ашигтай бактери агуулсан исгэлэн цагаан идээ буюу айраг, тараг уувал зохилтой. Түүнээс аль нэг хүнс жишээлбэл, төмс, гурил идэхгүй байвал турна, эрүүл болно гэх нь буруу.
-Эрүүл хоол гэж их ярих боллоо. Хоол, хүнсний эрүүл, эсэхийг юугаар хэмжих бол?
-Дээр дурдсанчлан хоол, хүнс, түүхий эд бүр өөр хоорондоо ялгаатай бодисын агууламжтай, харилцан адилгүй бүтээгдэхүүн. Ямар ч хүнсийг илүүдүүлж хэрэглэвэл түүнтэй холбоотой эмгэг үүсэх, харин зарим хүнсний хэрэглээг хязгаарлавал шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Үүнээс гадна эрүүл хүнс гэдэг үгийг би учир дутагдалтай гэж боддог. Аюулгүй хоол, хүнс гэвэл зохино. Энэ нь тухайн хүнс, түүхий эдийн үүсэл гарал тодорхой, бэлтгэх, боловсруулах явц нь стандартын дагуу бөгөөд хадгалалт, түгээлт нь шаардлага хангаж байвал хүнд сөрөг нөлөөгүй, аюулгүй гэсэн үг. Мөн аль болох олон төрлийн хоол, хүнс, үр тариа идэх нь янз бүрийн аминдэм, шимт бодис авах үүсгэвэр болно. Тиймээс ч хүнсний найрлагын мэдээллийн санг бий болгох, хүмүүсийн суурь хэрэгцээ болох хүнсээр дамжуулан түүхий эд, найрлагынх нь мэдээллийг олгох, мэдлэгжүүлэхээр Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын санаачилга байгууллагаас (AFACI) төсөл хэрэгжүүлж буй хэрэг. Мөн хоол, хүнсний зөвлөмж, олон улсын чиг хандлагыг анзаарч байх учиртай. Хэт боловсруулсан хүнсээс татгалз. Хэт боловсруулахын хэрээр тухайн хүнсний шим тэжээл буурдаг.
-Уламжлалт 10 хоолны орц, найрлагыг судалсан гэсэн. Ямар хоол судалж, ямар мэдээлэл бэлтгэв?
-Уламжлалт хоол, хүнсний мэдээллийг бид төслийн хоёрдугаар үе шатанд бэлтгэж буй. Энэхүү мэдээлэлд үндэслэн Азийн орнуудын хоолны соёл, онцлогийг харуулсан дижитал католог үүсгэх зорилготой. Уламжлалт 10 хоолонд бууз, хуушуур, банштай цай, гүзээний хорхог, говийн цагаан шувуу, таван цулын болон битүү шөл, бантан, цуйван, гурилтай шөлийг багтаасан. Эдгээрийн орц, жор, технологи ажиллагааг нэг бүрчлэн тайлбарласан юм. Технологи боловсруулалтын мэдээллийг нэгтгэхдээ зураг авалтыг нь мэргэжлийн студид хийх жишээтэй. Ингэснээр монгол хоолны соёлыг дэлхийд сурталчлан, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Түүнчлэн бидний бэлтгэж буй хүнсний найрлагын нээлттэй мэдээллийн санг үдийн цай хөтөлбөр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн цэс боловсруулахад ашиглах, хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгод хэрэглэх, судалгаа, шинжилгээний ажилд эшлэх зэрэг боломжтой. Ер нь хоол тэжээлийн талаарх үндсэн суурь мэдээлэл бэлтгэж байгаа нь манай улсад анхдагч юм.
-Банштай цай гэснээс сүү, махыг хамт хэрэглэх нь эрүүл мэндэд муу гэх болсон. Энэ үнэн үү?
-Шимэгдэлтийн эсрэг хүчин зүйл буюу нэг төрлийн хоол, хүнс дэх шим тэжээлийн бодис нь нөгөөгийнхөө шимэгдэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг юм билээ. Гэхдээ бид энэ сайн, эсвэл муу хоол гэж дүгнэлт гаргахгүй шүү дээ. Манай улсын уламжлалт, хамгийн түгээмэл иддэг 10 хоол бол энэ, үүнд ийм ийм түүхий эд орж, ингэж бэлтгэдэг гэж л мэдээлнэ.
БҮТЭЭГДЭХҮҮН ТУС БҮРИЙН 16, НИЙТ 1536 ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛСАН
-Төсөл хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Хүнсний найрлагын мэдээллийг санг бий болгохтой холбоотой албан ёсны тогтолцоо, жишиг болгох баримт бичиг хангалтгүй, хүний нөөц, мэдлэг ойлголт сул зэрэг олон бэрхшээлтэй тулгарлаа. Энэ чиглэлийн ажлуудыг манай их сургуулиуд өөрсдийн төсөл, судалгааны ажлын хүрээнд л хийж гүйцэтгэдгийг эс тооцвол албан ёсны зохицуулалт, бодлого сул. Төслийг 2027 онд хэрэгжүүлж дуусах ба цаашид хүнсний найрлагын мэдээллийн санг аль байгууллага бүрдүүлж, яаж авч явах нь мөн л тулгамдсан асуудал хэвээр байна. Энэ ажлыг тасралтгүй сайжруулах, тогтвортой авч явах нь эргээд нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй учраас бодлогоор дэмжих шаардлагатай нь анзаарагдлаа. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг дээ. Төслийн хүрээнд бид хүнсний найрлагын мэдээллийн сан бий болгохтой холбоотой олон улсын туршлагуудаас судалж холбогдох удирдамж, баримт бичгээ боловсруулж, нээлттэй санг бүрдүүлэх суурийг тавьж, шан татаж чадлаа.
-Төсөл хэдий хэр хэмжээний санхүүжилттэй бол. Төсвөөс, ХХААХҮЯ-наас цаашид хөрөнгө гаргаад, хариуцаад явж болохгүй гэж үү?
-Гурван жилд 90 000 ам.доллар зарцуулахаар төсөвлөн олгосон. Жилд 30 000 “ногоон” гэсэн үг бөгөөд 16 үзүүлэлтээр хүнсний найрлагаа тодорхойлж сангаа бүрдүүлсэн. Манайхаар бол 100 гаруй сая төгрөг. Гэхдээ судалгаагаа өргөжүүлж, илүү олон төрлийн шим тэжээлийн үзүүлэлтийг тодорхойлох, илүү өргөн бүрэлдэхүүнтэй ажиллахад эл санхүүжилт хангалтгүй. Бидний хийж буй ажилд үндэслэн өндөр нарийвчлалтай мэдээлэл бэлтгэхэд улсаас анхаарч, хөрөнгө төсөвлөх шаардлагатай л гэж хэлэх гээд байна. Дээр дурдсанчлан энэхүү ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг болно.
-Та бүхэн төслийн эхний шатаа амжилтай хэрэгжүүлж, хоёрдугаархыг нь үргэлжлүүлэх эрхтэй болж, сайн ажиллажээ. Манайхаас гадна Азийн ямар улсууд мэдээллээ бэлтгэж байна вэ?
-Төслийг манайхаас гадна Бутан, Бангладеш, Камбож, Балба, Индонез, БНКУ, ШриЛанка, Тайланд, Филиппин, Вьетнам улс хэрэгжүүлж байгаа. Бусад оронтой харьцуулахад бид төслийн эхний үе шатанд хөдөө аж ахуйн гаралтай 99 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тус бүр 16, нийт 1536 үзүүлэлтийг баталгаажуулсан нь бусад орноос хамгийн олон шим тэжээлийн үзүүлэлт болсон. Ажлын үр дүнг ч санхүүжүүлэгч байгууллагаас үнэлж, Монголыг шилдэг төсөл хэрэгжүүлэгч улсаар нэг удаа шалгаруулсан нь бидэнд маш их урам зориг өгсөн. Ингэснээр хоёрдугаар шатны санхүүжилтээ татаж чадсан. Ташрамд дурдахад, санхүүжүүлэгч Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын санаачилга байгууллагынхан болон төслийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
С.Дулам