Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
МАН-ын жагсаалтаар 2024 онд хууль тогтоох дээд байгууллагад орж ажиллаж буй шинэ гишүүдийн нэг М.Мандхай УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийг М.Мандхай гишүүн ахалдаг бөгөөд Хүнсний тухай, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг тэд шинэчлэн боловсруулж, 2024 оны хаврын чуулганы үеэр өргөн барьсан. Гэвч одоогоор аль нь ч УИХ-аар эцэслэн батлагдаагүй л байна.
Сонгуулиас хойших нэг жилийн хугацаанд иргэд, сонгогчдод төдий л танигдаж амжаагүй байсан тэрбээр “ах намын зодоон”-ы үеэр өөрийгөө анх “илчилж”, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд бат зогссон билээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоох Цэцийн их суудлын хуралдаанд тэдний талыг төлөөлж очсон хэдхэн гишүүний нэг нь М.Мандхай байсан юм. “Огцрох амархан” жагсаалын үеэр мөн л эрх тэгш нийгмийг хүссэн залуусын эсрэг дуугарч, нэр нүүрээ хөөдсөн удаатай. Тиймдээ ч жагсаалтад багтааж өгсөн намын даргадаа “өр”-өө төлөхийн тулд нэр, нүүрээ ширлэгсдийн нэг гэгдэх болсон. Уг нь эзэмшсэн боловсрол, гадаад, дотоодод эрхэлсэн ажлын туршлагаас нь харсан ч тэр, мэдлэг, чадвараа нэг намд зориулах бус, зөв, шударга зүйлийн төлөө ашиглавал төр, түмэнд тустай түшээдийн нэг баймаар гэж горьдлого төрүүлэхүйц.
Боловсролын хувьд М.Мандхай 1988-1998 онд МУИС-ийн дэргэдэх лицей сургуулийг төгсөж, 2002-2005 онд Монголд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль (ITM), Британид Вест Лондон коллежийг Аялал жуулчлалын удирдлагын чиглэлээр дүүргэн, 2007-2008 онд Лондон хот дахь Америкийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 2006-2008 онд Лондон хот дахь “Office of Fair trading” байгууллагад хэрэглэгчийн зөвшөөрөл, гомдол хариуцсан мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, 2008-2009 онд “Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын партнерс” ХХК, 2011-2015 онд “Оюутолгой” ХХК-д нийгмийн төслүүд хариуцсан менежер, 2015-2016 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн дэд захирал, 2018-2021 онд “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2022- 2024 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн үндэсний зөвлөхөөр ажилласан нэгэн.
Төрд ажилласан туршлага үгүй ч УИХ-ын гишүүн болохынхоо өмнө Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг нэг жил хашсан түүнд нийгмийн аль салбарт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал орхигдоод буйг гаргаж тавих, тэдний дуу хоолойг парламентын индрээс илэрхийлэх болов уу гэсэн хүлээлт, үүрэг “автоматаар” ногдсон гэхэд болно. Гэвч тэрбээр олон нийтийн эрх ашгийн төлөөх эдгээр асуудалд анхаарч, дуугарахаасаа түрүүнд намынхаа бохир тоглоомд оролцсон гэдэг муу нэрийг хусавч арилахааргүй толбо улс төрийн карьерынхаа дөнгөж эхэнд наагаадахлаа. УИХ-ын гишүүн М.Мандхай “Парламент 126 гишүүнтэй болсноор олон ургалч үзэл, мэргэжлийн төлөөлөл илүү хүчтэй орж ирсэн. Сонгогчдын эрх ашгаас гадна улсын бодлогод төвлөрч ажиллах боломжтой боллоо. Ялангуяа жагсаалтаар орж ирсэн гишүүд тойргийнхон шиг дараа дараагийн сонгуульдаа бэлтгэх бус, харин ч үндэсний хэмжээний бодлогын реформд анхаарч, хууль тогтоомжийг илүү гүнзгий судалж хэлэлцэх боломж гарч байна” хэмээн ярьсан шигээ цаашид ажиллаж чадах, эсэхийг нь дүгнэх, харах хугацаа одоохондоо иргэд, сонгогчдод буй.
Төрийн эрх барих дээд байгууллагад ард олныг төлөөлж ажиллах эмэгтэй гишүүдийн квот гэдэг үнэ хаялцуулан наймаалцдаг албан тушаалын дуудлага худалдаа биш. Үүний цаана төрийн хүний өндөр ёс суртахуун, үүрэг хариуцлагатай хамт амьдарч буй нийгмээ сайн сайхан болно гэж горьдсон ард иргэдийн итгэл найдвар оршиж байдгийг ойлгох хугацаа ч түүнд бий. Өндөр хөгжилтэй оронд сурч, нэр хүндтэй байгууллагуудад ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бол ардчилал, шударга ёс, хүний эрх, нийгмийн тэгш байдал хийгээд тэдгээрийн үнэ цэн, үнэт зүйлийг сайтар мэдэх учиртай. Гагцхүү тэр стандартыг Монголын парламентад нутагшуулж, эмэгтэй гишүүд хэрхэн үр дүнтэй ажиллаж болдгийг үлгэрлэж гэмээнэ жагсаалтаар гишүүн болж, дөрвөн жил төр түшилцсэний тань хэрэг гарах буй за.
Л.Аргамжин