Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитод орчин үеийн усан спорт сургалтын төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Ванхүү” ХХК ажиллажээ. Энэхүү цогцолбор нь 220 хүний суудалтай, 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейнаас гадна боулинг, фитнесийн өрөө болон 62 автомашины зогсоолтой аж.
Бүтээн байгуулалтын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяраас тодруулахад “Усан спорт сургалтын төвийн ажлыг анх 2022 онд эхлүүлсэн ч энэ онд дууслаа. Улсын комисс ашиглалтад хүлээн авсан ч үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байна. Цагаан сарын дараагаас жигдрэх болов уу. Дотоод зохион байгуулалт, тохижилт гээд хийх ажил бий. Усан спортоор бүх насныхан хичээллэх боломжтой. Бид сургуулийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хичээллүүлэх бодолтой байна. Харин насанд хүрэгчдэд тодорхой хэмжээний төлбөртэй үйлчилнэ” гэв. Ташрамд, хүн амынхаа тоогоор Баянзүрхийн дараа бичигддэг, хүүхэд, залуус олонтой тус дүүрэг ийн хоёр усан бассейнтай боллоо.