Монголчууд бид уламжлалт Цагаан сарын баяраа энэ сарын 18-нд тэмдэглэнэ. Билгийн тооллоор шинэ оноо угтах энэ баярын өмнө улс даяар хөл хөдөлгөөнд ордог гэхэд хилсдэхгүй. Үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлээс эхлээд тавгийн идээ ундаа, мах шүүс, бэлэг сэлтээ бэлдэх гээд айл бүр л тун завгүй болдог. Зарим нь өр зээл тавьж, ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлт цуглуулж байхад нөгөө хэсэг нь ахмад настнуудтайгаа золгох мөнгөө олох гэж шаргуу гэгч нь ажилладаг билээ. Гэвч сүүлийн үед иргэд Цагаан сарын уламжлал, утга бэлгэдлийг алдагдуулж, хэт нүсэр тэмдэглэлээ хэмээн шүүмжлэх болсон. Үүнтэй холбоотойгоор төр түмний минь эртний уламжлалт баяр хэмээн хүндэтгэн дээдэлж, ёслон тэмдэглэхээсээ илүү “Түмний халаасыг сэгсэрдэг, дарамттай баяр” хэмээн төвөгшөөх үл ойшоогчид хүрээгээ тэлсээр байна. Тэгвэл сар шинийн баярын утга учир, бэлгэдэл, зан заншлын талаар өнөөгийн залуус ямар бодолтой байгааг сонирхлоо.
А.ЧОЙЛХАГВА: НЭГ ГАЗАР БӨӨНДӨӨ ШИНЭЛЭХ НЬ ЦАГ ЗАВ, САНХҮҮД ХЭМНЭЛТТЭЙ
Цагаан сараар ах, дүү, төрөл саднаараа нэг дор цуглан тэмдэглэдэг уламжлал тогтоод буй олон гэр бүлийн нэг нь манайх юм. Миний өвөө 12 хүүхэдтэй бөгөөд тэднээс салбарласан нийт 40 орчим өрх айл Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглээд таван жил болж байна. Авто замын түгжрэл их, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ингэж нэгдсэн байдлаар тэмдэглэх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, өрх бүр тусдаа ачаалал авахгүй, санхүүгийн хувьд “зөөлөн” тусдаг. Гэр бүл бүрээс 100-200 мянган төгрөг цуглуулж, түүгээрээ хоол ундаа бэлтгэхээс гадна рестораны тү рээсээ ч шийдчихдэг. Бид ердөө 2-3 цагийн дотор золгож, мэнд усаа мэдэлцдэг. Тэгэхээр цаг ч хэмнэнэ. Гэр бүлүүд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг учраас нэг айлд ирэх бэлтгэл ажлын ачаалал эрс багасдаг. Хэрэв хүсвэл ах, дүүстээ зориулсан бэлгээ авчраад л нэг дор өгчих боломжтой. Миний хувьд эл шийдэл уламжлалт баяраа орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн утга учрыг нь алдагдуулахгүйгээр тэмдэглэх хамгийн оновчтой хувилбар гэж боддог.
М.ЦЭНД-АЮУШ: ӨВ СОЁЛОО УМАРТВАЛ ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭТЭЙ ИРГЭН БАЙЖ ЧАДАХГҮЙ
Соёл гэдэг хүмүүсийг нэгтгэн зангиддаг гайхалтай зүйл. Ялангуяа өв соёл нь цаанаа гүн гүнзгий утга агуулга, түүхэн уламжлалыг тээж ирсэн байдаг. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд үндэсний соёлоо хадгалж үлдэх нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад үндэстний өмнө тулгарч буй томоохон сорилт болоод байна. Үүний гол шалтгаан нь өв уламжлалынхаа мөн чанар, гүн философийг залуу үеийнхэн бид тэр бүр ойлгож ухаардаггүйтэй холбоотой байж болох юм. Жишээ нь, “Газар сэндийчвэл ээж нь үхдэг” гэх хэлц нь өнгөн талдаа айдас төрүүлэм мэт боловч үнэн хэрэгтээ хувь хүнийг сахилга баттай байлгах, ахуйн соёлд сургах гэсэн гүн утгатай шүү дээ. Цагаан сарын баяр ч мөн адил. Стресстэй завгүй амьдралын дундуур ах, дүү, төрөл саднаараа цуглан, бие биеэ хүндэтгэн золгох нь бидний сэтгэл зүйг амрааж, удмын хэлхээ холбоог бэхжүүлдэг чухал ач холбогдолтой гэж боддог. Хорвоо дэлхийд оргүй хоосноос бүтдэг зүйл гэж үгүй. Өнөөдөр шинэ хэмээн нэрлэж буй бүхэн урьд өмнө байсан зүйлсээс улбаатай. Дэлхийг “өөрчилсөн” алим Ньютоны толгой дээр унахаас өмнө модон дээрээ байж л байсан. Тиймээс бид өөрсдийн өв соёл, язгуур ухаанаа умартвал өнөөгийн нийгэмд жинхэнэ бүтээлч, энтрепренер сэтгэлгээтэй иргэн байж чадахгүй.
Б.ОЮУ-ЭРДЭНЭ: ХӨГШИН, ЗАЛУУ ГЭЛТГҮЙ Л САНХҮҮГИЙН ДАРАМТ ГЭЖ ХАРДАГ БОЛСОН
Эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор залуу чууд Цагаан сард тийм ч их анхаарал хандуулахаа больсон гэж боддог. Хөгшин, залуу гэлтгүй уг баярыг санхүүгийн дарамт гэж хардаг болчихсон нь үнэн. Нэг нэгнээсээ илүү гарах гэсэн баяр биш гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу. Мөн хэрэгцээгүй бэлэг нь айл айлаар дамжин явсаар эцэст нь эргээд ирэх нь ч бий шүү дээ. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Энэ үеэр томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгддэг нь ч хэвийн үзэгдэл.
Б.БИЛГҮҮН: БАЯР ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ “ЯЛ” МЭТ САНАГДАХ ҮЕ БИЙ
Аливаа уламжлал цаг үеийнхээ хэмнэлтэй нийцэж, уян хатан байдлаар хувьсан өөрчлөгдөх учиртай гэж боддог. Цагаан сар бол хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны, шинэ оноо угтах монгол түмний хамгийн том баяр. Дэлхийн улс орнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг шиг бид ч үүнд ач холбогдол өгч, чадах чинээгээрээ сайхан тэмдэглэхийг хичээдэг. Гэхдээ миний хувьд баярлах нэрээр бие биедээ дарамт болохгүй байх нь хамгийн чухал. Төрөл саднаараа нэг өдөр товлон цуглаж, нэгдсэн золгуут хийх нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хамгийн оновчтой шийдэл. Учир нь 3-4 өдөр дараалан өглөөнөөс орой хүртэл тасралтгүй зочид хүлээж авах нь баяр гэхээсээ илүү “ял” мэт санагдах үе бий. Энэ нь гэрийн эзэгтэй нарын нуруунд хүнд ачаа болдог төдийгүй өрхийн эдийн засагт ч багагүй дарамт учруулдаг. Тиймээс бие биедээ тээр болохгүйгээр амар мэндээ мэдэлцэж, ураг төрлөө таних нь эл баярын жинхэнэ утга учир болов уу.
Э.АРИУН-ЭРДЭНЭ: МАНАЙХАН ЯМАР Ч БАЯРЫГ ХЭТЭРХИЙ СҮРЖИН ТЭМДЭГЛЭДЭГ
Би үндэсний өв уламжлалаа үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ манайхан аливаа баяр ёслолыг хэтэрхий сүржин, хэлбэр хөөсөн байдлаар тэмдэглэдэг нь үнэн шүү дээ. Уг нь Цагаан сар бол ураг саднаа мэдэлцэж, амар мэндийг нь айлтгадаг баяр болохоос биш, бэлэг сэлтээрээ уралдаж, өмссөн зүүснээрээ нэгнээсээ дээр гарах гэж өрсөлдөх ёсгүй. “Сайхан шинэлж байна уу” хэмээн ахмад настнаа хүндэтгэн золгох тэрхүү агшинд л гэрт халуун дулаан, тэнүүн жаргалтай уур амьсгал бүрддэг. Гэвч энэ сайхан уур амьсгалыг эвдэх мэт зочдын “Хаана ажиллаж байна”, “Ахиж төрөхгүй биз дээ”, “Хэзээ хүнтэй суух вэ”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу” гэхчлэн хүний хувийн амьдрал, хэтэвч рүү хэт өнгийсөн асуултууд нь маш төвөгтэй, тухгүй байдал бий болгодог. Би дөнгөж 30 гаруйхан настай. Гадаадын улс оронд бол энэ нь идэр залуу нас атал манайхан сүүлийн 5-6 жилийн турш надаас эхнэр, хүүхэд нэхэж байна. Иймэрхүү “байцаалт”-аас болоод хамаатнуудтайгаа уулзахаас ч зайлсхийдэг боллоо. Үүгээр ч зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэчхээд хөгшин, залуугүй үнсэх гэж дайрдаг нь үнэхээр төвөгтэй санагддаг. Зү гээр л ахмадуудынхаа тохойг түшээд, ёс заншлынхаа дагуу хүндэтгэл үзүүлж болно шүү дээ. Үндсэндээ Цагаан сарын баяр залуучуудад баяр баясгалан гэхээсээ илүү сэтгэл зүйн маш их дарамт учруулж байна.
Г.АШИДДЭЛГЭРЭХ: ХЭНЭЭС ЮУ АСУУХАА БОДОЛЦОЖ, ХҮНИЙ ХУВИЙН АСУУДАЛД ХЭТ ОРОЛЦОХОО БОЛЬЁ
Намайг төгсөх ангид байхад Цагаан сараар манайд ирсэн зочид “Ямар мэргэжилтэй болох гэж байна”, “Аль сургуульд орох вэ”, “Ийм мэргэжилтэй болооч” гэж хэлдэг байсан. Харин оюутан болсны дараа “Ямар сургуульд сурч байна” “Яагаад ийшээ орсон юм”, “Төгсөөд юу хийх вэ” гэх зэргээр миний хувийн сонголтыг эсэргүүцэж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мэргэжлээ сонгоод, гэр бүлийнхэн минь дэмжсэн байхад бусад хүн хэтэрхий өөрсдийн өнцгөөс хандаж ярихад нь дургүй хүрдэг. Бас энэ мэтээр хүний асуудалд оролцож урам хугалах тохиолдол ч бий. Тиймээс хэнээс юу асуухаа бодолцож, хүний хувийн асуудалд хэт оролцохоо больё гэж уриалмаар байна.
Э.Сондор