Өнөөгийн монголчуудын, тэр дундаа шинэ үеийн хүүхэд, залуусын бие бялдрын хөгжил сул, хөдөлгөөний эв дүйгүй, өөрийгөө дайч лах, манлайлах болон ажлын ачаалал даах чадвар муу, сав л хийвэл хойшоо суух хандлагатай, залхуу, аймхай байгаа нь ерөөс биеийн тамирын хичээлийн сургалтын чанартай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, эл хандлага, төлөвшил, цаашлаад өсөлт, хөгжлийн хоцрогдол, өвчлөлийн суурь шалтгаан ерөнхий боловсролын түвшинд бат бөх “үүрээ” засаж байна гэсэн үг. Яагаад ингэж хэлэв гэхээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын зургаан сургууль тутмын нэг нь биеийн тамирын хичээл орох спорт заалгүй байгаа юм. Үүнээс болоод улс орны тусгаар тогтнол, хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой гэгдэх биеийн тамирын хичээлийг хөтөлбөрийн дагуу оруулах орчин нөхцөл огт хангагдахгүй байгааг багш нар хэллээ.
Стандартаараа бол бүх сургууль урлаг, спорт заалтай, гаднаа биеийн тамирын талбайтай байх ёстой. Гэтэл сүүлийн үед ашиглалтад оруулж буй улс, хувийнх гэлтгүй бүх сургуульд эл стандарт, шаардлага үйлчлэхээ больж. Сайд, дарга нар ч олны ам таглаж, түмний хэдэн хүүхдийг агуулж багтааж л байвал тэр нь спорт заалтай байна уу, үгүй юү, огт хамаагүй аж. Боловсролын яамнаас авсан мэдээллээр 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 900 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэдгээрийн 137 нь буюу дээр хэлсэнчлэн зургаан сургууль тутмын нэг нь өөрийн гэсэн спорт заалгүй байна. Үүний 65 нь төрийн өмчийнх, 72 нь хувийн сургууль. Мөн гаднаа биеийн тамирын талбайгүй нийт 305 сургууль бий аж. Эдгээр үзүүлэлт нь энгийн нэг статистик мэт харагдавч цаанаа боловсролын систем, сургалтын стандарт, чанар, хүүхдийн эрүүл мэндтэй шууд холбоотой юм шүү дээ.
Б.АМАРСАНАА: ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ҮНДСЭН ТАВАН ЧАНАРЫГ ЗААВАЛ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ
Боловсролын байгууллагууд хүүхдийн бие махбод, оюун, нийгмийн хөгжлийг бүхэлд нь дэмжиж хөгжүүлэх ёстой ч өдгөө хэдэн зуун сургууль биеийн тамирын хичээлээ хөтөлбөрийн дагуу орох дэд бүтэцгүй байгаа нь салбарын төлөвлөлт ямар хангалтгүй түвшинд “хөгжиж” ирснийг харуулах биз ээ. “Сургуулиуд спорт заалгүй гээд миний хүүхэд залхуу, аймхай, ажилгүй болно гэж юу байсан юм бэ” хэмээн магадгүй та бодож болох юм. Тэгвэл үүнийг шинжлэх ухаанаар хэдийн баталсан байдаг. Сургуульд орсон цагаасаа эхлэн төгстөлөө биеийн тамираар тогтмол хичээллэсэн хүүхдэд таван гол чанар “суусан” байдаг талаар Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” медальт, чөлөөт бөх, олс таталт, хөнгөн атлетикийн спортын мастер, биеийн тамирын тэргүүлэх зэргийн багш Б.Амарсанаа хэлэв. Тэрбээр “Биеийн тамир гэдэг нь энгийнээр идэвхтэй хөдөлгөөнийг хэлж буй. Тэр утгаараа бүх насныханд зориулсан, хийвэл зохих төрөл бүрийн дасгал, хөдөлгөөн гэж бий. Үүний суурийг ерөнхий боловсролын түвшинд биеийн тамирын хичээлээр олгох ёстой. Уг хичээлийн гол зорилго нь тухайн хүүхдийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгох, түүнийг нь лавшруулан хөгжүүлэхэд оршдог. Ингэхдээ биеийн тамирын хичээлээр хүүхдийн бие бялдрын үндсэн таван чанарыг заавал хөгжүүлэх хөтөлбөртэй. Энэ нь хурд, хүч, уян хатан байдал, авхаалж самбаа, тэсвэр хатуужил юм. Өөрөөр хэлбэл, хичээлийг эдгээр чанарыг хөгжүүлэхэд суурилж, цогцоор нь орох ёстой юм. Аль нэг чанарт нь анхаарч байгаагаас үр дүн нь харилцан адилгүй гардаг. Нэгдүгээр ангиас эхлэн дээрх чадварыг эзэмшсэн хүүхэд бие даах, өрсөлдөх, багаар ажиллах чадвар сайтай, ялж, ялагдахын “амт”-ыг мэддэг, спортын суурь дүрэм, техникүүдэд суралцаж төгсдөг” гэсэн юм.
Мөн тэрбээр “Ерөнхийдөө биеийн тамирын хичээлийн арга зүй, үйл ажиллагаа нь улс даяар хэр оновчтой, хүртээмжтэй байхаас хүн амын эрүүл мэнд, бие бялдрын чадавх, өсөлт хөгжил шууд хамаардаг зүй тогтолтой. Бид өнөөдөр бусад улс орны иргэд шиг төв талбайдаа нийтээрээ гимнастик хийж хэвшээгүй, гудамжинд хөгжим тавиад бүжиглэж үзээгүй, иог, бясалгал хийж сураагүй байна гэдэг нь биеийн тамирын хөгжил ямар муутайг, энэ хичээлийн агуулга, чанарыг одоо болтол ойлгоогүйг бэлээхэн гэрчилж буй жишээ юм. Дээрээс нь, сургуулиуд, ялангуяа биеийн тамирын багш нар спорт заалгүй гээд хичээлээ “цонх”-лоод зүгээр суугаад байж болохгүй. Биеийн тамирын хичээлээр олговол зохих дээрх таван чанарын аль нэгийг ч болтугай хүүхдэд эзэмшүүлэхийн тулд ангидаа гимнастикт суурилсан хөгжимтэй, хөгжимгүй дасгалууд хийлгэж, бүжиглүүлж ч болно. Бие бялдрынхыг чадахгүй юм гэхэд стандарт заал шаардахгүй ширээний теннис, шатар, даамаар хичээллүүлж, оюуны хөгжлийг нь дэмжих, хавар, намартаа хөнгөн атлетикийн хичээлийг гадна талбайд түлхүү оруулах зэргээр хүүхдийн хөгжлийг заавал дэмжих хэрэгтэй” хэмээв.
12 ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭХ ХӨТӨЛБӨРТЭЙ Ч ХЭРЭГЖДЭГГҮЙ
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын биеийн тамирын хи чээлийн сургалтын хөтөлбөрийг Боловсролын яамнаас баталж, хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн дагуу уг хичээлийг 1-2 дугаар ангийнхан долоо хоногт 35 минутаар хоёр цаг, 3-12 ангийнхан 40 минутаар хоёр, нийт 80 минут хичээллэдэг. Нэг хичээлийн жилд бага ангид 64-68, түүнээс дээш ангийнханд 68-72 цаг ордог аж. Хичээлийг хөтөлбөрийн дагуу спортын 12 төрлөөр удирдан явуулах ёстой. Үүнийг ерөнхийд нь спортын болон спортын бус тоглоом гэж ангилах бөгөөд эхнийхэд нь бөмбөгтэй бүх төрөл буюу сагс, волейбол, хөл бөмбөг, талбайн болон ширээний теннис, бадминтон багтана. Харин спортын бус тоглоомын төрөлд биеийн хүч нийх гэгддэг хөнгөн атлетик, гүйлт, харайлт, шидэлт зэрэг орно. Эдгээрийг бага ангид жишээ нь, алхах, гүйх, шидэх, мөлхөх зэрэг биеийн ерөнхий чадамжуудыг хөгжүүлэх ахуйн суурь дасгалаас эхлэн зааж, хичээлийг анги ахих тусам хүндрүүлэх зарчмаар явуулдаг байна. Гэвч сургуулиудын нэг хэсэг нь спорт заалгүй, нөгөө хэсэг нь биеийн тамирын гаднах талбайгүйгээс хичээл “цонх”-лох, огт орохгүй байх нь олонтоог багш нар ч өөрсдөө нуулгүй хэлнэ лээ.
Сүүлийн үед стандарт заалтай, заалгүй ч ялгаагүй сургуулиудын биеийн тамирын хи чээлийн чанар ерөнхийдөө маш их мууджээ. Тэр дундаа олон хүүхэдтэй сургуулиуд зааландаа биеийн тамирын хичээлээ “бөөндөж” ордгоос нэг хүүхдэд ногдох заалны талбайн стандарт алдагдаад удаж. Ингэснээр хүүхдүүдийн спортоор хичээллэх боломж хумигдан, багш нар ч залхаад 80-90 сурагчийн дунд нэг бөмбөг “хаячхаад” гараад алга болдог аж. Биеийн тамирын хичээлийн 40-хөн минутад нөгөө л хэдэн тоглодог хүүхдүүд нь шигшигдээд, бусад нь хичээлээс хоцрох, тэр хэрээр дургүй болох, цаашлаад спортоор хичээллэх хүсэл сонирхол гүй болох нь энүүхэнд гэх.
Нэг ёсондоо спортоор хичээллэдэг хүүхдийн хурд, хүч, уян хатан байдал, авхаалж самбаа, тэсвэр хатуужил зэрэг хөгжсөн байдаг бол биеийн тамирын хичээлээс хоцрогдсон, зааланд ордоггүй сурагчдын биеийн өсөлт хөгжил муу, өвчлөмтгий, нийгэмд гараад бие даан амьдрах чадвар сул байдаг аж. Үүнийг тодруулбал, зааланд сагс, волейбол, гадаа хөнгөн атлетикээр хичээллэх үед наад зах нь үсэрч харайх, сунгах гэхчлэн ихэвчлэн биеийн өсөлтийг дэмжсэн дасгал, хөдөлгөөн хийдэг гэв. Өөрөөр хэлбэл, заалтай сургуулиуд хичээлээ спортын 12 төрлөөр явуулж, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, сагс, гар бөмбөг, шатар, даам, хөнгөн атлетикийн дугуйлан, секцэд сурагчдаа хамруулан, бие бялдрын болон оюуны хөгжлийг нь дэмждэг бол нөгөө талд өчнөөн мянган хүүхэд гаднаа тоглох ч талбайгүй, дөрвөлжин хананы дунд ширээнийхээ ард гар, хөлөө ч хөдөлгөж чадахгүй байна гэдэг дэндүү хөөрхийлөлтэй. Үүнийг чинь л боловсролын тэгш бус байдал гээд буй юм шүү дээ.
СПОРТЫН ТӨВ СУРГУУЛЬ НЬ ӨӨРӨӨ ЗААЛГҮЙ
Спорт заалгүй улс, хувийн сургуулиуд энэ мэт олширсон байхад салбарын яам, цаашлаад төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нэгээхэн ч алга. Эрх баригчдын иргэдээс оноо авах ганц арга нь гурван ээлжийг л халах. Тэгэхийн тулд стандартын бус баахан сургууль барьж, улсад “шахсан”-ы бэлээхэн жишээ нь дээрх үйл явдал юм. Бидний авсан мэдээллээр, нийслэлийн хэмжээнд тухайлбал, 18, 59, 71, 103, 110, 171, 179 дүгээр сургууль тэргүүтэн, МУИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-ийн харьяа өндөр төлбөртэй ахлах сургуулиуд бүгд өөрийн гэсэн заалгүй. Гэх мэтчилэн спорт заалгүй 137, гаднаа биеийн тамирын талбайгүй 305 сургуулийг бүгдийг нь энд жагсаавал сонины зай талбай хүрэлцэхгүй нь мэдээж.
Энэ бүхнээс хамгийн хоржоонтой нь, Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах ерөнхий боловсролын Спортын төв сургууль нь өөрөө спорт заалгүй байвал яах вэ. Өөрөөр хэлбэл, спорт заалгүй объектуудыг анхнаасаа бие даасан сургуулийн шаардлагад нийцсэн дэд бүтэцгүйгээр байгуулсан гэсэн үг шүү дээ. Улмаар сургалтын орчны наад захын эл стандартыг хангаагүй байхад нь Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгосон болж таарна.
Улсынхаас илүүтэй анхаарал татаж буй нь хувийн сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал юм. Ерөнхий боловсролын нийт 900 гаруй сургуулийн 183 нь хувийнх. Үүний 72 нь спорт заалгүй гэхээр хэтэрхий даварсан байгаа биз. Бараг хувийн хоёр сургууль тутмын нэг нь стандартад нийцсэн заалгүй гэсэн үг. Эцэг, эхчүүдэд чанартай боловсрол амлаж, хүүхдийг чинь олон улсын стандартаар сургана, бие бялдрын хөгжлийг нь цогцоор дэмжинэ, дугуйлан, секцэд хамруулна гэж хамаг мөнгийг нь “хуу хамчхаад” ачир дээрээ ийм л дампуурсан газрууд байдаг аж. Тэгсэн мөртлөө ичих ч үгүй сургалтын төлбөрөө жил бүр нэмдэг ийм “хүн чанаргүй” сургуулиуд олширсон нь даанч харамсалтай. Боловсролын үйлчилгээний хамгийн суурь шаардлагыг хангаагүй дээрх сургуулиуддаа яаралтай арга хэмжээ авч, стандартыг нь мөрдүүлэх цаг болжээ, Л.ЭнхАмгалан сайд аа. Үнэндээ эрх баригч та нарын л хийсэн ажил энэ шүү дээ. Ерөнхий боловсролыг бизнес болгосноос болж улс, хувийнх гэлтгүй сургуулиудын сургалтын орчин, стандарт ийн алдагдаж, хөл, толгой нь олдохоо болиод буй тул үүнийгээ даруй цэгцэлнэ гэж найдъя.