Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент, гишүүд хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ. Учир юу гэхээр 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа. Монгол Улсын үндсэн хуульд УИХ бол ард түмнээс шууд сурвалжтай буюу ард иргэд нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Энэ ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл гэж би үзэж байна. Бидний хувь заяанд тийм эрх байхгүй. Монголын парламент өнөөдөр бид нараар дуусахгүй. Цаашаа зуун зуун жил үргэлжилнэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийг эдлээд, яваад өгөх хоноцийн сэтгэлгээгээр хандах эрх байхгүй. Дараагийн парламентийн гишүүддээ бид бүрэн бүтэн парламентыг хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Тийм учраас би УИХ-ын гишүүдээсээ уриалж, гуйж байна. Олон нийт ёс зүй биш хулгайч, авлигачдаас ангижрахыг шаардаж байна. Одоо байгаа хуулиа сахиулаад, хуулийг нь мөрдүүлэх бүрэн боломж бий. Заавал шинэ хууль гаргаж ирэх шаардалага байхгүй. Хэдхэн хүнд зориулаад өс хонзонгоо авах, хууль өргөн бариад үүнийг нь бид хэлэлцээд байж байна гэдэг гутамшигтай. Дэндүү өндөр өртөгтэй зодооныг МАН хийж байна. Энэ өндөр үнэтэй төлбөрийг дараа дараагийн УИХ-ын гишүүдтөлж дийлэхгүй шүү. Монгол улс төлж дийлэхгүй шүү. Тиймээс өнөөдөр санал өгөх гишүүдийг Монгол ард түмэн хараад түүхэнд тэмдэглэн үлдээх хэрэгтэй" гэв.