Улсын хэмжээнд он гарснаас хойш 25 удаа ой, хээрийн болон ахуйн түймэр гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 сумд гарсан гал түймрийг энэ сарын 6-ны байдлаар бүрэн унтраасан. Хамгийн сүүлд буюу уржигдар Хэнтийн аймгийн Мөрөн сумд дэгдсэн хээрийн түйрийг цурамд оруулсан байна. Түймэрт нийтдээ ойн 704, хээрийн 58.6 мянган га талбай өртжээ. Онцгой байдал, хил хамгаалах болон цагдаагийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа, саравчийг авран хамгаалж, гурван өрхийн найман иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн аж.
Түүнчлэн урин дулааны цаг ирж, нийслэлийн айл өрхүүд зусландаа гарч, хашааны шар өвсөө хадаж цэвэрлэхдээ шатааснаас болж түймэр тавих тохиолдол нэмэгджээ. Он гарснаас хойш Улаанбаатарт шар өвсний түймэр 11 дэхээ гараад байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Мөн хотын ногоон бүсэд хоёр удаа түймэр дэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх газрын алба хаагчид байгаль орчны байцаагч нартай хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсүүдэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл хийж байгаа гэв.
Хаврын хуурайшилтын улирал тохиож буй энэ үед иргэн бүр үүргээ ухамсарлаж, хашааны шар өвсөө ил задгай шатаалгүй, хогийн цэгт хаях, ой, хээрт явахдаа гал түлэхгүй, асаасан чүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй өргөнтэй цурав татаж, шороон зурвас гаргах, айл өрх бүр халуун үнс, нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг албаныхан онцгойлон анхаарууллаа.
О.Оргилох