Монголд Соёлын яамыг улс төрийн сонгуулийн цикл дагаан шинээр байгуулж, эсвэл татан буулгаж, нэрийг нь солиж, бүтцийг нь өөрчилж ирсэн нь төрийн бодлогын тогтворгүй байдлын тод илэрхийлэл гэвээс зохино. Цагтаа нэрт академич С.Лувсанвандан, соён гэгээрүүлэгч Ж.Бадраа, билэгт гүүш Ц.Гомбосүрэн, алдарт зохиолч, найруулагч Л.Ванган, Хөдөлмөрийн баатар Н.Жанцаннорав нарын удирдаж байсан Соёлын яамыг 2020 оноос хойш С.Чулуун, Ч.Номин, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан гэсэн МАН дагасан "хүүхэлдэйнүүд" толгойлох нэртэй тоглосоор байна. Төрт улсын түүх шастир, түмэн олныхоо сэтгэхүйн дархлааг тээдэг соёлыг урт хугацааны үндэсний стратеги биш, улс төрийн "кабинет бүрдүүлэлт"-ийн хэрэгсэл болгосны горыг бид хангалттай хүртэж буй. "Эрхээрээ хатсан" улс төрчид хошуугаа цорвойлгосоор өөртөө зориулсан тусгай яам байгуулж, Соёлын сайдын албанд очуутаа хамгийн соёлгүй, бүдүүлэг, ёс зүйгүй ааш авир гаргаж, үг, үйлдэл нь гүйцэгдэхээ байв.
Монгол даяар алдартай найрагч тааллал төгсөхөд дориухан ганц эмгэнэл ч бичээд зориулчхаж чадахгүй, үндэсний соёл, утга зохиол, монгол оюун санааны өвийн тухайд "таг харанхуй" ойлголттой нэгнийг яамныхаа хариуцлагатай албанд томилж ажиллуулснаа хүлээн зөвшөөрөх хэрнээ өөрийн толгой дээрх "бухлыг" харахгүй, буруугаа бусдад няйлзаан "Би тэрийг бичээгүй байж яахаараа уучлалт гуйх ёстой юм" хэмээн таахалзах төрийн хүний байтугай, эрийн шинжгүй сайдтай болжээ.
Сайд Ж.Алдаржавхланд соёлын салбарт үнэхээр хийх ажил олдохгүй байгаа болохтой, "Энэ зун колонк болон жижиг дэлгүүрүүдийг түшиглээд 100 орчим мини жорлон байгуулна" гээд монголчуудыг "соёлжуулах" довтолгоо өрнүүлэх зуурт 2020 оны сонгуулийн дараа өөртөө бүхэл бүтэн яам өрх тусгаарлуулж авсан Соёлын сайд С.Чулуун хэрхэн хийцгүйрч байсан нь мөн санаанд орох юм аа.
Албан тушаалын төлөө байнгын "Би чадна" командтай явдаг С.Чулуун 2020 оны дүн өвлөөр "Соёлын цаг" гэгч акц санаачилж, нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд мэргэжлийн урлагийн байгуулагуудыг тоглолтоо үнэ төлбөргүй толилуулан, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх үүрэг өгсөн нь уран бүтээлчдийн дургүйг хүрэгч, соёл урлагаас тэс хөндлөн сайдыгаа тохуурхан шоолж байв шүү. Удалгүй Засгийн газар нь танхимаараа огцрохоод соёл урлагийн салбарынхан "Одоо нэг өөдийн нар харах байгаа" хэмээн залбирах нь холгүй суусан. Дараа нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам гэх өргөтгөсөн бүтэц байгуулж, сайдаар нь Ч.Номин ирж бүр "нугаслав". Ийшээ ч харж хүүхдүүдэд үзвэр, үйлчилгээ үзүүлэхэд зориулсан гэх "Соёлын ваучер"-т 18 тэрбумыг батлуулаад, тийшээ ч хандаж гадаадын инфлүүнсерүүдийг Монголд авчрахад хэдэн тэрбумаар нь цацаад, "GoMongolia" брэндийг хөгжүүлэх сурталчлах нэрийдлээр энд тэнд чамгүй мөнгө шамшигдуулсны нэг нь Английн хөлбөмбөгийн багтай гэрээлсэн 5.1 тэрбумын асуудал бөгөөд үүнээс болж Засгийн газраа арбитрын шүүхэд өгүүлсэн цуутай дурааараа сайд билээ л. Орыг нь залгаж ажиллсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам соёлын салбарт чухам юу хийсэн нь тодорхойгүй байсаар танхимаараа огцорлоо.
Нэг намын тогтолцоотой, засаг төр харьцангуй тогтвортой социализмын үедээ ч манай улс Соёлын яамыг байгуулж нэг, татан буулгаж нэг, өөрчилж нэг "туршсаар" ирсэн нь түүхэн замналаас харагдана. Анх 1956 онд Соёлын яам гэж байгуулаад гурвахан жилийн дараа буюу 1959 онд нь татан буулгасанаа буцааад 1961 онд дахин байгуулж, 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон түүхтэй. Тэр хүртэлх 29 жилийн хугацаанд жинхэнэ манлайлагч, сэхээтнүүд удирдан чиглүүлж ажиллсандаа Монголын соёл, урлаг дэлхийд гарч, үндэсний болоод сонгодог урлаг, утга зохиол, цирк, театр, кино, уран зураг, хөгжим гээд салбар бүрд бахдам хөгжлийн түүх бүтээжээ. Гэвч 1990 онд татан буулгаад, 1992 онд дахин байгуулахдаа Соёлын сайдаар Н.Энхбаяарыг томилсон бөгөөд тэрбээр энэ албыг дөрвөн жил нэр төртэй хашиж, Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлогын суурь баримтууд, соёлын өв хамгааллт зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шамдсаны зэрэгцэе "Соёл урлагийг дэмжих сан"-г анхлан байгуулсныг нь хэн ч үгүйсгэх аргагүй бодит ажил байв. Үүнээс хойш хэсэг Гэгээрлийн яам хэмээн нэрийдэж, Засгийн газрын агентлаг болгож, сүүлдээ боловсрол, шинжлэх ухааны салбартай нэгтгэж, спорттой нийлүүлж, аялал жуулчлалтай хавсаргаж хүртэл үзсэн. Тийнхүү явсаар 2020 онд дангаараа өрх тусгаарлаж гаргасанаа жилийн дараа дахиад дөрвөн салбарыг нэгтгэн яам байгуулсан. Энэ бүхнээс харахад, Монголд соёлын бодлогоосоо илүү байгуулагын бүтэц нь нам, бүлэглэлд чухал учраас албан тушаалын "бялуу" хуваах бүрийд хэн нэг "сайн дурын сайд" тохоон томилогдож, дурааараа дургидаг салбар болж Сайд солигдох бүрд бодлого, бүтэц, төсөв, тэргүүлэх чиглэл нь өөрчлөгддөг учраас Монголд соёлын асуудал нь хойд эхийн гар харсан дагавар хүүхэд шиг гадуурхагдаж, хавчигдсаар ирсэн. Манайд соёлын бодлого гэхээр мэргэжлийн урлагийнхан нь ч, чөлөөт уран бүтээлчид нь ч, сайн дурынхан нь ч одоо хүртэл концерт зохион байгуулах, энд тэндхийн ойн баяруудаар тоглолт хийх, төрийн одон, медалиар шагнах, театрын барилга засах, "үндэсний өв соёл" гэж хоосон ярьдаг анхдагч түвшиндээ гацчихаад байна.
Сайд солигдох бүрд бодлого, бүтэц, төсөв, тэргүүлэх чиглэл нь өөрчлөгддөг учраас Монголд соёлын асуудал нь хойд эхийн гар харсан дагавар хүүхэд шиг гадуурхагдаж, хавчигдсаар ирсэн. Манайд соёлын бодлого гэхээр мэргэжлийн урлагийнхан нь ч, чөлөөт уран бүтээлчид нь ч, сайн дурынхан нь ч одоо хүртэл концерт зохион байгуулах, энд тэндхийн ойн баяруудаар тоглолт хийх, төрийн одон, медалиар шагнах, театрын барилга засах, "үндэсний өв соёл" гэж хоосон ярьдаг анхдагч түвшиндээ гацчихаад байна.
Гэтэл дэлхий дахинд соёлыг "үргүй зардал" биш, "стратегийн хөрөнгө оруулалт" гэж харааад энэ чиглэлийн эдийн засгийн боломж, гарцуудыг нээх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар татдаггүй. Манай улс 2014-2016 онд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" гэж нэлээд эрчимтэй ярьж байгааад засаг төр солигдохтой зэрэгцээд тэр бодлого, зорилт замхарсан. Өөрөөр хэлбэл, бусад улс орон үндэсний онцлогтой соёлоороо дэлхийг эзэлж байхад Монгол соёл урлагийн салбараа төрөөс юу өгөхийг нь царайчилж суудаг төсвөөс "уяатай" тэжээвэр байгуулага хэвээр нь үлдээж. Иймэ байхад үнэндээ соёлын салбарын хөгжлийг бие даасан яамтай байх, эсэхээр хэмжих нь энэ цаг үед утгагүй хэрэг. Мэргэжлийн урлагийн байгуулагуудаа яадаж "төрийн үйлчилгээний ангилал" буюу хамгийн бага шатлалаар цалинждагийг болиулж, дэмжих бол дэмжсэн шиг дэмжээд үгүй бол чадалтай нь хаанахын хэнтэй ч уран бүтээлээ хийгээд явах эрх чөлөөг нь олгох хэрэгтэй юм.
Дэлхийд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өсөлтөөрөө ноёлж буй Япон, Өмнөд Солонгосын нуутц нь Соёлын яамтайдаа биш, харин урт хугацааны төрийн бодлого, экспортын стратеги технологи, үндэсний брэнд бүтээх зорилго, хувийн хэвшлийнхний дэмжлэг, олон улсын зах зээлд чиглэсэн экосистем хамт ажилласныхь гэж үздэг. Жишээ нь, 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараа өмнөд солонгосчууд хүнд үйлдвэр, электроник дангаараа хангалтгүй, дэлхийд нөлөөлөх "үндэсний дүр төрх" хэрэгтэй гэж үзээд соёлын салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, K-pop, кино, драм, видео тоглоомоос эхлээд хоол, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хүртэл стратегийн талбар болгосон байдаг. Тэнд Соёлын яам байсан ч яамныхан өөрсдөө дуу хийж, кино найруулаагүй. Харин уран бүтээлчид, студи, продакшнуудад татварын дэмжлэг үзүүлж, контент үйлдвэрлэлийн сан байгуулан өгч, экспортын агентлаг ажиллуулах зэрэгээр дэд бүтэц, хүний нөөц бэлтгэхэд нь анхаарч, дэлхийн платформд гарахад нь тусалсан гэдэг.
Өмнөд солонгосчууд өнөөдөр "Netflix"-д ээлж дараагүй контент нийлүүлж, видео тоглоомын үйлдвэрлэлийг "базаж", оюуны өмчид суурилсан франчайз сүлжээг байгуулж, "тахиа"-гаа өдөрт хэд өндөглүүлэн, брэнд дүр бүтээгээд түүгээрээ хүссэн санхүүжилтээ босгож, дижитал фэн соёлыг хүртэл цэцэглүүлэн, валютыг төрөл бүрийн аргаар олж байна. Товчхондоо "Squid Game" бол зүгээр нэг сериал биш. Аялал жуулчлал, хэл, соёл, хоол, хувцас загвар, гоо сайхны үйлдвэрлэлийн экспортыг хамтад нь тэслэсэн бүтээл юм. Японд аниме, манга анх төрөөс хамааралтайгаар биш, зах зээлийнхээ журмаар өсөж хөгжсөн байдаг. Төр нь сүүлд "Cool Japan" бодлогоор дэлхийн брэнд болгохын тулд боломжит хувилбаруудаар дэмжиж оролцсон гэдэг. Барууны олон оронд мөн л соёлын бодлого "Arm's length principle" гэдэг зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл, төр эрх зүйн орчныг нь бүрдүүлж, хөл дээрээ босох хүртэлх хөрөнгө оруулалтад нь дэмждэг ч уран бүтээл, контент, санхүүжилтийн модель, шийдвэрт шууд оролцдоггүй. Тусдаа зөвлөл, урлагийн сан, хараат бус байгуулагууд түүнийг хуваарилдаг байна.
Монголд харин театр, музейнүүдээс эхлээд киноныхны санхүүжилт хүртэл улс төрөөс ихээхэн хамааралтай. Сайд солигдох бүрд удирдлага нь солигддог. "Үндэсний контент бүтээх" нэрээр тодорхой ашиг сонирхолд үйлчлэх захиалгат уран бүтээл хийлгэдэг нь ч нууц биш. Хамгийн гол нь уран бүтээлчдийн өрсөлдөөнт зах зээл сул учраас бие даасан Соёлын яам байгуулаад ч манайд соёлын үйлдвэрлэл, хөгжил, орон зай нь улам агшсан гэлтэй. Кино зах зээлийг солонгос, хятад, турк, америк контент эзэлсэн. Циркийн урлаг байр нь хувьчлагдахтай уралдааад "мөхөв". Үндэсний урлагийн их театрынхаа барилгын газрыг ч шийдэж чадахгүй, Улсын драмын эрдмийн театртайгаа хамт нэг саравч дээвэр дор олон жил толгой хоргодож байхад Соёлын сайд нь гаднаас зөвлөх өндөр үнэтэй үйлчилгээ авах зэрэгээр төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгааад явсан. Номын зах зээл жижиг, хумигдмал хэвээр, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, өвлөн уламжлагчдыг алдаршуулах асуудал төсвийн жагсаалт эрэмбийн адагт шидэгдэхийн хэрээр төр, төсөв хоёрооо дагасан шахаа, найлзаа энэ салбарт гүнзгийрэв. Хошин урлагийнхан тэргүүтэй олон салбарын уран бүтээлчид төрийн тендер, төсөл, хөтөлбөр, захиалгат ажлыг гүйцэтгэх бүтэц рүү шургалж, амиа хоохойлох төдийд соёлын салбарын нэр, нүүрийг ашиглах болов. Ийнхүү соёлын салбар улс төрөөс хэт хамааралтай болж, институц нь тогтворгүй, мэргэжлийн бус удирдлагатай байх нь хэнд ашигтай вэ.
Л.Аргамжин