Нийслэлийн ИТХ дахь АН-ын таван төлөөлөгчийн нэг О.Зундуйдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон тэрбээр нийслэлийн иргэдийн эрхэд халдсан хоёр ч асуудлаар "шүгэл үлээв". Юуны өмнө Улаанбаатар хотод аливаа бүтээн байгуулалтын ажил хийхийн тулд ерөнхий архитекторооос гарын үсэг авч, баталгаажуулах дарааллтай байдаг аж. Тэрбээр жилд 1260 гарын үсэг зуруж, бүтээн байгуулалтын ажлын даалгавар өгдөг гэнэ. Гэтэл энэ албан тушаал, эрх мэдлээ ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэмээх эмэгтэй урвуулан ашиглаж, авлигын асуудалд холбогдсон байж болзошгүйг дуулгав. О.Зундуйдорж "Би хөрөнгө оруулалтын бүтээмжийн менежерээр тодорхой хугацаанд ажилласан. Мөн эдүгэе Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн. Тиймээс аж ахуйн нэгжүүдээс маш их санал, гомдол ирүүлдэг. Хот байгуулалт, стандартын газрын мэргэжлийн зөвлөлөөс шийдвэр гарснаын дараа Ч.Төгсдэлгэр гарын үсэг зуруж баталгаажуулдаг юм байна. Энэ бол түүний хэнтэй ч үл хуваалцах эрх мэдэл юм. Гэтэл тухайн аж ахуйн нэгжийн ажлыг гацааж, хоёр сараар материалыг нь шүүгээнд түгждэг. 50 сая төгрөг өгвөл гарын үсгээ зурна гэдэг. Тухайн компанийнхан банкнаас зээл авсан, бүх ажил цаг хугацаатай учраас хэдэн сараар хүлээх үү, "ханшаар" нь мөнгө төлөөд төслөө урагшлуулах уу гэдэг сонголттой тулдаг. Мөн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нөхрийнхөө зураг төслийн компанид давуу эрх олгож, санхүүжилтийн 10 хувийг авсан гэх мэдээлэл ч бий. Энэ бүх асуудлаар түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн" гэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын автомашины зогсоолын тарифыг дурааар нэмж, ашиг хонжоо олдог, эрх мэдэл, мэдээлэлд ойр компаниудын асуудлыг хөндсөн юм. Хотын төвөөр ажил амжуулахад зогсоолын төлбөр цагийн 3-5 мянга байна. Гэтэл нийслэлийн ИТХааас 2009 онд батлсан журмаар бол цагийн 1500 төгрөг бөгөөд энэ тарифыг зөвхөн ажлын өдрийн 07.00-17.00 цагийн хооронд мөрдөх ёстой аж. Нэг компани маш олон байршилд зогсоол ажиллуулах эрх авсан байгааг ч ярив. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн АН-ын таван төлөөлөгчийг үл тооож, "Тэдний намын бүлэг байх хэрэг бий юу" гэсэн хариуцлагагүй зүйл ярьсныг тэрбээр олон нийтэд "ховлосон". Нийслэлийн иргэдээ төлөөлж сонгогдсон хүмүүсийг намаар нь ялгаварлаж буй, мөн хаалганы ард өрнөж байгаа дээрх мэт авлига албан тушаалын луйвар, таниил талдаа эрх өгсөн хэргийг тэрбээр цаашид ч ил тод мэдээлж, энэ бүхний эсрэг тэмцэнэ гэдгээ хэллэё.