Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-тэй байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Тус хэлэлцээрт Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд 2025 оны зургаадугаар сарын 27-нд Минск хотноо анх гарын үсэг зурсан юм. Тэгвэл оролцогч талууд хүчин төгөлдөр болгохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гааль татварын тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм.
Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн гаралтай ноос, ноолуур, арьс шир болон зарим хүнсний бүтээгдэхүүн байна. Тэдгээрт Монголоос экспорт хийхэд төлдөг 15-50 хувийн татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэж буй гэнэ. Харин ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн нэгдэл болох ЕАЭЗХ-ноос импортлох 367 төрлийн барааны 81.7 хувийг Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг Эдийн засаг, хөгжийн сайд тодотгов.Гэвч МУИС-ийн судлаачдын судалгаагаар бол уг хэлэлцээр хэрэгжснээр манай аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гарсан байна.
Тус холбооны гишүүн орнуудаас улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүт хүнс, химийн болон үйлдвэрийн барааг хямд үнээр Монголд нийлүүлэх юм. Үүнээс болж дотоодын үйлдвэрлэгчид, ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэрийнхэн өрсөлдөөнд шахагдана гэсэн шүүмжлэл өмнө нь ч гарч байв. Зарим бизнесийн холбоонойхон өнгөрсөн жил “200 мянга хүртэл ажлын байр эрсдэлд орж магадгүй” гэж анхааруулж байсан. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн дараа цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжлэх юм байна.
Г.Сансар