Дуулиан тарьсан баривчилгаатай шуугиан тарьсан хэргүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах, Гүйцэтгэх ажлын хэлтсийнхэн илрүүлдэг нь тэр даруйдаа олны анхааралд өртдөг. Хамгийн сүүлд гэхэд Замын-Үүдийн гаалийн байцаагчдаас улбаатай Улаанбаатар хотын гаалийн болон Гаалийн ерөнхий газрын ажилтнууд багтсан 36 албан тушаалтны бугшсан сүлжээг хууль сахиулагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоос 20 жилийн өмнө гааль хэмээх байгуулагад авлигын сүлжээ байж, тэр нь тус газрын дарга Х.Баатар тэргүүтэй хүмүүсийн үйлдлээр илэрч, зарим нь ял шийтгүүлсэн. Нэг хэсэг нь эldэв арга саамаар мултарч, хээл хахуулийн өөр хэрэгт холбогдон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч ялаас чөлөөлөгдсөн төдийгүй төрийн түшээ болсноор барахгүй гавьяат цолтны тэмдэг энгэртээ гялалзуулж яваа. Өөрөөр хэлбэл, монголчуудын "загасны" ой санамж буюу уншихаа больсноор өмнөх бараан түүхийг нь мартаж, төрийн өндөр сэнтийд суух, Ерөнхийлөгчийн хайр хишгийг хүртэх боломжийг олгосон гэсэн үг.
Сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртөөд буй нэг дуулиан нь нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Давааадалай нарт холбогдох албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг. Эрүүгийн цагдаагийн албанынхан илрүүлэн прокурорын байгуулагаас тогтоосон харьяаллын дагуу саяхнаас АТГынхан шалгаж эхэлсэн. Тус газрын мөрдөгчид хуулийг хэрэгжүүлэх гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Давааадалай саад учруулах оролдлого хийсэн тул прокурорын байгуулагад таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлэх хүсэлт хүргүүлсэн. Гэвч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэд хэдэн удаа хойшлуулсаар байсан. Харин өнгөрсөн баасан гарагт дахиж хүсэлт гаргаснаар тус шүүх хэлэлцээд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авааад буй билээ. Өдгөө АТГ-т Т.Давааадалайд холбогдох хэргээс гадна нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулсан, эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу зэрэг асуудлыг цагдаа, тагнуулын байгуулагатай хамтран шалгаж эхэлсэн. Хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэргийн хүрээнд "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минутын хот", "Шинэ тойрог авто зам"-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, "Улаанбаатар метро төсөл" гэх мэт томоохон бүтээн байгуулалтын хөрөнгийн зарцуулалтыг шалгаж байна. Түүнчлэн энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгаж, хөрөнгө, орлого нь хууль ёсныхоо гэдгийг ч нарийвчлан нягтлаж буй юм.
Эдгээрээс гадна Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнийн гаргасан гомдлын дагуу өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, "Голомт" банкны эцсийн өмчлөгч Д.Баясгалан тэргүүтэн, УИХын дарга асан Д.Амарбаясгалан нарт холбогдох, экс Ерөнхий сайдын хөрөнгө, орлого, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой гэх зэрэг олон хэрэг бүртгэлт, мөрдөн байцааалтын хэрэгт прокурорын байгуулагын хяналт дор, тэдний заавар, хэрэг удирдах эрх, үүргийн хүрээнд гадаад, дотоодод мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй билээ. Энэ бүхэнд эдийн засгийн шинжилгээ хийлгэх, нотлох баримтуудыг бэхжүүлэх, гадаадад гаргасан мөнгөн гүйлгээг эрх зүйн туслалцааны хүрээнд харийн орны хууль хяналтын байгуулагаар дамжуулан авах гээд маш их цаг хугацаа шаарддаг. Эрх мэдэлтнүүд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөөо гадаад улсаар дамжуулан "угааж", хууль ёсныхоо мэт харагдуулах нь олон учраас тэр бүхэнд харь улсаас Авлигын эсрэг конвенцын хүрээнд тусламж, дэмжлэг авах гэх мэтээр хугацаа алддаг гэдгийг иргэд хараахан мэддэггүй, ойлгодоггүй. Өнөөдөр баривчилсан л бол маргааш нь ял шийтгэлээ оноох ёстой гэж үзэх хүмүүс олон.
ДУУЛИАНЫ ЭЗДИЙГ МАРТАГНУУЛАХАД ШҮҮГЧДИЙН НӨЛӨӨ ИХ
Мэдээж гэмт хэрэг үйлдсэн, тэр дундаа авлигын хэрэг өдүүлж, бусдын боломжийг "хулгайлж", албан тушаалаа өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон бол хариуцлага хүлээлгэх ёстой. Түүнийг нотлох гэж АТГ-ын мөрдөгчид маш их цаг хугацаа зарцуулдаг. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, гадаад орноос хариу ирүүлэх зэргийг хүлээж нэлээд хугацаа алдснаар зарим хэрэг мартагдах шахдаг. Арай гэж ялах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхэд шийдвэрлэхгүй буцаасаар буй жишээ олон. Энэ нь олны дунд "АТГ хэрэг шийддэггүй" гэх ойлголт төрүүлсээр байгаа юм. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг үүний тод жишээ. АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Г.Аzжаргал тэргүүтэй багийнхан томилогдсоноос хойш тус байгуулагын гадаад харилцаа сайжирч, гэмт хэргийн замаар гадаад оронд гарсан хөрөнгийг битүүмжлэх, буцаах ажиллагаа олныг хийсний нэг нь Н.Золжаргал угаасан хөрөнгүүдээрээ Австри улсад үл хөдлөх хөрөнгө авсныг тогтоож зарцуулалтыг нь царцаасан явдал. Харамсалтай нь манай шүүх Н.Золжаргалд холбогдох хэргийг одоо болтол шийдэхгүй, сүүлдээ "Эрдэнэтийн 49 хувийн" гэх хэрэгт нэгтгэчихсэн. Шүүх нь уг хэргийг хэлэлцэхгүйн тулд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг заавал авчирч шалгах ёстой гэсэн утгатай захирамж гаргаад прокурорт буцаасан юм.
Энэ мэтээр олны анхаарал татсан олон хэргийг шүүх шийдэхгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх нэрээр прокурорын хяналтад хүргүүлээд сураг алдруулсан. Өдгөө зарим нь төрийн өндөр сэнтийд санаархан бэлтгэлээ базааж буй нь ч ил. Үүний цаана мөн л шүүх, шүүгчид байв. "Оюутолгойн" гэх хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгүүлсэн С.Баярцогтын хэргийг Улсын дээд шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, прокурор хэрэгсэхгүй болгосныг юмны учир ойлгодоггүй зарим хүн АТГ ажлаа хийсэнгүй гэх мэтээр дайрдаг.
Дуулиан, шуугиантайгаар Филиппинээс "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилж ирсэн Т.Бадамжунай, хамтрагч Д.Бямба-Очир, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан нарын хэргийг ч ялгаагүй шүүхээс прокурорт буцаачихсан. "УАЗ-469"-өөр хил давж зугтсан түүнийг АТГынхан хэчнээн зардал чирэгдэл гаргаж, байгаа улсыг нь тогтоолгон, баривчилж авчирсан билээ дээ. Шүүх нь шалихгүй заалтаар буюу УИХ-ын гишүүн асан, "Содмонгол"-ыг үүсгэн байгуулагч Ц.Анандбазарын хэргийг нэгтгэж ирэх ёстой гэж үзсэн. Уг нь тусгаарлан шалгаад шийдэх эрх зүйн орчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нь байсаар атал шүү дээ.
САЙД АСАН Н.ЦЭРЭНБАТ, С.ЭНХБОЛД НАРЫГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХ БУЦААВ
АТГ-ын өнөөгийн удирдлага томилогдсоноос хойш буюу 2019-2025 оны хооронд авлигын 11 мянга гаруй хэргийг шалгаж, улсын төсөвт учирсан 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэсэн статистик гаргасан байдаг. Тэдний дунд гадаадад гаргасан, дээр дурдсан Н.Золжаргалаас гадна Английн Лондонд үл хөдлөх хөрөнгө авсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн албан тушаалтан, Мэйн гэх хэн ч мэдэхгүй шахам арлын оффшор бүсэд нуусан хөрөнгийг багагүй ажиллагааны үр дүнд эргүүлэн авчирсныг тодотгох нь зүйн хэрэг.
Энэ нөхөн төлүүлсэн хохирол дунд Монгол Улсыг Дэлхийн банкны өмнө ичгэвтэр байдалд оруулсан Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын хэрэг ч багтаж буй. Харамсалтай нь шүүх шийдэхийг оролдолгүй прокурорт буцаав. Яагаад ичгэвтэр гэж тодотгов гэхээр Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Бүр төслөө зогсоож, 1.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаа авлига ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр буцаан нэхсэн юм. Улсаа ичгэвтэр байдалд оруулсан сайд асны хэргийг шүүх нь шийдэхгүй, түүгээр ч үл барам эрх баригчид нь өндөр албан тушаалд сэлгэн томилоод байхаар яаж ч авлигын индекс гэгч нь буурах вэ дээ.
С.Энхболдоос гадна УИХ-ын гишүүн, сайд асан зэрэг төрд өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг АТГ-ынхан шалгаж, зарийг нь дуусгасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал болсон Д.Тогтохсүрэнд холбогдох хэрэгт ялах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд байсан, "ДЦС-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогдсон Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй, БНСУ-аас эрх зүйн туслалцааны хүрээнд явуулсан хүсэлтийн хариу ирэхийг хүлээж байгаа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нарын БОАЖЯаас хэрэгжүүлэхээр зарласан "Гэр хорооллын ариун цэврийн байгуулалтын лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах" 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг ХБНГУ-ын "B2 Bio-toPower Gmbh" гэх компанийн нэрээр завшсан гэх хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд бас л буцаачихсан.
Эндээс цагаан захтнуудыг шалгадаг өнөөгийн АТГ-ынхан хэрхэн ажиллаж, шүүх нь олны хүлээлтэд орсон дуулиант хэргүүдийг яаж шийдвэрлэн, хүлээс, хүлээлтэд оруулж буй нь тодорхой харагдаж байгаа биз ээ.