Өвөрхангай аймгийн төдийгүй Монголын байгалийн гайхамшгийн нэг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт бүсэд хамаардаг Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр "Хаврын гачиг урсцын үед гол тасрах нь ховор боловч ажиглагддаг үзэгдэл. Гэвч энэ жилийн тухайд зуны эхэн сар гарчхааад байхад голуудын урсац ийн тасарсан нь анхаарал татах боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, усыг зүй бусаар ашиглах болсон, хуурайшилт ихэссэн зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж байж болзошгүй. Тиймээс гидрологичид судалгаа, дүгнэлтээ танилцуулж, шалтгааныг нь нарийвчлан тогтоох хэрэгтэй. Нөхцөл байдлыг эрт үед нь тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах нь чухал. Хэд хоногийн өмнө Орхон голын урсац тасарсан бол одоо Улаан цутгалан усгүй болдоо. Маргааш Онги гол ч мөн адил болохыг үгүйсгэхгүй" хэмээв.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших уг хүрхрээ нь зуны улиралд жуулчдын хамгийн их зорин очдог байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд жилд дундажаар 85-115 мянган дотоод, гадаадын аялагч зорин очдог аж.
Улаан цутгалан нь сумын төвөөс баруун тийш 30 километрийн зайд байрладаг бөгөөд 20 гаруй метрийн өндрөөс буудаг, Монголын хамгийн их устай хүрхрээ билээ.
У.Сүрэн