Монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан "Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил" өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын 300 гаруй "цэнхэр дуулгат" бүсгүй оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн есөн эмэгтэй алба хааагчийг алдаршуулсны дотор Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаанд мото буудлагын анхны эмэгтэй тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сургалтын ахлах офицер, хошуучь О.Нинжбадгарыг онцолж, "Шилдэг энхийг сахиулагч" өргөмжлөл гардуулав. Түүнчлэн эл өдөрлөгийн хүрээнд эх дэлхийн амар амгалангийн төлөө эрэлхгээр зүтгэсэн дайчин бүсгүйчүүддээ зориулан хүндэтгэлийн тоглолт толилуулав. Тус тоглолт нь энхийг сахиулагчдын түүхэн замнал болон эрхэмсэг бүсгүйчүүдийн алдар гавьяаг харуулсан бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлог байв.
Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2006 онд анхны эмэгтэй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд илгээсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагаас давхардсан тоогоор 1300 гаруй эмэгтэй алба хааагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Харин өнөөдрийн байдлаар ажиллагааны газар оронд 80 гаруй эмэгтэй дайчин үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаа юм.
У.Сүрэн