Монголчууд мартамхай. Улстөрчдөд энэ ашигтай. Загасны ой санамжтой гэж ирээд хоорондоо ярилцана. Тэрэнд нь тааруулж улс төрөө явуулна. Одоо бараг мартсан байх, 2018 оны ЖДҮ-гийн хэргийг. МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлээс туучихсан нь баригдсан. Хөгөө хөлдөө чирсэн. Гэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тус зээлийг олгох шийдвэрийг гаргасан гол буруутнаар шалгарсан. Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нар шүүхээр орж ял авсан. Гэтэл МАН-ын бүлгийнхэн ЖДҮХС-гаас зээл авсан нь энэ 4 гишүүн ял аваад өнгөрөх асуудал биш байжээ. МАН-ын бүлэг дээр ЖДҮХС-гийн 70.5 тэрбум төгрөгийг бүлгийн 65 гишүүнд тус бүр 950 саяар тооцож олгох улс төрийн шийдвэр гаргасан байна. Тэр тухай ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг мөрдөн байцаалтын явцад хэлжээ. Тэрээр: Намайг ажил авсны дараа Б.Батзориг сайд өрөөндөө дуудаж уулзаад 2017 оны 10 сард тодотголоор 55 тэрбум төгрөг ЖДҮХС-д орох байснаас тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас үүдэн төрийн албан хаагч нарт 300 мөнгөн төгрөг олгох шийдвэр гарч, манай санд олгогдох ёстой байсан 55 тэрбум төгрөгөөс 47 тэрбум төгрөгийг зарцуулж, 8 тэрбум төгрөг үлдсэн. Ингээд 8 тэрбум төгрөг дээр 62 тэрбум төгрөгийг нэмээд 2018 оны улсын төсвөөр ЖДҮХС-д 70.5 тэрбум төгрөгийг хуваарилсан. 8 тэрбум төгрөг дээр нэмсэн 62 тэрбум төгрөгийг МАН-ын бүлгийн 65 гишүүнд олгохоор намын бүлэг дээр шийдвэрлэсэн. Нэг гишүүнд 950 сая төгрөг ногдоно шүү гэж хэлж байсан. Намын бүлгийг хэн удирадж байсан, хэн санал гаргаж УИХ-ын гишүүдэд олгох болсон талаар надад мэдэх зүйл байхгүй гэж мэдүүлж байжээ. Тэр дагуу дээрх 4 гишүүнээс гадна одоо албан тушаалтай байгаа Ерөнхий сайд-МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр нар тус зээлээс авсан байдаг.
М.Бат-Эрдэнэ