Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж. Түүнчлэн бүлэглэн авч үзвэл дээрх хугацаанд 1.1 саяас доош орлоготой өрх 8.2 мянгаар буурсан бол 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 8.1, таван сая төгрөгөөс дээш орлоготой өрх 65.1 мянгаар өссөн байна. Өөрөөр хэлбэл, айл өрх их мөнгө олохын хэрээр цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлогын хувь өсөж буй. Харин хамгийн их зардалтай өрхүүдийн сарын дундаж зардал 4.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.5 дахин их үзүүлэлт гэнэ. Нэг өрх хүнсний бүтээгдэхүүний хэрэглээндээ сард дунджаар 873.7 мянган төгрөг зарцуулжээ.
Эл судалгаанаас харахад цалин, орлого өсөж буй ч иргэдийн худалдан авах чадвар, өрхийн санхүүгийн бодит чадамж хумигдаж байгааг судлаачид хэлж байна. Энэ нь иргэдийн гарт “ирж” буй мөнгөний тоо ихэссэн мэт харагдаж байгаа ч бодит амьдралд өмнөх жилийнх шиг хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч чадахгүйг байгааг ч дурдсан. Орлогынхоо дийлэнх хэсгийг тэтгэвэр, тэтгэмж болон халамжийн шилжүүлгээс бүрдүүлдэг бага орлоготой өрхүүд нийгэмд жин дарж буй нь нийгмийн халамжийн бодлого иргэдийн амьдралын гол тулгуур болж буйг илэрхийлдэг. Өрхийн зардлын бүтцийг ажиглавал хүмүүс хүнсний бүтээгдэхүүндээ илүү их мөнгө зарцуулж, хүнсний бус хэрэглээ, үйлчилгээний зардлаа хумьж, илүү дутуу зарлагагүй амьдрахыг эрмэлзэх болжээ.
Д.Хэрлэн