УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад ахлагч Н.Энхболд, дэд ахлагч С.Бямбацогт нар нь сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийнхээ эхэнд ч, төгсгөлд ч тэд “МАН-д төрийн ажлыг гацаах ямар ч сонирхол байхгүй” хэмээн онцолсон. Бас тавьсан гурван шаардлагын тухайд түрүүчээс нь ойлголцож байгаа гэлээ. Тэд АН-ынхантай уулзаж, санал тоолох машины талаарх эргэлзээг тайлах зорилгоор таван тойрогт хяналтын тооллого хийхээр тохиролцсон юм байна.
Н.Энхболд энэ талаар “Бид сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн юм биш. Дүнг нэгэнт өргөн барьчихсан. Гагцхүү цаашид энэ машиныг олон сонгуульд ашиглах учир эргэлзээг нь арилгах ёстой гэж байгаа юм” гэлээ. Өвөрхангайн асуудлаар шүүхэд нөлөөл гэж УИХ-ыг шахаагүй, үнэн зөв шийдвэр гаргаасай гэж шүүхээс шаардаж буй юм байна. Мөн “Олон улсын парламентын зарчим бол цөөнхөө хүндэтгэж, нэг хүн ч байсан хуралдаа суулгаж, саналыг нь сонсож байж шийдвэр гаргах явдал. Олон улсад мөрддөг энэ зарчмыг манай УИХ-ын удирдлага мөрдөх ёстой. Тэгэхгүй бол цаашид ажиллахад хүнд болно” гэлээ.
С.Бямбацогт “Бид олонх байхдаа цөөнхөө сонсож ажилладаг байсан. Одоогийнх шиг цөөнхөө олонх нь түрэмгийлж болохгүй. Тиймээс харилцан зөвшилцөж, ойлголцъё гэсэн юм. Түүнээс ийм байдлаар шантаажлаад Засгийн газарт орох сонирхол байхгүй” гэлээ. Мөн ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байхаа хэлэв. УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон асуудлаар Цэцэд хандсан ч дахин санал хураагаад баталгаажуулчих юм бол заавал Цэцийн шийдвэрийг хүлээнэ гэж зөрөхгүйгээр ажилдаа оролцох юм байна.