Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхэн 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгууллаа.
Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиантай тоглоно. Н.Төгсцогтын хувьд өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргад Миша Алоиантай таарч, илүүрхэж байсан билээ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.