Зуны олимпийн ХХХ наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг 63 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Энэ бол монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадмаас тасраад байсан медалийн буухиаг 32 жилийн дараа сэргээсэн гайхамшигт үйл явдал боллоо.
Мөн монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадмаас хүртсэн ес дэх медаль, эмэгтэй чөлөөт бөхчүүдийн анхны медаль, олимпийн наадмаас монголын эмэгтэй тамирчдын авсан гурав дахь медаль байв.
48 кг: 1. Хитоми Обара Сакамото /Япон, дэлхийн 8 удаагийн аварга/
2. Мария Стадник /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга/
3. Кароль Хьюн /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Кларисса Чун /АНУ, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга/
...9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт/
Энэ жинд 19 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт колумбын бөх Каролина Кастилло Хидальготой таарч 1:1, 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт польшийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Ивона Нина Матковскатай барилдаж 1:0, 1:2, 0:3 оноогоор ялагджээ.
63 кг: 1. Каори Ичо /Япон, олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/
2. Риуксю Жанг /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Соронзонболдын Батцэцэг /Монгол, дэлхийн аварга/
3. Любовь Волосова, /ОХУ, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт, европийн хошой аварга/
Энэ жинд 20 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоуг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртэв.
Өнөөдөр олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 55, 72 кг-ийн жингүүдийн барилдаан болно. 55 кг-ийн жинд 19 бөх өрсөлдөж байна. Энэ жинд зодоглож байгаа “Аварга” биеийн тамирын бөх, олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт шведийн бөх Софья Маттсонтой таарчээ. Түүнийг ялж чадвал БНСУ-ын бөх Жи-Еун Им, тунисийн бөх Марба Амри хоёрын аль ялсантай нь барилдах юм. Хоёр хожил авч чадвал бразилийн бөх Жойс Суиза Да Сильва, оросын бөх Валерия Жолобова, вэнэсуэлийн бөх Марсиа Андрадес Мендоза нарын хэн нэгэнтэй нь барилдах юм.
Энэ хэсэгт японы бөх, олимпийн хошой аварга Саори Йошида, АНУ-ын бөх Кеслей Кэмпэлл, азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар байна. Нөгөө хэсэгт нь канадын бөх, олимпийн мөнгөн медальт Тоня Лунн Вербеек, украиний бөх ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт Татьяна Лазарева, энэтхэгийн бөх, акийн аварга Геета Геета, азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич, колумбын бөх, олимпийн хүрэл медальт Жаклина Рентериа Кастилло нар барилдах юм.
72 кг-ийн жинд 18 бөх өрсөлдөж байна. Энэ жинд зодоглож байгаа “Хилчин” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт канадын бөх Лич Мариам Лораине Каллахантай таарч барилдана. Түүнийг ялж чадвал колумбын бөх Ана Талия Ветанкур Дэвид, испанийн бөх ДАШТ-ний хүрэл медальт Майдера Унда Гансолес де Аудикана хоёрын аль ялсантай барилдах болно. Хоёр хожил авч чадвал камерун, мадагасгар, болгарын бөх, олимпийн мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Станка Златёва Христова, беларуссийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Василиса Марзалюк нарын хэн нэгэнтэй нь барилдах юм.
Нөгөө хэсэгт нь оросын бөх, дэлхийн залуучуудын 3 удаагийн аварга Наталья Воробьёва, казахстаны бөх, ДАШТ-ний хүрэл медальт Гюзель Манюрова, японы бөх, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн 5 удаагийн аварга Куоко Хамагучи, украиний бөх, дэлхийн аварга Катерина Бурмистрова нар өрсөлдөхөөр сугалаа гарчээ.