МАН-ынхан дотроо байр суурь зөрчилдөж эхэлжээ. Хэдийгээр тус нам саяхан болсон Бага хурлаасаа ирэх дөрвөн жилд сөрөг хүчин болж ажиллана хэмээн тунхагласан ч ийм “дүр”-д тоглохыг хүсэхгүй хүн цөөнгүй байгаа аж. УИХ-ын Анхдугаар чуулганыг “байгаа юмаараа” буюу ахмад настай гишүүнээ оруулахгүйгээр бойкотлоод тэд амжилт олоогүй.
УИХ-ын 69 гишүүн тангараг өргөсөн тэр өдрөөс сар гаруйн хугацаа өнгөрсөн ч МАН хуралдаа орж ирээгүй л байгаа. Өвөрхангайн хоёр гишүүний асуудлыг шийд, таван тойрогт хяналтын тооллого явуул гэж тэд шаардсан. Дээрээс нь УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон учир дахин санал хураах ёстой гэсэн юм.
МАН шинэ удирдлагатай болсон учир асуудалд уян хатан хандана байх гэсэн олонхийн найдлага биелсэнгүй. Энэ хугацаанд хоёр намын дарга, УИХ дахь бүлгийн дарга нар хэд хэд уулзлаа. Мөн МАН-ын дарга УИХ-ын “хууль бус” гээд буй даргатайгаа ч уулзав. Сонгуулийн дүнд нөлөөлөхгүйгээр зөвхөн санал хураах машин тойрсон эргэлзээг арилгахын тулд таван тойрогт хяналтын тооллого хийж болох юм гэж АН үзжээ.
Сонгуулийн эцсийн дүнг СЕХ Ерөнхийлөгчид өргөн барьж, 71 гишүүн тангаргаа өргөчихсөн. Тиймээс МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд ч уржигдар мэдээлэл хийхдээ “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн машин тойрсон эргэлзээг арилгах зорилготой шаардлага тавьсан” хэмээн мэдэгдэв. Зөвшилцөл алхам алхмаар ахиж байгааг ч тэр онцолсон юм. Гэвч байдал тийм хурдан дээрдэхгүй нь. Уг нь тус нам УИХын сонгуулиар “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж ажиллана” хэмээн уриалсан. Гэтэл ард түмний сонголтыг үгүйсгэж, төрийн ажлаа үргэлжлүүлэхээс зугтаад байгаа нь ч сонин. Ард түмэн МАН-ын дарга Ө.Энхтүвшиний хэлснээр олонхгүй УИХ байх сонголт хийсэн.
Хамгийн олон суудал авсан АН нь МАН-аас бусад хоёр намтай хамтран олонхоо бүрдүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр МАН-д хүссэн, хүсээгүй сөрөг хүчний байр сууринаас зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж ажиллах үүрэг ногдож байгаа юм. Гэвч бодит байдал дээр тэд зүтгэж биш зугтаж, бүтээж биш үгүйсгэх нь давамгайлав. МАН-ынхан бүгд Н.Энхболдын адил асуудалд төв байр сууринаас хандахгүй байгаад хэргийн учир байна. Тэд С.Батболд, Я.Содбаатар болон Ц.Нямдорж, У.Хүрэлсүхийн гэсэн гурван хэсэгт хуваагдчихаад байгаа гэнэ. Я.Содбаатар, Ц.Нямдорж нар намынхаа залуусыг “зангидаж” байгаа сурагтай. Хуулийн дагуу Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулснаас хойш 45 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадахгүй бол Парламент тардаг. 1992 оноос хойш таван ч УИХ бүрэн эрхээ дуусгасан ч ийм явдал болж байгаагүй юм. Гэхдээ МАН-ынханд “түүхэн туршлага” хэрэгжүүлэх сонирхол бий бололтой. Тэдэнд ард түмний сонголтыг үгүйсгэж, өмнө нь ирсэн сөрөг хүчний “дүр”-ээс зугтаад УИХ-ыг тараах сонирхол байна гэсэн хардлага нийгэмд бий болов. МАН-ынхны зүгээс гаргаад буй үйлдэл ч үүнийг батлаад байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа АН тун ч хэврэг, урваач шарваачдаас бүрдсэн хамтрагч сонгосныг сануулжээ. АН өөрөө ч дотроо хэд хэдэн фракцтай, ер нь л задрахад амархан олонх гэсэн байна. Дээрээс нь МАН-д “санаа тавих”- ын оронд дотоод зөрчлөө арилгахад анхаарахыг сануулсан байна лээ. Энэ нь Ц.Нямдоржийн фракцынхан АН болон эвслийн сул тал дээр тоглолт хийх замаар зорилгодоо хүрэхээ шулуудсаныг илэрхийлэв. АН-ын зүгээс намын дарга Н.Алтанхуягийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, зөвшилцөх саналаа өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Энэ мэтээр МАН доторх бүлэглэлүүд өөр өөр аргаар Засгийн газрыг задлах төлөвлөгөө бодож сууна. “Хэврэг” эвслийг АН хамтрагчаар сонгосон уу, үгүй юү гэдэг нь удахгүй харагдана.