УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дэд даргад нэр дэвшүүлсэн Ч.Улааныг сонгох эсэхийг шийдлээ. Бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бүр нэг УИХ-ын дэд даргатай байхаар хуульчилсан. Тиймээс уг эвсэл нэр дэвшигчээ танилцуулж гишүүдийн дэмжлэг хүлээв. Нэр дэвшигчээс асуух, санал хэлэх хүн гарсангүй.
Харин АН-ын зүгээс дэд даргад хэнийг нэр дэвшүүлж буйгаа танилцуулж, хэлэлцүүлсэнгүй. Уг нь энэ чуулганаар УИХ-ын хоёр дэд даргыг томилно гэсэн хүлээлт байсан юм. АН-аас гишүүн С.Эрдэнийг УИХ-ын дэд даргад санал болгож магадгүй гэсэн таамаг байв. Гэвч тус намынхан уг албанд хэнийг сойх талаар санал нэгдээгүй байгаа бололтой. МАН-ын тухайд УИХ-ын үйл ажиллагаанд оролцож эхлэхээрээ нэр дэвшигчээ танилцуулах биз ээ.
С.УУЛ