Лондоны олимпийн наадмын өмнөхөн “Тайм” сэтгүүлийн сэтгүүлч Ханна Бийч манай улсад зочилж, Монголын спортын хөгжил, онцлогийн талаар доорх тэмдэглэлийг бичжээ. Тус сэтгүүлийн вэб хуудсанд долдугаар сарын 27-нд гарсан уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголоос төрөн гарсан хамгийн алдар цуутай хөвгүүн нь XIII зуунд дэлхийн түүхнээ хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан байлдан дагуулагч учраас энэхүү улсын ард иргэд нэлээд гүжирмэг, хүчирхэг болон өсч өндийсөн нь хачирхалтай хэрэг биш ээ. Чингис хааны төрсөн нутагт эдүгээ 3 сая хүрэхгүй хүн аж төрж буй. Гэвч 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Монголын тамирчид дөрвөн медаль, тэр дундаа хоёр алт (жүдо, бокс), хоёр мөнгө (буудлага, бокс) хүртсэн юм.
Лондонд Монголын 29 тамирчин оролцох бөгөөд дор хаяж Бээжингийн олимпоос хүртсэн медалийнхаа тоог давтах зорилготой. “Лондонд ирж биднийг хараарай. Таны урам лав хугарахгүй шүү. Би амлая” хэмээн Монголын нийслэл Улаанбаатар хотноо МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан өгүүллээ.
Ямайка, Австрали улсуудын адилаар Монгол Улс нь олимпийн наадамд хүч боломжоосоо илүү өндөр амжилт үзүүлдэг. Тэдний амжилтын нууц нь тун энгийн. Тус улсын хүн амын гуравны нэг нь одоо ч гэсэн тал, говь нутагтаа нүүдэллэн амьдардаг. Энэ бол хүний булчин шөрмөс, тэсвэр хатуужлыг хөгжүүлдэг хүнд бэрх амьдрал. “Үүрээр босч тэмээ саах эсвэл хонь ямааг эврээс нь барьж авах нь хүнд өөрийн эрхгүй хүч чадал суулгадаг. Миний бодлоор монголчууд ямар ч үндэстнээс чадалтай” хэмээн Отгонцагаан өгүүлэв. Үүнийг нотлох нэг жишээ бол жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д медаль хүртэх найдвартай Мөнхбаатарын Бундмаа.
Монголын эртний нийслэл Хархорум хотын ойролцоо төрсөн Бундмаа гурван ахтайгаа барилдан ноцолдож өсчээ. 12 настайдаа тэрбээр жүдогийн спортыг сонирхож, эцэг эхээсээ Улаанбаатарт очиж энэ спортоор хичээллэх боломж олгохыг гуйсан аж. Түүнээс хойш тэр Дэлхийн цом болон Их дуулгын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээд амжлаа.
“Спорт монголчуудын генинд байдаг юм. Байгаль цаг уур нь ширүүн, үүний улмаас бид тэсвэр хатуужилтай болдог” хэмээн 26 настай жүдоч ярив. Бундмаагийн адил өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг улсаас хөрөнгө мөнгөөр маш сайн дэмждэг. Зөвлөлт маягийн систем үлдэж хоцорсон нь Монгол тамирчдын ур чадварыг улам хурцалж өгдөг байна.
Зун бүхэн монголчууд наадам хэмээх спортын түүхэн их баяр цэнгэлийг хийдэг. Эрийн гурван наадам хэмээх бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан улс даяар болдог байна. Наадмаа үзэх гэж хэдэн өдрийн турш энэ улс тэр чигтээ “зогсоно”. Тийм болохоор Монголын тамирчид чөлөөт бөх, бокс, жүдо зэрэг олимпийн тулааны төрөлд гарамгай амжилт гаргадагт гайхах хэрэггүй. Наадмын төрлөөс нэг онцлох зүйл бол морин уралдаан, Монголын тал нутгаар цахилах морьдын туурай яагаад ч юм олимпийн наадмын морин спортын тэмцээнд мөрөө гаргаж чадахгүй байна. Монгол хэдийгээр дэлхийн хамгийн тархай бутархай суурьшилтай улсуудын нэг боловч ард иргэд нь спортын уралдаан, тэмцээн үзэх тун дуртай аж. Хамгийн алслагдмал айлд ч хиймэл дагуулаар телевиз үзэх боломжтой.
Энэ улсын өмнөд хэсэгт орших эзгүй говь нутгаар аялж явахдаа би NBA, NHL-ийн талаар чамгүй мэдлэгтэй малчидтай таарсан. Мөн сүмо энд их олон үзэгчтэй, учир нь монголын бөхчүүд Японы үндэсний спортын дээд зиндаанд олноор барилдаж буй. 2008 оны олимпийн дараа Улаанбаатар хотод жүдогийн өмсгөл, боксын бээлий зарагдаж дууссан гэдэг. Хачирхалтай нь Тайгер Вүүдс Монголд нэлээд олон фэнтэй юм шиг санагдсан. Хүн амын тоог авсан медальтай нь харьцуулвал маш тааруу үзүүлэлт гардаг Энэтхэг, Индонез улсуудын дэргэд Монголын тамирчдын олимпод үзүүлсэн амжилт эсрэгээрээ юм. Нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улс олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд анхны алтан медалиа дөнгөж 2008 онд авч, Абхинав Биндра 10 м-ийн хийн гар бууны дасгалд аваргалсан түүхтэй (Талбайн хоккейн хөгжлөөр тэргүүлэгч гүрний хувьд Энэтхэгийн баг олимпод олонтаа аваргалсан агаад хамгийн сүүлд 1980 онд алт хүртсэн). Тэр бүүхэл, 2008 онд 51 алтан медаль авсан БНХАУ-ын амжилтыг нэг тэрбум гаруй хүн амд нь хувааж үзэх ахул Австралийн судлаач Саймон Форситын гаргасан жагсаалтад 55 улсаас 47-р байрт орж байгаа юм.
Ингэснээр БНХАУ Узбекистан болон Аргентиний завсар бичигдсэн, энэ нь нийт алтан медалийн тоогоор АНУ-аас илүү гарч, хүснэгтийг тэргүүлсэн Хятадын хувьд тийм ч сүрдэм үзүүлэлт биш. Форситын судалгаагаар хүн амынх нь тоог алтан медальтай харьцуулахад Монгол Улс зургадугаарт жагсчээ. Тус улсын тамирчдын ирээдүйг бүр ч гэгээлэг болгож байгаа нэг зүйл бол Монголоос олборлосон алтыг ашиглаж, Лондоны олимпийн медалийг хийсэн явдал. Уул уурхайн хөгжлөөс шалтгаалж, Монголын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засгийн нэг болсон юм. “Алт бидний зүрх сэтгэлд байгаа. Нутаг минь мөн олимпийн наадамд ч” гэж Отгонцагаан хэллээ.
Н.ЭНХБАЯР