Урт бууны төрөлд олимпийн эрх аван өрсөлдсөн залуу тамирчин Н.Баяраа даваа гаригт 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд онч мэргээ сорьсноор тэмцээнээ дуусгалаа. Энэ төрөлд 41 буудагч өрсөлдөхөд манай тамирчин 1154 оноогоор (хэвтээ 393, босоо 382, суугаа 379) 33-р байр эзэлсэн юм.
Баяраа тогтмол 20 гаруй байрт явж байсан ч сүүлд суугаагаас буудахдаа хэд хэдэн сумаа найм дээр зоож, байр ухарсан. Буудлагын тэмцээн дууссаны дараа Н.Баяраа болон дасгалжуулагч С.Адилбиш нартай уулзаж ярилцлаа.
-1154 ямархуу оноо вэ?
-Яахав, дундаж л оноо. 1170 хүрчих боломжтой байсан. Гэвч алдсаар байгаад ингэж дууссан даа.
-Олимпийн наадам гэж том тэмцээнд буудсан болохоор сандарсан тал байна уу?
-Сандраагүй ээ. Өөрийнхөө хийх ёстой бүхнийг л хийсэн. Өөрийгөө сандрах байх гэж бодсон ч гайгүй байлаа.
-Сая суугаа буудлагад нэлээн оноо алдаж байгаа харагдсан?
-Харин тийм. Өмнө нь бэлтгэл хийхдээ хэвтээ буудлага, хийн буу хоёр дээр голлосон юм. Би сүүлд эрхээ авсан. Хугацаа бага байхад гурвууланг нь жигд сайжруулах хэцүү л дээ.
-Өмнөх хоёр буудлагадаа ямархуу сэтгэгдэлтэй үлдэв?
-Хийн бууны төрөлд финалд орох болов уу гэж бодсон. Төлөвлөснөөсөө гурван оноо бага авсан юм. Ер нь тамирчдын онооны нягтрал өндөр байна лээ.
-Энэ олимпоос ямар сэтгэгдэлтэй үлдэж байна вэ?
-Маш том туршлага боллоо. Бэлтгэлээ эрчимтэй хийх хэрэгтэй юм байна.
-Сая чамайг харж байхад том цүнх рүүгээ янз бүрийн юм хийж байсан. Яг юу, юу байсан юм бэ?
-Урт буу хэрэгсэл ихтэй. Гурван байрлалаас буудахын тулд зогсоогоос нэг мөрлөвч, суугаагаас бас нэг өөр мөрлөвч гээд төрөл болгонд өөр хэрэгсэлтэй. Тэгээд өндөрлөвч, бариул, буу уртасгагч гээд олон болохоор хэцүү л байдаг юм.
-Ямар буу хэрэглэдэг вэ? Дэлхийн томчуудын барьдаг бууны хэмжээнд очих уу?
-Бууны хувьд бусдаас дутахааргүй. Өнгөрсөн тавдугаар сард БТСГ авч өгсөн юм. Хамгийн сүүлд гарсан загвар.
-Буудлагаар гаргасан гол амжилтуудаа тоочвол?
-УАШТ-ээс медаль авч байсан. Өнгөрсөн жил оюутны Универсиад наадмаас багаараа мөнгө, Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан.
С.АДИЛБИШ: ИРЭХ ОЛИМПИЙН ЦИКЛД АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ ТАМИРЧИН
-Баяраа маань олимпийн наадамд буудаж дууслаа. Өнөөдрийн гурван байрлалаас буудах дасгалд оноо нь ямархуу байна вэ?
-Гурвыг үржих дөч буюу 120 сум буудах дасгалыг буудлагын спортын марафон гэж нэрлэдэг. Хамгийн олон сум бууддаг төрөл л дөө. Баяраагийн хувьд 10 метрийн зайд голлож бэлтгэлээ хийсэн. Энэ удаа өөрийнхөө хэмжээтэй ойролцоо л онолоо. Баяраа 1165 орчим оночихдог тамирчин. Гэхдээ хэлбэлзэлтэй байдаг л даа. Өндөр зэрэглэлийн тамирчид ч гэсэн онооны хэлбэлзэлтэй. Баяраагийн хувьд уналт багатай тамирчин.
-Өмнө нь орсон төрлүүдийн тухайд юу хэлэх вэ?
-Хийн бууны төрөлд 593 оносон. Ер нь 595 орчим оноход финалд гарчихна гэсэн тооцоотой байв. Тэгээд хоёр оноогоор хоцорсон доо. Манай тамирчин энд оролцож байгаа тамирчдаас хамгийн залуу нь байх. Техник сайтай өсч яваа тамирчин болохоор цаашдаа ирэх олимпийн циклд амжилт гаргах бүрэн боломжтой гэж би бодож байгаа. Ер нь мэдрэмж сайтай, авьяаслаг хүүхэд. Энэ тал дээр нь түшиглээд техникийг нь боловсронгуй болгох хэрэгтэй.
-Цаашид юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ?
-Сая бууддаг 3х40 төрөлд хэвтээ буудлагад дутах юм алга. Зогсоогоос бас гайгүй өрсөлдөж байна. Одоо суугаагийн бэлтгэлээ л сайжруулчихвал эдэнтэй ана мана үзэлцээд байх боломжтой. Учир нь манайхан суугаагаас бууддаг уламжлал сайтай.
-Бусад тамирчнаасаа нэлээн түрүүлээд буудлагаа дуусгаж байгаа харагдсан. Үүнд сайн, муу тал байна уу?
-Түрүүлж дуусгах нь муу биш шүү дээ. Агаар салхи хөдлөхөөс өмнө буудлагаа дуусгана, ядралт багатай гээд давуу талтай. Сайн техниктэй тамирчид бол хурдан буудчихаад бусад хүний оноог хараад л явж байдаг.
-Баяраа буудлагаар хичээллээд хэр удаж байна вэ?
-Наймдугаар ангиад байхдаа бил үү их жижигхэн хүүхэд л анх над дээр ирж байсан. Одоо хичээллээд зургаа, долоон жил болчихсон.
-Монголдоо бэлтгэл хийхэд сум хэр хангалттай байна вэ?
-Энэ олимпийн циклд нэлээн сайн хангалт хийсэн. Материаллаг бааз талдаа хангалт сайн байсаан.