Төгсцогтыг медалийн болзол хангасан тэр торгон агшинд боксын шүүгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалантай уулзаж ярилцлаа.
-Н.Төгсцогт маань гялалзсан сайхан тоглолт үзүүлж, медалийн болзол хангалаа. Энэ мөчид сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Маш сайхан байна. 20 насандаа олимпийн хүрэл медалийн болзол хангалаа. Одоо үүнээс цаашаа мөнгө, алт гээд даваанууд байна. Ямар ч байсан медалиа халаасална гэдэг энэ хүүхдийн хувьд маш том амжилт. Одоо Оросын тамирчинтай таарсан. Өмнө нь ДАШТ-ээр энэ тамирчнаа хожиж байсан. Олимпод дахиад нэг хожчихвол аваргын төлөө Куба, Англи хоёрын нэгэнтэй нь тоглох байх. Ер нь сэтгэл сайхан байна аа. Төгсөө маань өмнө нь 17-тойдоо ДАШТ-ээс медаль авч, мөн л түүхэн амжилт тогтоож байсан.
-Төгсцогтын тоглолтод дүн шинжилгээ хийвэл?
-Манай Төгсцогт, Мөнх-Эрдэнэ хоёрын тоглолт одоогийн шүүлтийн системд их тохирсон, олон угсраа цохилттой. Ер нь өөрсдөө эхэлж довтолж, аль болох олон цохилт хийх нь одоогийн шүүлтэд хамгийн тохиромжтой. Манай тамирчид ч үүнийг сайн анхаарсны хүчинд амжилт гаргаж байна.
-Олимпийн наадмын шүүлт танд ямар санагдав?
-Ерөнхийдөө шүүлт гайгүй байна. Гэхдээ Английн тамирчид маш их хөгжөөн дэмжигчтэй байгаа нь шүүлтэд нөлөөлөх байдал ажиглагдаж байна. Англичууд балиашгийнхаа хүчээр нэлээн олон тоглолтод ялалт авлаа. Үүнийг AIBA, шүүгчдийн комисс анхаарах байх.
-Мөнх-Эрдэнэ маань нутгийн тамирчинтай таарчихлаа. Одоо юун дээр анхаарах ёстой вэ?
-Эхнээсээ л довтлох хэрэгтэй. Эхний раундад л сайн ажиллаж, балиашгуудыг нь дарж авах хэрэгтэй. Мөнх-Эрдэнэ энэ англитай өмнө нь тоглож байгаагүй. Гэхдээ хожих боломж бүрэн бий. Нэлээн олон оноогоор тасарч хожихгүй бол хэцүү. Тамирчинтай нь тоглохоос гадна балиашиг, шүүгчтэй өрсөлдөнө гэдэг амаргүй.
-Мөнх-Эрдэнэ, Төгсцогт хоёрын бэлтгэлийн түвшин ямар санагдав?
-Манай боксчид бүгдээрээ их сайхан тоглолтууд хийсэн, бэлтгэл сайтай байгаа. Илт давуу ялагдахгүй , хэд хэн онооны зөрүүтэй л тоглож байна.
-Сэрдамба, Түвшинбат хоёрын хувьд юу хэлэх вэ?
-Манай Сэрдамба хоёрдугаар тойрогт эхний тоглолтоо хийсэн болохоор эвгүй байсан байх. Энэтхэгийн тамирчин сүүлийн үед маш сайн тоглож байгаа боксчин. Миний бодлоор Сэрдамба сайн тоглосон. Гэхдээ ялж, ялагдах өдөр ирэлгүй яахав. Дандаа ялаад байна гэж байхгүй. Түвшинбат ч гэсэн маш хүнд байдлаас эрхээ авч, анхны олимпдоо оролцсон. Эхний тоглолтдоо олон оноогоор хожлоо. Дараа нь олимп, дэлхийн медальтай Францын боксинд нэг оноогоор хожигдсон. Ийм мундаг боксчинд ганц оноогоор дийлдэнэ гэдэг сайн байгаагийн шинж л дээ.
-Хэрвээ Сэрдамба эхний тойрогт гоц мөргөөгүй бол арай өөр тоглолт үзүүлэх байсан уу?
-Ер нь эхний даваандаа сулавтар тамирчинтай тоглочихвол бие тавираад гоё болдог тал бий. Гэхдээ олимпод сул тамирчин гэж байдаггүй юм.
Г.БАЯРСАЙХАН