Лондоны олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жингийн аваргаар тодорсон ОХУ-ын бөх Тагир Хайбулаев манай бөх Н.Түвшинбаярыг ялсныхаа дараа Оросын хэвлэлд доорх ярилцлагыг өгчээ. Түүнийг товчлон хүргэе.
-Тагир, аваргын төлөө барилдаан нэлээд амархан болж өнгөрлөө, энэ юутай холбоотой байв?
-Өнгөрсөн жил би монголын бөхөд ялагдсан, тийм болохоор энэ удаа даагаа нэхэх ёстой байлаа. Би тулаанд бэлэн байсан. Түүнээс гадна зөв тактик сонгосон, дасгалжуулагч Эцио Гамба, Хасанби Таов хоёр ч зөвлөгөө өгсөн.
-Владимир Путин ордонд ирснийг хэрхэн хүлээж авав, энэ нь танд нэмэлт хүч болж өгсөн үү?
-Үнэнийг хэлэхэд Владимир Путиныг ирсэн гэдгийг 100 хувь мэдээгүй. Хариуцлага улам нэмэгдэх учраас тэр талаар бодохгүйг хичээж л байлаа. Харин хагас шигшээгийн дараа баяр хүргэж, талархсан нь их сайхан санагдсан. Тэр хэзээд шигшээг дэмжиж, бидэнтэй уулзаж, хамтдаа бэлтгэл хийж байлаа, түүнийг жүдогийн мастер гэдгийг та мэдэх байлгүй дээ. Бидний хүрсэн яг ийм үр дүнг л тэр хүсч байсан юм.
-Путин танд юу гэж хэлснийг санаж байна уу?
-Сэтгэл их хөдөлсөн болохоор тов тодорхой санахгүй байна аа. Тэр баяр хүргэсэн, харваас их баяртай байсан. Тэр жүдоч, спортын мастер хүн, татами дээр юу болж байгааг сайн ойлгодог учраас түүнд сайхан байсан болов уу.
-Мансур Исаев та хоёр Дагестаных, олон хүний хувьд энэ бол дайн байлдаантай, хэцүү газар, гэхдээ ийм нөхцөлд ийм мундаг тамирчдыг яаж бэлтгэж байна вэ, та хоёрын медаль Дагестаны хувьд хэр чухал вэ?
-Үнэхээр манай бүс нутагт бэрхшээл бий. Бид өөрсдийн амжилтаараа манай сөрөг талыг бус харин сайн талыг нь гаргаж харуулахыг хичээж байгаа юм. Олимпийн өмнө Эцио Гамбагийн хамт бид Дагестанд очиж семинар, уулзалт хийж, үүндээ хүүхдүүдийг оролцуулсан. Сайн нөлөө үзүүлэхийг хичээсэн юм.
-Бараг бүх өрсөлдөгч чинь танаас өндөр байлаа. Тэднийг та хэрхэн ялав?
-Тийм ээ, тэмцээний турш дан өндөр өрсөлдөгчидтэй таарлаа. Гэхдээ би яагаад ялав? Би тэднээс нам учир надад өөрийн гэсэн түүз бий гэсэн үг.
-Хагас шигшээд Дмитрий Питерстэй хийсэн тулаан хэцүү байсан, шүүгч нар яагаад танд ялалт өгсөн гэж бодож байна вэ?
-Дмитрийтэй хийсэн барилдаан үнэхээр хүнд болсон. Түүний эсрэг илүү олон мэх хийх гэж хичээж байсныг тэр хүлээн зөвшөөрөх байх аа, тэр нэг торгуультай байсан болохоор шүүгчид тэгж шийдсэн болов уу.
-Японы жүдочид нэг ч алтан медаль хүртэж чадсангүй. Энэ уналт юутай холбоотой юм бол?
-Үнэнийг хэлэхэд Японы жүдогийн шигшээ багийнхны барилдааныг ажигласангүй. Багтайгаа л ажиллаж байлаа. Яагаад ингэж муу барилдсаныг нь та японы дасгалжуулагчдаас асуух хэрэгтэй байх.
-Олимпийн наадмын өмнө та алтан медаль хүртэх гол найдвартнуудын нэг байлаа. Танаас өмнө багийн хоёр анд чинь алт авснаар танд ирэх ачаа хөнгөрсөн үү?
-Тийм байх аа. Тэдний төлөө маш их баярласан. Анхны алтан медалиа авахад нүднээс минь нулимс урсаж байлаа. Мөн Мансурын өмнөөс их баярлаж байна. Бид хоёулаа Дагестаных, тэнд төрж өссөн. Энэ ялалт Эцио Гамбагийн хийсэн ажлыг тодотгох байх. Бид хамтдаа дөрвөн жилийг хий дэмий өнгөрөөгөөгүй юм байна.
-Олимпод аваргалах, Парист дэлхийн аварга болохын аль нь хэцүү байв?
-Туршлагынхаа ачаар энэ удаа арай амар байсан байж болох юм. Гэхдээ мэдээж сэтгэл хөдлөл нь өөр өөр шүү дээ.
-Сугалаагаа хараад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Өглөө нь л харсан. Эхний өрсөлдөгч маань хэн болохыг хараад түүнд зориулан бэлтгэж эхэлсэн. Цааш нь харин хэн байгааг хараагүй, энэ нь ч амар.
-Олимпийн өмнө та жингийнхээ хэн нэг өрсөлдөгчийн эсрэг тусгайлан тактик бэлтгэсэн үү?
-Эхний наймыг, тэр тусмаа миний хэсэгт япон бөх байсан. Тиймээс түүний эсрэг, мөн дер Гестийн эсрэг, тэднээс арай доор бичигдсэн монгол, солонгос бөхчүүдийн эсрэг бэлтгэсэн. Ер нь эхний найман бөхийг судалж, түүн дээрээ ажилласан.
-Монголын бөх гэмтсэн байсныг мэдсэн үү?
-Тийм ээ. Бүр хагас шигшээд л доголоод байсан. Гэхдээ тэр зальдсан байж болно шүү дээ. Ямар ч тохиолдолд өөрийгөө бүрэн дайчлах л хэрэгтэй.
-Одоо хэр удаан амрах вэ?
-Дахиад л Эцио Гамбатай ярилцаж, зөвшилцөх хэрэг гарна даа.
-Дараагийн олимпод оролцох уу?
-Мэдэхгүй.
-Өмнөө ямар зорилго тавьж ирэв? Зөвхөн алт уу?
-Үгүй. Яагаад алт, мөнгийн талаар бодох гэж? Би бараг бүх өрсөлдөгчөө хялбар ялж байлаа. Тэр тусмаа өнөөдөр барилдсан бүх өрсөлдөгчөө ялж үзсэн. Монголын бөхөөс бусдыг нь. Би түүнд дэлхийн аваргын тэмцээнд ялагдсан юм.