Хөлбөмбөгийн тоглолт ихэнхдээ хурд хүч шаардсан асар том өрсөлдөөний талбар болдог ч инээд хөөр, марзан явдлаар бас чиг дутдаггүй юм гэдгийг доорх түүх та бүхэнд хүүрнэх болно. Тухлан уншина уу. Хаалгачид нар гэдэг талбайд байнга гүйж, хөдөлж байдаггүй болоод ч тэр үү нэлээд этгээд сонин авир гаргах цаг завтай байдаг ажээ.
Бидний өгүүлэх эхний марзан хөлбөмбөгч-хаалгач бол Мексикийн “Гвадалахара” багийн шүтээнүүдийн нэг Жэйми Гомес бөлгөө. Хөгжөөн дэмжигчдээсээ “El Tubo” хэмээх алдрыг хүртсэн мань эр 1955 онд нэг хотын баг “Атлас”-тай хийсэн дерби тоглолтын үеэр хөгжилтэй нэгэн гэдгээ харуулаад амжсан юм. “Чивас” багийнхан тэрхүү дербид илт давуу тоглож байсан учраас “Атлас”-ын фэнүүд хийх ажилгүй зүгээр шахуу зогсож байсан мань эрийг элдвээр шоолж, хэл амаар доромжилж эхэлжээ.
Гомес үүнийг огт тоосонгүй, тэгээд ч хаалга руу нь аюултай довтолгоо ирэхгүй байсан тул үзэгчдийн нэгнээс сэтгүүлийг нь гуйж аваад хаалгаа налан уншиж эхэлсэн байна. Түүний уншлагын цаг хэдий арав хүрэхгүй секунд үргэлжилсэн ч нэгэн гэрэл зурагчин амжиж зургийг нь авснаас гадна шүүгчийн хурц хараанаас мултарч дөнгөөгүй юм.
Тоглолтын эхний хагас дууссаны дараа хэрэв ахиж ийм үйлдэл хийх аваас талбайгаас хөөнө шүү хэмээн Гомест шүүгч анхааруулсан гэдэг. Энэхүү домогт гэрэл зурагт өөрийгөө үүрд мөнхөлсөн хаалгач маань ахиж ингэхгүй гэдгээ амласан байна. Тэрбээр 2004 онд таалал төгсчээ. Гомесоос ч илүү дуулиан шуугиан тарьсан хаалгач бол Аргентиний Анхел Дэвид Комиццо. 1992 онд алдарт Бомбонерад болсон “Бока Хуниорс”, “Ривер Плэйт” багуудын хооронд болсон Суперкласико. Үзэгчдийн суудлын хажууханд радио унасан байхыг анзаарсан Комиццо түүнийг нь авч чихэвчийг нь зүүжээ. Энэ үед баг нь торгуулийн цохилт хийх эрхтэй болоод байсан бөгөөд хэрэв амжилттай болвол тооны харьцаа 1:1 болж тэнцэх байв. Тэрбээр үзэгчдийн хамт өнөөх чухал торгуулийн цохилтыг хүлээж эхэлсэн ч гай болж эсрэг багийн мэргэжил нэгт Фернандо Наварро Монтойя багийнх нь Хернан Диасын пенальтиг хаачихжээ. Үүнд “Бока”-гийн фэнүүд боож үхэхээ шахаж, үүний буруутан нь талбайгаас радио авч зүггүйтсэн Комиццо гэж үзсэн аж.
Тэрхүү хачирхалтай явдлаас хойш 10 жилийн дараа “El Grafico” сонинд өгсөн ярилцлагадаа Комиццо “Бүр согтуу байсан ч би газраас радио авна л гэж байхгүй” хэмээн ярьсан байдаг. Аргентиний лигтэй холбоотой бас нэгэн түүхийг өгүүлье. Энэ удаа бидний өгүүлэх тоглогч бол Асунсьоны “Олимпиа” багт алдар нэрээ дуурсгаснаас гадна Испани, Перугийн багт мөн шигшээ багтаа тоглож байсан Парагвайн плеймэйкер Габриэль Гонсалес. Гаж сонин ааш зангаасаа болж Эль Локо (Галзуу эр) хочтой болсон тэрбээр 1994 онд “Эстудиантес” багийн бүрэлдэхүүнд “Гимназиа Эсгрима” багийн эсрэг тоглож байхдаа нэгэн сонирхолтой үйлдэл хийсэн юм. Булангийн цохилт хийхээр зэхэж байсан парагвай тоглогч руу эсрэг багийн фэн татаж байсан тамхиа шиджээ. “Тамхи миний мөрийг оносон, юу болохыг нь анзаарангуутаа би хоёр сайн сорж аваад буцаагаад шидчихсэн. Дараа нь би юу ч болоогүй юм шиг цохилтоо хийсэн. Тэд уурласанадаа намайг алахыг хүсч байсан ч энэ нь миний хувьд ердөө л хошин явдал байлаа” гэж тэрбээр тоглолтын дараа “El Dia” сонинд ярьсан түүхтэй.
Шотланд довтлогч Стивен Томпсон 2009 онд АНУ-д болсон “Барнли” болон “Портлэнд Тимберс” багуудын нөхөрсөг тоглолтын үеэр марзаганаад амжжээ. Тоглолтын явцад талбайн захын сурталчилгааны самбар даван ойчсон Томпсон нэгэн төрлийн шар айргийг санаандгүй сурталчилсан юм. “Би тэр хүний ширээн дээр ойччихсон, тэгээд юу болсныг мэдэхгүй, рефлексээрээ түүний барьж байсан шар айргийг аваад уучихсан” хэмээн тэрбээр хожим дурсчээ. Түүний энэ үйлдэлд үзэгчид ихэд хөгжилдөн баяссан бол “Барнли” багийн удирдлагууд тэгсэнгүй, шотланд тоглогчийг “мэргэжлийн бус үйлдэл гаргасан” гэж үзээд долоо хоногийн цалингаар нь торгосон аж. Хоол ундтай холбоотой сэдвээр ахин үргэлжлүүлье.
Мик Куйнн хэмээх төвийн довлогч гоол оруулахаас гадна хоол идэх тунчиг дуртай нэгэн байж. 1980 болон 1990- ээд онд чамгүй алдаршиж, “Портсмут”, “Ньюкасль”, “Ковентри Сити” зэрэг багт тоглож байсан Куйнн жин, аварга биеэсээ шалтгаалаад эсрэг багийн фэнүүдийн зугаагаа гаргах гол бай болдог байжээ. Гэвч түүний дурссанаар тэднээс хариугаа авах нэг ч болов өдөр түүнд байсан гэнэ. “Вестхэмд болсон тоглолтын үеэр бид булангийн цохилт хийх гэж байлаа. Эсрэг багийн зарим фэн “Хэн бүх бялуу идчихэв ээ” гээд л орилж, над руу нэг бялуу шидчихэв. Би ч бялууны зарим хэсгийг газарт унагалгүй барьж аваад түүний өөдөөс харж байгаад идчихсэн. Үүнээс болоод харин тэр нөхөр найзуудынхаа доог тохуу болоод дууссан” хэмээн Куйнн өгүүлжээ.
Английн шилдэг тоглогчдын нэг Пол Гаскойн нь мундаг тоглолтоосоо гадна хошин шогийн мэдрэмжээрээ ч алдартай байсан нэгэн. Үүний нэг л жишээг энд өгүүлье. Тэрбээр “Тоттенхэм”-д байхдаа хуучин баг “Ньюкасль Юнайтед”-ийн эсрэг тоглож байв. Экс шүтээн нь марс шоколаданд дуртайг мэдэх “Ньюкасль”-ын фанатууд түүн рүү хэд хэдийг шиджээ. Тоглолтын үеэр нэг марсаа идэж амжсан Газз үлдсэн хэдийг нь оймсондоо чихчихсэн нь тоглолт дууссаны дараа идэх гэж төлөвлөсөнтэй нь холбоотой биз ээ. Түүний марзан занг илтгэх өөр нэг тохиолдол Шотландад болсон “Рейнжерс”- “Хиберниан” багуудын тоглолт. Шүүгч нэг шар хуудсаа талбай дээр унагасан байсныг анзаарсан зүггүй Гаскойн түүнийг аваад эзэнд нь буцаан өгөхдөө зүгээр ч нэг өгсөнгүй, түүнийг торгож буй мэтээр дээш өргөн өгчээ. Харин талбайн шүүгч Гаскойны энэ үйлдлийг марзаганал гэж ойлгосонгүй, харин ч энэ үйлдлийнх нь төлөө түүнд шар жавтий хүртээсэн нь олон хүний, тэр дундаа эсрэг “Хиберниан” багийн фэнүүдийн дургүйцлийг төрүүлсэн билээ.
Хөлбөмбөгийн түүхэн дэх өөр нэг авьяаслаг тоглогчдын нэг Германы Юрген Клинсманн “Монако” багаас “Тоттенхэм” багт ирсэнийхээ дараа хошигнох чадвартай гэдгээ нотлон харуулсан юм. Английн хэвлэлийнхэнээс “жүжигчин” хочийг авсан нь герман довтлогчид огтхон ч таалагдаагүй аж. Тиймээс үүнийх нь хариу болгож “Спарс”-ын төлөө анхны тоглолтдоо гоол оруулсныхаа дараа шүүмжлэгч нартаа хариуг нь барьжээ. Энэхүү гоолын баяр нь улмаар түүний нэрийн хуудас болох дөхсөн. Эцэст нь шүүгч нарын талаар хөгжилтэй түүхийг өгүүлье. 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хоёр ч тоглолтыг шүүж байсан аргентин шүүгч Анхел Санчес эхнэрийнхээ санаачилгаар өөр рүү нь үзэгчдийн шидэж байсан 600 гаруй эд зүйлээр музей гаргасан байна. Шүүгч асны цуглуулганд асаагуур, гар утас, радио зэрэг эд зүйлс байдаг гэнэ шүү.
Н.ЭНХБАЯР