Олимпийн хүрэл медалийн бол зол ханга сан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарыг дэд аваргын төлөөх хариуцлагатай тулаанууд хүлээж байна. Энэхүү өндөр босгыг давж гарвал тэд аваргын титмийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хамгийн залуудаа хүртсэн Н.Төгс цогт Өнөөдөр медалийн өнгөө ху виргахын төлөө 03.30 цагаас ОХУ-ын ширэн бээлийтэн, ДАШТ-ий алт, хүрэл медальт, 24 настай Михаил Алоянтай тулалдах юм. У.Мөнх-Эрдэнэ маргааш 21.45 цагаас мөнгөн медалийн төлөө “Баку-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, Украины Денис Беринчиктэй нударга зөрүүлнэ. Мөн чөлөөтийн эмэг тэй бөхчүүдээс С.Батцэцэг олимпийн хүрэл медаль хүртэн, зуун дамжсан хүлээлтийг тайллаа. Монголчуудын цөсийг хөөргөсөн сайхан тоглолт, уран хурц барилдаанууд Лондоны дэвжээнд өрнөсөөр байна.
Дугаар шилжих мөчид Монголын тамирчин О.Бурмаа чөлөөт бөхийн эмэг тэйчүүдийн 72 кг-ийн жинд барилдаж, Канадын бөх М.Каллаханыг 3:0- ээр ялж шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр Испанийн бөх Инда Маядертэй хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Соронзонболдын Батцэцэг анхны олимпоосоо хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр удаах даваанд ӨАБНУ-ын тамирчин Силви Датти-Нгонга Тара Агоуиг илт давуу ялж, Европын аварга, латви бүсгүй Анастасия Григорьеваг 5:0, 5:4-өөр дийлээд хагас шигшээд шалгарсан юм. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд түүнийг олимпийн хошой аварга, дэлхийн долоон алтан медальт, Наран улсын бөх Каори Ичо хүлээж байв. 28 настай, хур туршлагатай тэрбээр манай бөхийг хоёр үед буулгаж авснаар Батцэцэг хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон. ДАШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт Канадын Мартина Дюринер манай бөхийг хүлээж байлаа. Батцэцэгээс 11 насаар эгч, их спортын дэвжээнд хэдэн оймс илүү илээсэн тэрбээр аргагүй л “хатуу самруудын” нэг. Гэсэн ч дэлхийн аварга маань тун хянамгай барилдаж, өрсөлдөгчөө 2:0, 1:0- ээр буулгаж авснаар будант Альбионоос хүрэл медаль авчирлаа. Одоогоос хоёр жилийн тэртээ хойд хөршийн нийслэл Москва хотноо болсон ДАШТ-д аваргалж, 35 жил тасарсан алтан медалийн буухиаг залгасан Батцэцэг зуны ХХХ наадамд ийнхүү гуравдугаар байр эзэлснээр 32 жил “сураг нь алдарсан” олимпийн медалийг чөлөөтийнхөндөө авчирсан юм.
Үүнээс гадна олимпийн наадмаас медаль зүүсэн гурав дахь монгол эмэгтэйгээр тэмдэглэгджээ. Мэргэн буудагч Д.Мөнхбаяр 23 настайдаа Барселоны олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаасан бол О.Гүндэгмаа 30-тайдаа “Бээжин-2008”-ын дэд аварга болсон юм. Харин С.Батцэцэг 22 насандаа энэ хүү өндөрлөгт хүрсэн хамгийн залуу бүсгүйгээр тодорлоо. Сонирхолтой нь Лондоны дэвжээнд “гар зөрүүлсэн” бүх өрсөлдөгчөөсөө тэр залуу аж. 2010 оны ДАШТ-д олимпийн жинд багтдаггүй 59 кг-д барилдаж дэлхийд данслагдсан бол будант Альбионд жин өгсөж, 63 кг-д зодоглохдоо ийн амжилтад хүрсэн нь бахтай. Дараа дараагийн олимпод медалийнхаа өнгийг хувиргах боломж цэл залуу тамирчинд хангалттай байна.
Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тоглолтод Их Британийн боксчныг дэвжээтэй нь, хөгжөөн дэмжигчидтэй нь яллаа. “Баку-2011” ДАШТ-ий хүрэл медальт, AIBA-гийн чансаагаар жингийнхээ тэргүүнд бичигддэг Том Столкер ялалт ирнэ гэдэгт итгэлтэй байсан нь мэдээж. Европын аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд мөн манлайлж явсан түүнд британичууд их итгэл хүлээлгэсэн юм. Дээр нь тэр Британийн боксын шигшээ багийн тамирчдын ахлагч гэж байгаа. Бээжингийн олимпод шүүгчид азичуудыг дэмжсэн, одоо ч Европын дэвжээнд бүх зүйл эсрэгээрээ болно хэмээн зарим мэргэжилтэн дүгнэж байсан юм. Гэвч өмнө нь хоёр олимпод хүч сорьсон У.Мөнх-Эрдэнэ хийгүй тамирчин гэдгээ харуулж, британи эрээс хүчээрээ ч, оновчтой цохилтоороо илүүрхсэн билээ. Английн спортын сэтгүүлчид Лондоны рингэд буцалсан хамгийн ширүүн тулаанаар энэхүү тоглолтыг нэрлэжээ. Тэд хүч тэнцүү, туршлага ч ойролцоо байв. Гэсэн ч англи эрд давуу зүйл ганц байв. Энэ нь нутгийн дэвжээ. Иймээс манай тамирчны хэд хэдэн оновчтой цохилтыг шүүгчид тооцоогүй гэхэд болно. Даравч далдайна гэгчээр Мөнх-Эрдэнэ хий гаргалгүй зодолдсоор 23:22 (6-6; 8-7; 9-9)-оор өрсөлдөгчөө хожлоо. Тиймээс энэ тулааныг англичууд хамгийн ширүүн тоглолт хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүрчээ. Хятадын зарим сайтад “Монголын тамирчин арай илүү тоглосон. Гэвч оноог нь дарах байдал ажиглагдсан. Нутгийн дэвжээ нь нөлөөлсөн байх” хэмээсэн бол Английн хэвлэлүүдээр “Столкер монгол тамирчнаас илүү тоглосон. Харин ч зохион байгуулагч орны талаас ямар ч нөлөө үзүүлээгүй” хэмээн тэмдэглэсэн байна. Ямартай ч Афин, Бээжингийн олимпод оролцож, шагналт байр эзэлсэн гавьяат тамирчин Мөнх-Эрдэнэ ширүүхэн тоглолтын ард гарлаа.