Нийслэлийн шинэ Засаг дарга Э.Бат- Үүл ажилдаа шуурхайлан орж, Засаг даргын сан хүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Нямаагийн Батаа, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ЁндонОйдовын Гэрэлчулууныг өнгөрсөн пүрэв гаригт томилсон.
Тэгвэл тэрбээр өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу гурван орлогчоо шинээр томилов. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор Даваахүүгийн Пүрэвдаваа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Цэндийн Баатархүү, Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Нямдаваагийн Гантөмөрийг сонгосон байна.
Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн, 34 настай, эдийн засагч мэргэжилтэй юм байна. 2002 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагчаар, 2007 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургуулийг төгсчээ. 2000-2003 онд “Интернет хаус” компанид менежер, 2003-2007 онд “Юу-БиНет” компанийн гүйцэтгэх захирал, 2007- 2008 онд “Петровис” компанийн менежерээр ажиллаж байжээ.
Ц.Баатархүү нь 1981 онд Хэнтий аймагт төрсөн, 31 настай. 2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач, 2004 онд “Хан-Уул” дээд сургуулийг математик, бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 2005-2006 онд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, 2006-2007 онд “Хан-Уул” дээд сургуульд багш, 2006-2008 онд “Соёмбо” дээд сургуульд багш, 2004 оноос өнөөг хүртэл “Монголын Лектор төв”-ийн захирлаар ажиллаж байсан юм байна.
Н.Гантөмөр нь 1962 онд төрсөн, 50 настай. 2001 онд “Өлзийт” дээд сургуулийг санхүүгийн менежер, 2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн. 1997-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Удирдлагын академийн Санхүү, аж ахуйн даргаар, 2008- 2010 “Зууны ирээдүй” компанийн захирал, 2012 оноос Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ. Ийнхүү хотын шинэ мээр Э.Бат-Үүл орлогч нараа томилсноор ажлаа эхлүүлэв. Тэрбээр автозамын засвар, шинэчлэлийн ажлын явц, нийтийн тээврийн үйлчилгээний асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.