Н.ТӨГСЦОГТ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт өчигдөр боксын 52 кг-д Лондоны олимпийн дэвжээнд аваргын төлөө тулаанаа Кубын Робейси Рамирез Карразанатай хийлээ. Төгсөө 20-той, харин түүний өрс өлдөгч 19 настай. Манай тамирчин 17-тойдоо ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол Карразана Сингапурын залуучуудын олимп болон Пан Америкийн наадмын аварга нэгэн байлаа. Тэд эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Ялангуяа куба залуугийн бат бөх хамгаалалтыг нэвтлэх хэцүү аж. Гэсэн ч Төгсцогт санаачилгыг гартаа аван тоглож, эхний үед өрсөлдөгчдөө нэг оноогоор (5:6) дийлдсэн юм. Дараагийн мөчид тэрбээр алдсан оноогоо нөхөж, 4:4- өөр тэнцсэн бөгөөд шийдвэрлэх үед 5:7-гоор ялагджээ. Жин их хасаж, маш ядарсан ч гэсэн эх орныхоо төлөө тэвчээртэйгээр тулалдсан тэрбээр хүндхэн сугалаа татсаныг мартах учиргүй. Сурагч ахуйдаа ДАШТ-ий медалийг өөрийн болгосон Төгсцогт будант Альбионд хүчтэй өрсөлдөгчөө буулган авснаар их олимпийн мөнгөн медальд хүрсэн Монголын хамгийн залуу тамирчнаар тэмдэглэгдлээ. Түүний тулааныг үзэх гэж Их Британийн олон хотоос монголчууд цугларчээ. Ийнхүү зуны ХХХ олимпоос манай тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Н.ТӨГСЦОГТ: ӨДИЙ ХҮРТЭЛ ЖИНГЭЭ БАРИАД ФИНАЛД ХҮРСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
Түүнийг медалиа гардсаных нь дараа уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Олимпоос хүсэн хүлээсэн алтан медалиа авч чадаагүй ч хоёрт орно гэдэг чамлахаар амжилт биш ээ. Яг энэ мөчид юу бодогдож байна вэ?
-Жаахан харамсаж л байна.
-Шигшээ тоглолтод юун дээр алдчихав?
-Сайн сэргэж чадсангүй. Зуураад, тоглолт бүрэн гарч өгсөнгүй. Бие их хүнд байлаа. Маш хурдан ядарлаа.
-Кубын боксчинтой өмнө нь тоглож байгаагүй байх. Түүнтэй яаж тоглохоор төлөвлөж байв?
-Солгой өрөлттэй тамирчин байсан. Багш нар хараад урд гарыг нь дагаад ажилла гэж хэлсэн. Ер нь хожиж болохоор байсан. Өөрөөсөө болж л алдаа гаргалаа.
-Өмнөх даваануудад жингийнхээ шилдгүүдийг ялж гарч ирсэн дээ...
-Жингийнхээ гол тамирчидтай бүгдтэй нь таарлаа. Би 2009 оны ДАШТээс хойш олон ч том тэмцээнд ялагдал хүлээсэн. Алдаан дээрээ дүгнэлт хийгээд, сайн бэлтгэсний хүчинд медальд хүрлээ. Ер нь хожигдсон тамирчидтайгаа их таарсан. Бүгдийг нь хожиж чадлаа. Олимпийн эрхийн төлөө хожигдсон азербайжантай гэхэд л эхний тойрогт таарч хожсон. Тэр бүгдийгээ ялж чадсандаа баяртай байна. Бас өдий хүртэл жингээ бариад финалд хүрсэндээ баяртай байна. Засгийн газар, Холбооны удирдлагууд, БТСГ, МҮОХ, Монголын нийт ард түмэндээ баярлалаа.
-Хамгийн хэцүү тоглолт аль нь байв?
-Италитай хийсэн тоглолт хүнд байлаа. Тэгэхэд яг л өнөөдрийнх шиг сул байсан. Гэсэн ч зүтгэсээр байгаад ялалт авсан юм. Сая ч гэсэн хүнд тоглолт хийлээ.
-Ноднингийн дэлхийн аварга Оросын Миша Алояныг хожиж, финалд шалгарахад чинь олон хүн баярласан...
-Өөртөө итгэлтэй байсан. Миша надтай тоглож дэлхийн аварга болсон биш дээ. Ер нь хэн байх нь надад сонин санагдаагүй ээ. Олимпод маш их бэлдсэн болохоор өөртөө итгэлтэй байлаа.