Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт танхимаа эмхлэх төлөвлөгөөгөө задална. УИХ-ын сонгуульд АН хамгийн олон суудал авсныг тодорхой мэд сэн өдрөөс л тэрбээр ирээдүйн Ерөнхий сайд болох нь тодорхой байв. Тиймээс ч багийнхантайгаа хамтраад ирэх дөрвөн жилд тэрг үүлэх танхим нь ямар бүтэцтэй, хэдэн сайдтай, ямар бодлогоор хэрхэн ажиллахаа төлөвлөж амжсан биз. Намуудын үл ойлголцол, гомдол тунирхлаас үүдэн УИХ-ын бүтцийг бүрдүүлэх ажил удааширч, тэр хэрээр Ерөнхий сайдын томилгоо саатсан. Энэ зуур Н.Алтанхуягт төлөвлөгөө гаргах, хамтрах намуудтайгаа зөвшилц өх хангалттай цаг байлаа. Бас албан ёсны Ерөнхий сайд болохоосоо өмнө болсныхоо дараа хийх эхний ажлаа олон нийтэд танилцуулаад амжсан. Шинэ Засгийн газар ил тод, нээлттэй зарчмаар ажиллахыг тэр мэдэгдсэн юм.
19 ЯАМ 21 САЙД
Орон сууцжуулах хөтөлбөр, утаанаас салах гээд л сүүлийн хэдэн жилийн турш амны уншлага мэт болоод буй асуудлыг шийдэхэд эх үүсвэр чухал. Тиймээс Эрчим хүчний яамыг тусад нь байгуулна. Уул уурхайн үүцээ нээж, энэ салбар нь Монголыг дэлхийн анхаарлын төвд авчраад буй учир Эрдэс баялгийн гэсэн тусдаа яам байх ёстой гэж олонх үзэж байна. Иймэрхүү зарчмаар НХХЯ, ХЗДХЯ-ийг салгах нь тодорхой болсон. 2008 онд нэгтгэсэн олон том салбарыг тусад нь авч үзэж, шаардлагатайг нь шинээр байгуулах зарчмыг Н.Алтанхуяг баримталж буй юм билээ. Мөн БСШУЯ-наас соёлын асууд лыг ялгана. Урлаг, спортоороо дэлхийд нэрээ тамгалж буй Монгол Улс энэ салбараа тусгайлан анхаарах нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж буйгаа томилогдохынхоо өмнөхөн тэрбээр чуулган дээр мэдэгдсэн юм. Сан гийн яам зөвхөн төсвийн орлого, зар лагыг хариуцна. Хамтарсан Засгийн газрыг байгуулах хэлэлцээрийн дагуу уг яам “Шударга ёс” эвсэлд очиж буй аж. 2008 онд байгуулсан ч үр дүн нь гараагүй Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог тэр чигээр нь шинээр байгуулах яаманд “нийлүүлэх” юм байна. Эдийн засаг, хөгжил шинэтгэлийн яамаа харин АН өөртөө “авах” биз. Яамдын хариуцах асуудлыг тодруулж, ялган салгаж буй учир тоо нь нэмэгдэж 19 болж байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд хэмээх “сул гишүүн” бий. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар 21 сайдтай ажиллах нь. Энэ тухай чуулганы хуралдаан дээр нягталж асуусан С.Бямбацогт гишүүнд шинэ Ерөнхий сайд үгүйсгэсэн хариуг лав өгөөгүй юм.
БҮТЭЦ ДАНХАЙЛАА, ЗАРДАЛ ӨСӨХ ҮҮ
Яагаад заавал 13 яамыг 19 болгож нэмэв гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн энгийн, бас ойлгомжтой шалтгаан бол Засгийн газрыг нэг биш, гурван нам хамтарч байгуулж буй явдал. Олон нам хамтрахаар өөр олон эрх ашиг сөхөгдөнө. Тэр бүрийг нэгтгэхэд албан тушаал тус болдог нь бичигдээгүй хууль. Тийм ч учраас Засгийн газрыг хамтарч байгуулах нь тодорхой болсон намуудын дунд “бялуу хуваах” ажиллагаа өрнөсөн. Эцэст нь Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийн үндсэн зураглал дээрх байдлаар тодроод байгаа. Энэ бүтцийг эерэг талаас нь яамдын хариуцах салбар, чиглэлийг илүү тодотгосон, холилдсоныг нь салгасан гэж тайлбарлаж болно. Сөрөг хүчин байхдаа төрийн данхар бүтцийг хумьж, төсвийн үрэлгэн зардлыг бууруулах талаар АН үргэлж ярьдаг байв. Тиймээс тэд төрийн толгойг томруулж буй ч “сүүл”-ийг багасгах “мэх” хэрэглэхээр төлөвлөжээ. Зардал нэмэгдэх нь, баахан яамыг салгаж, нийлүүлээд олон хүн ажлаас халах нь гэсэн зовинолд тэд “Санаа бүү зов” гэж хариулж байна. Агентлаг, тухайн яамны тодорхой салбарыг хариуцсан алба албаар нь нэг тийш нь “зөөчих” тул хэн нэгэн ажлаас халагдахгүй гэнэ. Гэхдээ үүнийг сул орон тоог цомхотгохгүй, бүгдийг нь харж үзнэ гэж ойлгож болохгүй юм. Давхардал ихтэй албан тушаалыг цомхотгох нь мэдээж. Юутай ч хонь бүрэн, чоно цатгалан бүтэц, бүрэл дэхүүнтэй Засгийн газар байгуулахаар олонх хичээж байна. Ерөнхий сайдыг томилсноос хойш 45 хоногт багтаан танхимаа бүр дүүлэх хуультай. Н.Алтанхуягийн хувьд цаг яваад эхэлчихсэн. Өмнө нь бараг бэлэн болсон байсан төлөвлөгөөгөө тэр албан ёсных болгож, алдаа мадгийг нь засаад энэ долоо хоногтоо УИХ-д өргөн барих биз ээ. Үүний дараа сайд нарын нэр ч дурайтал тодорно. Хэвлэлээр хэдэн сарын турш өрнөсөн таамаг хэр мэргэн байх бол.