Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ж.Цэндсүрэн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт ахмад настны талаар тусгуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт тодорхой санал тавьжээ. 2030 он хүртэл баримтлах “Монгол Улсын Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-д тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороог энэхүү стратегид заасны дагуу даруй байгуулж ажлыг идэвхжүүлэх, аймаг, нийслэл,дүүрэгт салбар хороод байгуулахыг тэрбээр хүссэн байна.
Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг УИХ-аар батлуулан олон давхаргат тогтолцоонд шилжих, ахмад настны тэтгэврийг өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулан индексжүүлэх замаар жил бүр нэмэгдүүлж байхыг бас санал болгожээ. Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах үүднээс нийслэлд ахмадын эмнэлгийг 2012 онд багтаан барьж дуусгахын зэрэгцээ тэдэнд зориулсан ахмадын хөгжлийн төв (ордон, өргөө, танхим гэх мэт)-ийг нэмэгдүүлж, амралт-сувиллыг өргөжүүлэн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, ахмад настны өргөн мэдлэг, туршлага, шилдэг өв уламжлалыг ашиглахад байнга анхаарч байгууллага, хүмүүст зөвлөгөө өгөх клуб, хоршоо байгуулах зэргээр тэдэнд тохирсон ажлын байр бий болгоход бүх талаар дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдад явуулсан саналдаа тусгасан байна.
Ядуу, орлого багатай ахмад настанд зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээг бий болгож, асран тэтгэх хүнгүй ганц бие ахмад настанг хүлээн авах асрамжийн газрыг өмчийн янз бүрийн хэлбэрээр аймаг, дүүрэг бүрт бий болгох, ахмад настны талаар гарсан хууль, тогтоомжуудыг газар бүрт жигд биелүүлэхэд анхаарч Засгийн газраас хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа мөн илэрхийлжээ. Түүнчлэн УИХ-аас 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлан нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индексжүүлэх талаар тодорхой заасан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх, тухайлбал 2013 оны улсын төсөвт зохих хөрөнгийг тусгах зэрэгт анхааран ажиллахыг УИХ-ын гишүүн С.Ганбаатараас хүсчээ.