Манай чөлөөтийн эрэгтэйчүүд Лондоны олимпод санаснаас тааруу зодоглолоо. Дөрвөн залуугаас ДАШТ-ий V байрын шагналт, ОУХМ Ж.Чулуунбат л арай дөнгүүр барилдааныг үзүүлэв. Эхний даваанд таарсан сенегал бөхийг манай тамирчин хожих нь эхнээсээ тодорхой байсан. Барилдаан ч урьдчилан таамагласны дагуу өрнөж, Чука нэг их хүч гаргалгүй оноо түүсээр 1:0, 2:0-ээр хожсон. Харин үүний дараа түүнийг Лондонд ногт ганзагалаж ирсэн Оросын алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга Билял Махов хүлээж байлаа. Ноднингийн ДАШТ-д Чулуунбат энэ оросод эхний даваандаа дийлдсэн ч дагаж барилдаад хүрлийн төлөө хүч үзэж байв. Харин энэ удаа Чулуунбат маань Маховыг ялах тун дөхсөн. Эхний үед орос бөх сугадаж бариад дайрахад нь Чука дагуулж шидээд таван оноогоор буулгав. Залгуулаад цэвэр дарах дөхсөн ч арай чадсангүй. Монгол бөхийг бассанаас болж цэвэр даруулах дөхсөн Махов дараагийн үед тун хянуур барилдсаар 2:1-ээр хожлоо.
Чука өөрөө түрүүлж юм хийлгүй хүлээсэн бол энэ үед ч давамгайлах боломжтой санагдсан. Ингээд шийдвэрлэх гуравдугаар үед Махов манай бөхийг дэвжээний гадна гишгүүлж дөнгөснөөр ялалтын нэг оноог авсан юм. Хэдийгээр Чулуунбат хожигдсон ч гэсэн дэлхийн аваргатай эн тэнцүүхэн үзэх, ялах боломжтой гэдгээ энэ барилдаанаар харуулсан. Харамсалтай нь Махов хагас шигшээд Гүржийн Мозманашвилид хожигдсон тул түүнд дагаж барилдах боломж гарсангүй. Уг нь Чука энэ олимпод тун өнгөтэй харагдаж байсан даа. Энэ жинд Узбекистаны домог Артур Таймазов түрүүлсэн. Дөрвөн олимп дараалан финалдсан тэрбээр сүүлийн гуравт нь босоо байгаа юм. 84 кг-д хүч үзсэн О.Үйтүмэнгийн хувьд боломжоо ашигласан бол финалд ч гараад ирж магадгүй байлаа. Түүний зоонд боломжийн бөхчүүд багтсан бол нөгөө талд нь Турк, Азербайжан, Орос, Иран, Америкийн луугарууд багталцаж ядан байсан. Гэвч Үйтүмэн эхний даваанд ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Гүржийн Марсагишвилид 9:1, 7:4-өөр хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв. Манай бөх хэтэрхий задгай барилдсан нь алдаа болчих шиг.
Энэ хэсгээс бөхийн спорт төдийлэн өндөр хөгжөөгүй Пуэрто-Рикогийн Ж.Эспинал торойн гарч, финалдсан нь олон хүнд сюрприз боллоо. Үйтүмэн уг нь түүний оронд зогсож ч болох байсан. Харин өмнөх өдөр нь дэвжээнд гарсан манай хоёр бөх эхний барилдаандаа хожигдон олимпийг өндөрлүүлсэн. Гурав дахь олимпдоо хүч сорьж буй гавьяат тамирчин Б.Наранбаатар Ираны Х.Рахимид нэг нэгээр оноо алдсаар 2:0, 3:0-ээр хожигдсон бол 74 кг-ын П.Өнөрбат гүрж Д.Хуцишвилитэй ойролцоо үзээд 1:0, 2:1- ээр тахим өглөө. Эмэгтэй бөхчүүдийг сүүлийг мушгисан манай хоёроос О.Бурмаа медальд хүрэх сайхан боломжтой байсан. Тун аятайхан сугалаа татсан тэрбээр эхэлж Канадын Л.Каллахэнийг 3:0, 5:0-ээр итгэлтэй ялсан ч дараа нь Испанийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт М.Ундад хожигдчихов. Эхний үеийн сүүлийн секундэд оноо алдаагүй бол, гуравдугаар үед бага зэрэг алдаа гаргаагүй бол Бурмаа түүнийг хожих бүрэн боломжтой байсан. Бурмааг хождог Унда энэ наадмаас хүрэл медаль зүүсэн юм. Харин 55 кг-д С.Бямбацэрэн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Шведийн С.Матсонд 5:0, 2:0- ээр хожигдож, тулааны талбарыг орхилоо.