МАН-ын удирдлага долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлэл хийж аливаа асуудлаар байр сууриа илэрхийлж байхаар болжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өчигдөр эхний мэдээллээ өглөө. Тус нам зөвхөн шүүмжилдэг биш, шинэ санал санаачилга гаргадаг, бүтээлч сөрөг хүчин байх гэнэ. Одоогийн Засгийн газрын явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаагаа МАН хэллээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хөдөө орон нутгаас ирсэн ногоочид зарим ногоогоо кгыг нь 150 төгрөгөөр жижиглэнгээр зарж байхад ченж гэгчид цааш нь 600 төгрөгөөр дамлаж байна. Засгийн газар таг чиг. 21.000 төгрөгийг өгөхөө больсон нь олон хүн, олон өрхийн амьдралд сөрөг нөлөөлж байна. Ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт энэ мөнгө хэрэгтэй байжээ. Гэтэл түүнийг нь өгөхөө байснаас төлбөрийг нь дийлэхээ байгаад цахилгаанаа таслуулсан өрх нийслэлд олон байна гэнэ. Энэ мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан, гэтэл эрх баригчид ажин түжин. Хүүхдэд мөнгө олгох нь хэрэгтэй ч хавтгайруулж олгох гэж буй нь буруу. Боломжтой айлын хүүхдүүдэд түүнийг олгох хэрэггүй. Төрийн албан хаагчдыг хоморголон халах бэлтгэл болгож, эрх баригчид холбогдох хуульд өөрчлөлт оруулах гэж буйг бид эрс эсэргүүцэж буй. УИХ-ын үйл ажиллагаа ч даргаа сонгохоос эхлээд алхам тутамдаа хууль зөрчиж байна. Хуулийн төсөл өргөн барихаас аваад түүнийг хэлэлцэж батлах хүртэлх явцад хууль зөрчих нь нэт боллоо. Хуулийн төслийг өнөөдөр гишүүдэд тараагаад маргааш нь хэлэлцдэг болов. Хүний сонгох, сонгогдох эрхийг ч зөрчихөөр зэхэж байна. Ийм үйл ажлын эсрэг бид цаашдаа бололцоотой бүхий л арга хэлбэрийг ашиглаж тэмцэх болно. Г.Занданшатар ийн мэдэгдлээ.