Холливудын “Ногоон бүс” киноны үлэмж биет хоригдол Жон Коффийн дүрээрээ алдартай жүжигчин Майкл Кларк Дункан 55 насандаа өнгөрсөн мягмар гаригийн шөнө зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Хоёр сарын өмнө найз бүсгүй Омароса Мэниголт нь түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь эмнэлэгт хүргэж өгсөн талаар бид мэдээлсэн билээ. Дункан багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд 30 гарсан хойноо кино урлагт хөл тавьсан гэдэг. Тэрбээр Холливудын нэртэй жүжигчдийн бие хамгаалагчаар ажиллаж байгаад кинонд дүрээ мөнхлөх боломжоос атгасан аж. Тэрбээр Жон Коффийн дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан юм. Энэ дүрийг түүнд өгөхөд Брюс Уилсс их нөлөөлсөн гэдэг.