Шинэчлэлийн Засгийн газар аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүр хуралдаж, яаралтай шийдэх цаг үеийн асуудлуудыг тодруулж байхаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ дэлгэцээр “уулзчихдаг” теле хурал хийж байхаар төлөвлөжээ. Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд анхны теле хурал өчигдөр болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 16 аймгийн удирдлагад үүрэг, даалгавар өглөө.
УИХ энэ өдрүүдэд Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ сургаар ажлаа хийдүүлж, засгийн машин унаад, төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг Засгийн газрын тэргүүн хатуу анхааруулаад, ийм хүмүүстэй албан тушаалын хариуцлага тооцохоо мэдэгдэв. Өвөл жилтийн бэлтгэл, ургац хураалт зэрэг сонгуулиас чухал ажлууд хүлээгдэж байгааг Н.Алтанхуяг онцлоод, эдгээрт анхаарч ажиллахыг үүрэг болгов. Төрийн болон төсөвт байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлдэг болсон. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийж байгаа. Засгийн газрын гишүүн өдөрт 12 цаг ажиллаж байна гэхчлэн Засгийн газрын эхлүүлсэн өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд дурдаад, үүнээс жишээ авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад зөвлөлөө.
Төсвийн орлогын төвлөрөлтэй холбогдон хөрөнгө оруулалтын санхүүжилт удааширсан, дулааны болон цахилгаан станцуудын асуудал энэ хурлын гол асуудал байлаа. Төсвийн хөрөнгөөр баригдаж буй атлаа 3-4 жил дамжаад ч дуусдаггүй обьектууд орон нутагт олон байгааг Засаг дарга нар жишээ татан хэлсэн. Өмнөговьд нэг барилга эхлүүлээд, Дорноговьд нэгийг дутуу орхиод, Архангайд бас нэгийг эхлүүлээд явж байдаг компанийн гэрээг таслан зогсоох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Төсвийн мөнгө авчихаад ажлаа гүйцэд хийдэггүй компаниудыг олон нийтэд зарлаж, тендерийн эрхийг нь хасах, төсвийн хөрөнгийг эргүүлэн төлүүлэх жишиг тогтоохоо амлалаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгө эздэдээ хүрэхгүй байгаа талаарх яриа Ерөнхий сайдыг бухимдуулаад авав.
Төсвөөс очдог мөнгө эздэдээ хүрэхгүйгээс болж эргэн төлөлтийн мөнгө хаана уягдаад байгааг яаралтай тодруулахыг ЗГХЭГ-ын Ч.Сайханбилэгт үүрэг болголоо. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгөөс том компаниуд зээл авчихсан байна гэсэн хэл ам тасардаггүй. Иймд шалгалт оруулж, яаралтай цэгцлэхийг холбогдох хүмүүст даалгав. Засгийн газар энэ дөрвөн жилийн хугацаанд 21 аймгийн төвийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотынх шиг шинэ маягаар төлөвлөж, аймгийн иргэдийг тав тухтай амьдрах орчноор хангах ажлыг хийх аж. Ирэх жилийн төсөвт эхний таван аймгийн зардлыг оруулах юм байна. Иймд орон нутгийн удирдлагууд нутаг орноо хэрхэн сайжруулах төсөөлөл, зургаа гаргаж байх учиртай гэдгийг Засаг дарга нарт анхаарууллаа.